Хэн байхаа хаанаас эхлэх вэ

Сайн хүний нэрийг мянга худалдана гэдэг үгийн утгыг Монголоос л харж мэднэ бас ойлгоно. Хэдэн зуун жилийн тэртээ Монгол хэмээх Их Улсыг байгуулж дэлхий нийтийг сөхрүүлж явсан Их хаан, эзэн Чингисийнхээ нэрийг монголчууд бид түм буман удаа урдаа барьж хоолоо олж идсэн дээ. Архины шилнээс эхлээд улс орнуудын өрийн жагсаалтад хүртэл “сэлгүүцэх” тэр хүмүүний нэрийн өмнөөс улсаа барьцаалж өр зээл авчихаад өнөөх хэдэн “ногоон”-оос үлдсэн юм юу гэвэл энгийн иргэд тоймтой хэлж мэдэхгүй л байх. Түүний үлдээсэн нэр хүндийг үр хойч бид нь хэр өндөрт өргөн авч явж байгаа талаар дор бүрнээ бодоод нэг үзье. 

Монгол нутгаа нэгэн гэр бүл хэмээн төсөөлвөл гэр дотроо бид монголчууд. Төв Азийн зүрхэнд орших аугаа түүхт хүчирхэг үндэстэн. Маргаангүй. Гэтэл гэрээсээ гараад бид хэн болж хувирч буй гэвэл худалч, луйварчин, эргэж буцсан олиггүй зантангууд болж орхиж. Итгэл гэдэг эрхэм зүйлийг монголчуудад хүлээлгэх гаднынхан ховордсоор байх аж. Гаднаасаа байг гэхэд “Монгол” гэр дотроосоо ч дээрхийг горьдож үл чадах. Учир юунд байгааг онцлон хайвал бусдын хэрэгт хошуу бүү дүр, лаагаа иднэ үү луувангаа иднэ үү маньд ямар хамаа байхав гэсээр нэгнээ гэж итгэх сэтгэлээ булшилж хаяжээ. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэж ярьдаг атлаа гэрийнхээ галыг асаах хүсэлгүй болтлоо нэр хүнд, үнэт зүйл, үндэсний бахархлаа ардаа үлдээчихэж. 

Дэлхий хавтгайраад дэндүү удаж байна. Гэвч бид өнгөрсөн, баларснаараа ирээдүйг төсөөлж бусад нь биднээс гуйсаар, сөгдсөөр байх мэт сэтгэсээр. Энэ нь монголчууд хавтгайрсан бөмбөрцгийн хөгжлөөс хэт хоцроод эхэлснийг харуулж буй. Тодруулан хэлбэл, бид хэн байхыг хүсэж, зорьж байна гэхээр товч бас тодорхой хариулт хайгаад олохгүй юм. Улс нийтээрээ хаана хүрэхээр тэмүүлж байгааг асуух гэхээр хэлээд өгөх хэн нэгэн алга. Дор бүрнээ хүсэж, мөрөөдөж, зорьж байгаа ч нэгдээд урагшлах болохоор хаачихаа, хэнийг “дуурайхаа” мэдэхгүй будилж явна. Ядаж монгол монголоороо байх учраа ч олохгүй байгаагаас үзвэл бид зүглэх чигээ мэдэхгүй учир явах замаа ч сонгож чадахгүй байна. Энэ талаар UFC группын ерөнхий захирал О.Амартүвшин “Бид шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байна. Нэг зүгт харж чадахгүй байна. Хэн нь урдаа байх юм, хэн нь ардаа байж хэр хугацааны дараа байраа сэлгэх үү гэдгээ цэгцэлж тодорхойлоогүй цагт нүүдэл хийж чадахгүй. Өгсөх уулаа зөв сонгоод, тэр цэгтээ хүрэхийн тулд алсын хараатай зохион байгуулалт хийх хэрэгтэй. Ингээгүй тохиодолд замаасаа буцах хэрэг гарна” гэсэн юм. 

Тэгэхээр монголчууд гэртэй хэн байх, гадаа гараад хэн болох тухайгаа нухацтай ярихгүй бол өдгөө бидэнд тохогдож буй муу нэрийн жагсаалт уртаас урт цуварсаар байх нь. 

