“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалт болно

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх зэрэг зорилго тавьж чуулга уулзалтыг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулах аж.
 
Нэгдсэн хуралдаанаас “Улаанбаатар хотын Түншлэлийн Тунхаглал”-ыг гаргаж, хувийн хэвшилтэй хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ. 
 
Э.Бат-Үүл /Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга/
 
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагчид, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах шаардлага байнга тулгарч байсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн төлөөллийг зохион байгуулалттай болгох боломжтой боллоо. Мөн Улаанбаатар хотын худалдааны танхим анхдугаар чуулганаа дөрөвдүгээр сарын 15-нд хийх санаачлага гаргаж энэ үеэр Улаанбаатар хотын 2015 оны бүтээн байгуулалттай холбоотой үзэсгэлэн гаргах бололцоог бидэнд олгосон юм. Зөвхөн энэ оноор зогсохгүй Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төслүүдийг танилцуулах боломж олдож байна.
 
Ж.Од /Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч/
 
Яагаад энэ танхимыг байгуулах болсон бэ гэдгийг товчхон хэлье гэж бодож байна. Иргэний нийгмийн дуу хоолой гэдгийг Улс төрчид, олон нийтийн байгууллагын ажил гэж ойлгодог. Гэтэл өдөр тутам бизнесийн үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгож, татвараа төлж, нийгмийн баялагийг бүтээж байгаа бизнесийн байгууллагуудын дуу хоолой олон нийтэд хүрэхгүй байна. Энэ тухай Монголын эдийн засгийн чуулган дээр нийтлэлч Б.Батбаяр хөндөж байсан. Бидний зорилго нэгдүгээрт Улаанбаатар хотыг хүн амьдарч, хөрөнгө оруулахад таатай хот болгох ямар нөхцөл бололцоо байна гэдгийг төрийнхөнтэйгөө хамтарч тодорхойлох. Хоёрдугаарт  хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах. Энэ гол зорилгын дагуу арга хэмжээ зохион байгуулах санаачлагыг бид нааштай хүлээж авсан юм.
 
О.Амартүвшин /Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал/
 
Энэ чуулганаар яригдах гол асуудал нь Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд хийгдэх төсөл хөтөлбөрүүд, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар танилцуулах болно. Үүний хүрээнд төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах боломжтой юм, аль нь илүү зөв хөрөнгө оруулалт байж болох вэ гэдэг асуудлаар санал солилцох болно. Мөн бизнесийн байгууллагуудын Улаанбаатар хотын хөгжилд оролцоо ямар байх юм, төрд яаж дэмжлэг үзүүлэх юм цаашлаад хотын ирээдүйг бид өөрсдөө яаж харж байгаа вэ гэдгийг хэлэлцэх болно. Үүнээс гадна Улаанбаатарт олон улсын арбитрыг хөгжүүлэх, олон улсын санхүүгийн төв болох тухай, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, “Улаанбаатарт үйлдвэрлэв”, “Найрсаг Улаанбаатар” гэсэн сэдвүүдийг хөндөж ярилцна.
 
С.Очирбат /Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт асуудал хариуцсан Орлогч дарга/
 
Чуулган “Хөгжлийн төлөө түншлэл” гэдэг уриан дор болно. Бид 2013 онд анхны оролдлогыг хийж долоон тэрбум төгрөгийн түншлэлийг хот, хувийн хэвшил хамтран хийсэн. Үүнийг цаашдаа жил болгон хийхээр чуулганыг зохион байгуулж байна. Энэ жил Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 200 гаруй тэрбум төгрөг байгаа. АХБ-наас санхүүжүүлэх 320 сая ам.долларын хөрөнгө оруулалтын 100 гаруй сая ам.долларын ажил энэ жил эхлэнэ. Ийм томоохон бүтээн байгуулалт хийхэд  хувийн хэвшил, ААН-үүдтэйгээ үйл ажиллагаагаа ярилцах хамгийн чухал байгаа. Өнөөдөр манай ААН-үүд даргаас ажил авдаг хуучин тогтолцооноосоо салаагүй байсаар. Тэгвэл энэ чуулганаас хойш үүнийгээ болино. Улаанбаатар хотын худалдааны танхимаараа дамжиж бид ААН-үүдтэйгээ харилцана. Өөр нэг юмыг нэмж хэлэхэд концессын жагсаалтыг бид баталдаг. Хэрэгжихгүй явсаар өнөөг хүрсэн. Тэгвэл танхимтайгаа хамтраад ямар төслийг концессоор хэрэгжүүлж болохыг ярилцаж, шинэчлэн батлахаар болоод байна. 
 
 

Ц.Элбэгсайхан