Хэлэлцээрийн ширээ гэдэг өөрсдийн хийсэн бантангаа ярьдаг газар биш

Ц.Элбэгсайхан
 
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia” олон улсын чуулга уулзалт болж байна. Эхний өдрийн чуулганы оргил хэсэг нь ирсэн зочдоос оролцогчид асуулт асууж хариулт авсан “Сэдвийн хэлэлцүүлэг” байлаа. Ингээд оролцогчдын асуулт, зочдын хариултыг хүргэж байна.
 
М.Энхсайхан /Монгол Улсын сайд/
 
-Супер цикл дуусчээ. Тавантолгойг ашиглах хэрэг байна уу?
 
-Бид хэрвээ “баавгай” байсан бол ашиглахгүй байж болно. Баавгай өвөл ичээндээ унтчихаад зун сэрдэг. Бид ингэе гэвэл 100 жил унтах хэрэгтэй. Яагаад гэвэл бусад орны нүүрсний нөөц шавхагдаад, нүүрс үнэд орох хүртэл шүү дээ. Тэгэхээр, нэгэнт бодит байдалд энэ боломжгүй учраас бид өрсөлдөөнд орж байж л зах зээлийг эзлэх шаардлагатай.
 
Урьдач ТЭЗҮ гарсан байгаа. 2.5 жилийн дотор 30 сая тонноос доошгүй хүчин чадалтай баяжуулах үйлдвэр баригдах юм. Төмөр замыг мөн 2.5 жилд амжуулах шахалт хийж байгаа. Бид гэрээ хийхдээ концессын гэрээг 2.5 жилийн дараанаас тоолж эхлэхээр болсон. Мэдээж төмөр замаа удааж, ашиглах хугацаагаа бага байлгахыг консерциум сонирхохгүй учраас энэ хугацаанд бүгдийг амжуулах нь тэдэнд ч ашигтай.
 
Чалкогийн өрийг бол маш том асуудал болж байж Засгийн газрын түвшинд ярьж эцэслэж шийдээд, Консерциум бүрэн хариуцахаар болж байгаа. Нэлээд их ажил болж байж энэ шийдэлд хүрсэн. Рояалти татвар /АМНАТ/ зуун хувь төлөгдөнө. Манайхан нэг зүйлийг эндүүрээд байна. Орд 100 хувь төрийн өмч учир, шинээр нэмж лиценз ашигласны төлбөр төл гэдэг шаардлага тавьсан. Ингэхдээ рояалтын 40 хувиас дээш байхаар тохирсон.
 
-Энэтхэг рүү төмөр замын транзит тээврээр хүргэж болох уу?
 
-Ер нь гурав дахь ч зах зээл гэдэгт Япон, Солонгос, Тайвань, Энэтхэг гээд тусгайлан орон нэрлэсэн байгаа. Үүнд Сүмитомо том үүрэгтэй. Хятадын далайн боомт хүртэл төмөр замаар, түүнээс цааш далайгаар тээвэрлэх нь хямд зардалтай болов уу.
 
-1072 ширхэг хувьцааг хэрхэн шийдсэн бэ?
 
-Энэ асуудал бол цэвэр УИХ, төр засгийн шийдвэртэй холбоотой. Хамгийн гол нь төсөл зөв ажиллаж, үр өгөөжөө өгвөл 1072 ширхэг хувьцааг яаж ашиглах, зарцуулах вэ гэдэг нь Монголын дотоодын асуудал. Түүнээс биш үүнийг яах вэ гээд хэлэлцээрийн ширээний ард өөрсдийнхөө хийсэн бантанг ярих ёсгүй.
 
-БНХАУ, Монгол Улсын хооронд хийгдсэн транзит тээврийн гэрээ консерциумд үйлчлэх үү?
 
-Монгол Хятадын хооронд хийгдсэн транзит тээврийн гэрээнүүд байгаа. Энэ гэрээнүүд консерциумд үйлчилнэ. Энэ нь Монгол Улсын болон консерциумын эрх ашигт нийцэж байгаа.
 