Ойлголтын алдаа 

Үндэсний бахархал гэхээр морин хуур, их аварга Дагвадорж, Олимпийн алтан медаль хэмээн хариулах хүмүүстэй таарав. Ямар нэг зүйл эсвэл хэн нэгнээр бахархах нь буруу биш ч бидний өмнөө зүүж нэрийн хуудас болгон олон улсад тунхаглах үнэт зүйл мөн эсэх нь эргэлзээтэй. 

Үндэсний бахархал гэвэл улс нийтээрээ баримтлах үнэт зүйлтэй байх хэрэгтэй. Гэвч үнэт зүйл гэхээр үндэсний дээл, халтар манан хөөрөг гэж төөрөлддөг тухай философич, судлаач С.Молор-Эрдэнэ ярилаа. Тэрбээр “Энэ бол үнэт зүйл биш. Музейн үзмэр.Үгийн утгаа ялгаж ойлгохгүй байна. Учир нь иргэд боловсролгүй байгаа юм. Монголчууд хүн болох хэрэгтэй” гэсэн юм. Түүний хэлснээр монгол хүний үнэт зүйл хөдөлмөр байх учиртай гэнэ. Тэрбээр “Өнөөдрийг хүртэл монголчууд бусдын бүтээснээр амьдарч ирсэн. Газарт байгаа баялаг дээрээ л эргэлдээд, түүнийхээ нэг хэсгээс гаргаж ирж зарж байна. Түүнээс биш байгалийн баялгаа бодит баялаг болгоод бүтээгээд байгаа юм биш. Анхдагч хэрэгцээгээ ч өөрсдөө хангаж чадахгүй ард түмэн болчихож. Монгол хүн болж төрснийхөө гавьяаг гаргахгүй байна. Хүн болгон ямар нэг юмны үзүүрээс атгачихсан. Гэхдээ цааш үргэлжлүүлээгүй. Иймд хөдөлмөр гэдэг үнэт зүйлийг боловсролоор бий болгох хэрэгтэй” хэмээн тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, боловсролоор дамжуулан хөдөлмөр гэх үнэт зүйлтэй болсноор өнөөдрийн тулгамдаад буй буруу бүхнээс ангижирч эдийн засаг хэмээх гарцыг бий болгох ажээ. Гэтэл боловсролын салбарыг зарлага гэж хардаг тухай UFC группын ерөнхий захирал О.Амартүвшин хэлсэн. Тэрбээр нэмж хэлэхдээ “Хөдөлмөрлөж байгаагаа дэмжихгүй юм аа гэхэд дараад баймааргүй байна. Болохгүй байна гэж шүүмжлэх биш болохгүйн эсрэг юу хийж чадахаа бодох хэрэгтэй. Маш хатуу журам, дүрмээр явах хэрэгтэй. Сахилга батгүй нийгэм урагшлахгүй. Иймд үүнийг бий болгох хэрэгтэй. Ардчилал гэж юу вэ, эрх чөлөө гэж юу вэ гэдгээ зөв ойлгох хэрэгтэй. Америк гоё, Сингапур гоё гэж ярьдаг. Тэгвэл тэр гоё гээд байгаа зүйлээ Монголдоо яаж бий болгох вэ гэдгээ ойлгомоор байна. Сайны хажуугаар орж ирэх саар зүйлд хэрхэн зөв хариу үйлдэл хийх үү гэдгээ сайн мэддэг баймаар байна. Засахын төлөө өөрсдөө ажил. Хуулийг чандлан сахих хэрэгтэй” гэдгийг сануулав. MIH группын ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Манай нийгэмд зорилго байна уу гэхээр Монголын 3.0 сая иргэнийг нэгтгэж буй зорилго алга. Монгол Улсын Үндсэн хуульд тусгасан зүйл байдаг. Тэрийг зорилго мөн гэж үзвэл түүнийг дагаж мөрдөх хэрэгтэй. Гэтэл зорилгоо хэмжих хэмжүүр байхгүйгээс үүдэж тэр нь мөрөөдөл болчихоод байна” хэмээв. Философич С.Молор-Эрдэнэ “Зорилго тавьж болно. Гэхдээ тэр нь бодит байх хэрэгтэй” гэв. Мөн тэрбээр “Үндсэн хууль хууль биш. Энэ бол тунхаг бичиг. Монголчуудын зорилгоо буулгасан баримт бичиг байх ёстой. Түүнээс улбаалаад зорилгодоо хүрэх, өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиа биелүүлэх хуулиудыг бий болгох учиртай” гэлээ. 

Тэд мөрөөдөж байхад бид яагаад болохгүй гэж

Dream. Хамгийн түгээмэл утгаар нь эх хэлнээ хөрвүүлэн буулгавал зүүд гээчийг хэлнэ. Тэгвэл day dreaming буюу манайхны ярьж заншсанаар сэрүүн зүүдлэх эсвэл мөрөөдөх цаг, зав, боломж, чадавх бидэнд байхгүй хэмээн С.Молор-Эрдэнэ шүүмжлэв. Тэрбээр “Мөрөөдөл аюултай. Хүн мөрөөдөж болно. Хязгааргүй. Улсаараа мөрөөднө гэвэл их халтай” гэлээ. 

Тэгвэл яагаад америкчууд мөрөөдөөд, түүнийгээ алсын хараа болгоод, тэр ч бүү хэл сэрүүн зүүдээ бодит амьдрал болгож чадаад байна вэ. Урд хөршүүд хүртэл Хятад мөрөөдөл гэж дэлхийд тунхаглаад байгааг Молор-Эрдэнээс асуухад “Эдийн засаг нь хөдөлмөрч хүмүүс дээр тогтож байхад тэд мөрөөдөг л дээ. Мэдлэг, боловсрол, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадаж байгаа хүмүүс юу бодит гэдгийг мэдэж байгаа учраас юу мөрөөдөхөө мэдэж байгаа” гэж хариулав. Түүний хэлснээр боловсролгүй хүн яаж эрүүл амьдрахаа мэддэггүй. Тийм ч учраас монголчууд эрүүлээр “мөрөөдөхөө” мэдэхгүй байгаа аж. “Том улсууд мөрөөддөг юм байна гээд дуурайгаад байна. Хуулж ханалаа. 2008 онд улс төрчид баахан Кувейт гэж ярьсан. Тэгээд л Сингапур, Америк гээд хуйлардаг” хэмээн тэрбээр хатуухан хэлээд авсан. Тэгвэл О.Амартүвшин хэлэхдээ “Хүмүүс зорилго, мөрөөдлөө хольж хутгаад ойлгохгүй байгаа учраас хүчин зүйлсээ зөв тодорхойлж чадахгүй байна. Зорилгоо мөрөөдөл гэж хараад мөрөөдлөө зорилго гэж эндүүрээд байгаа юм. Мөрөөдөл хүн бүрт байх ёстой. Хувь хүнийг нэгтгэж буй гэр бүлд байх ёстой. Албан байгууллагад байх ёстой. Ингээд нэгдэж явсаар улсын хэмжээнд, үндэстний хэмжээнд байх ёстой асуудал. Тэрхүү мөрөөдөл аугаа том байж, тэрний дараагийн зорилго тодорхойлогдоно. Ингэхдээ зөв тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл, би 35 настай. Тэгчихээд 100 жилийн дараа би гээд яриад байж болохгүй. Бодит байх хэрэгтэй. Дээр нь мэдлэг, боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн боломж гээд мөрөөдлийг бодит болгож татаж ирдэг хүчин зүйлүүд байна. Иймд 10,20,30 жилийн дараа бид хаана байх ёстойгоо алсын хараагаар тодорхойлох хэрэгтэй” хэмээн онцолсон. 

Хөгжсөн орнуудын мөрөөдлийн “жишгээс” харахад тэд үүнийгээ томьёолсон байдаг. Эрх чөлөө, нээлттэй боломж, эрх тэгш байдлын эх орон Америк гэдэг ухагдахуун Америк мөрөөдлийн тулгуур санаа, зорилго. Хятад мөрөөдлийн идеологи нь дундаж давхаргаа хүчирхэгжүүлэх, ингэснээр эв нэгдлийг бий болгож, бүх талаараа хүчирхэг Хятад орныг дэлхийд зарлах аж. Нэг тэрбум гаруй хүнийг хүчирхэг Хятад бий болно гэсэн мөрөөдөлд нэгтгэн, түүнд хүрэх маш тодорхой зорилтуудыг биелүүлэх “даалгаварыг” урд хөршийн төр засаг иргэддээ өгчээ. Түүнчлэн гэрийн даалгавраа хийхэд улс нь хамаг чадлаараа туслана гэж амалж буй. Амлаад зогсохгүй биелүүлээд эхэлжээ. Тэгвэл бидэнд нэг зүгт харах чигийг зааж өгч байгаа тэгээд харахаас цааш юу хийх тухай  хэн зөвлөж байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат “Монгол Улс Азийн бар болно” гэсэн маш тодорхой зорилго дэвшүүлж байжээ. Түүн рүү тэмүүлнэ гэж ч хэлж байсан.  Гэтэл өнөөдөр яг ийм төрлийн оноогоод хэлсэн зүйл байхгүй байгааг дээр дурьдсан нийгмийн төлөөллүүд хэлсэн. Тухайлбал, О.Амартүвшин “Бодлогын ямар нэг бичиг баримт гардаг. Өнөөдрийг хүртэл гаргасан зорилт гэж болохуйц зүйлс амьдралгүй байгаа нь бизнесийнхэн, иргэд эсвэл нийгмийн аль нэг бүрэлдэхүүн хэсгийг хамарч чадаагүй учраас газар авахгүй хэсэгхэн хугацааны дараа алга болчихоод байгаа юм. Гарч буй зорилтууд сонгуулийн циклээр тодорхойлогдож байна” гэлээ. Өөрсдийгөө хэн болох, хаана явж буйг дэлхийн бусад оронтой жиших шаардлага тулгараад байна. Түүнчлэн хэн байх хүсэлтэй байгаа мөн түүнийгээ хэрхэн гүйцэлдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа ярилцаж нэгдсэн зөвшилцөлд хүрснээр зорилгоо биелүүлэх алсыг харсан хэмжүүрүүдээ зөв гаргаж ирэх цаг тохиогоод буй. Энэ хүрээнд ухаанаа уралдуулах ёстой байтал бүх түвшинд итгэлцэл байхгүй болсныг Амартүвшин, Молор-Эрдэнэ нар ярьсан. Энэ талаар О.Амартүвшин захирал дэлгэрүүлэхдээ “Гурван сая иргэн гурван сая чиг рүү харчихаад байна. Тэгэхээр монголчуудыг мөрөөдлөөр нь залах ёстой юм уу бахархлаар нь удирдах ёстой юм уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Мөрөөдөл байлаа гэхэд зорилгоор зоригжуулж тэмүүллээр хөглөх хэрэгтэй байна” гэсэн юм. 

 
Багана нь бат, тооно нь суурьтай байхад

“Стратегигүй тактик ялагдлын өмнөх бужигнаан” гэдэг үг манайхны хувьд бодит байдал. Монголын эдийн засгийн форумын ажлын хэсгийн гишүүн Ц.Эрдэнэбатын хэлж буйгаар урт хугацааны алсын харааг богино хугацааны зорилтод даатгаж болохгүй аж. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Хааш тэмүүлж алхах тухайгаа хэлэлцэж байгаа нь сайн хэрэг. Гэвч эцсийн дүнд бариад авах үр дүн гарахгүй байгаад хамаг учир нуугдаж байна. Хэлэлцэнэ гэхээр маргалдаж, талцах биш, харилцан итгэлцэж, ойлголцох гэж нэгдэж оролцох хэрэгтэй байгаа аж. 
 
Монголчууд бид тус бүртээ гэрээ ачаад нүүгээд явчихдаг заншлаасаа багахан хагацаж нэг нь нийтийнхээ төлөө нийт нь нэгнийхээ төлөө байж “Монгол” хэмээх гэрийнхээ багана, тооноо зүй ёсоор нь босгох хэрэгтэй бас шаардлагатай болжээ. Багана нь бат, тооно нь суурьтай байхад алсдаа хэрхэхээ цэгцлээд явахад амаргүй зүйл бага.  




"Mongolian economy" сэтгүүл, 2015 оны дөрөвдүгээр сар №07, 08 (086, 087) дугаараас