Р.Жигжид /Уул уурхайн сайд/
 
-Уул уурхайн салбарт бодлогын хэрэгжилт ямар түвшинд байна вэ. Ялангуяа нүүрсний салбарт?
 
-Бодлогын хэрэгжилт хэвийн түвшинд байгаа. Эрх зүйн орчноо ойлгомжтой, боловсронгуй болгох тал дээр нэлээд ажил хийгдсэн. Ажил хэрэг болгох тал дээр анхаарах хэрэгтэй байна. Өнгөрсөн жилүүдэд салбарын хөгжлийг болон төсөвт төвлөрүүлэх орлогыг их өөдрөг төсөөлж байсан. Энэ онд харин нэлээд даруухан төлөвлөсөн. Тухайлбал нийт орлогыг өмнөх оны гүйцэтгэлээс 14 хувиар бууруулж 21.1 сая ам.доллар, экспортыг 23 хувь бууруулж 15 сая тонн, Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 134 тэрбум төгрөг, коксжих нүүрсний үнийг 82.5 ам.доллараар тооцоод байна.
 
Өрсөлдөх чадварыг сайжруулахад нэгдүгээрт тээвэр ложистикийг сайжруулах, хоёрдугаарт борлуулалтын түвшинг нэмэгдүүлэх, өртөг шингээх ажлыг хийх шаардлагатай. Энэ талаар яам шат дараатай алхмууд хэрэгжүүлэх болно.
 
-Тавантолгойгоос гадна бусад үйлдвэрүүдийн нүүрсийг баяжуулах тал дээр яаж ажиллах вэ?
 
-Үүнд чөлөөт өрсөлдөөн чухал. Бид чөлөөт өрсөлдөөнийг бодлогоор дэмжинэ. Тэгэхдээ үйлдвэрлэлийн түвшинг дээшлүүлж байгааг нь хөгжөөн дэмжих, доошилж байгаад нь татварын ялгавартай бодлого явуулна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэмжинэ. Үүнд усны асуудал тулгардаг. Болж өгвөл ус бага хэрэглэх, ус хэрэглэхгүй технологийг талархаж дэмжих болно. Нүүрсний ангилал стандарт тодорхой болсон байгаа учраас стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь олон улсад мөрдөгдөж байгаа бүтээгдэхүүн гарч экспортлоход амар болох юм.
 
-Уул уурхайн салбар мөчлөгтэй байдаг. Одоо учраад байгаа бэрхшээлтэй ахин тулгарахгүй тулд юу хийх ёстой вэ?
 
-Үүний тулд бид хуримтлал бий болгох ёстой. Сайн үедээ хуримтлуулж, тааруу үед түүнийгээ ашигладаг том тогтолцоо бий болгох хэрэгтэй. Ингэхийн тулд хувийн хэвшил, аж ахуйн нэгжтэйгээ хамтран ажиллах болно.
 
Г.Батцэнгэл /Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал/
 
-Хятадаар дамжин өнгөрөх өртөг зардал ямар байдаг вэ. Зуучлагчийн хөлс, төлбөрт ямар өртөг гарч байна?
 
-2014 оны санхүүгийн тоог харвал манай компани олборлосноос Тяньжин боомт хүртэл шат дамжлагын зардал 127 ам.доллар орчим болж байгаа. Үүний 80 ам.доллар нь тээвэр ложистикийн зардал. Тиймээс хамгийн өндөр зардал дээр л хамгийн үр дүнтэй таналт хийх боломжтой. Үүнтэй холбоотойгоор авч болох арга хэмжээ гэвэл Монголын талын төмөр замыг шийдвэл ойролцоогоор 15-20 ам.доллар хэмнэх боломж байгаа. Дээр нь наймдугаар сард БНХАУ-ын дарга ирэхдээ Монголын таваар Хятад улсын газар нутаг дээгүүр тээвэрлэхэд тус улсад мөрддөг тарифыг 40 хувь хөнгөлөх гэрээнд гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа. Энэ хэрэгжвэл зардал ахиад 20 орчим ам.доллараар буурах боломжтой. Энэ боломжийг ашиглах эсэхийг харин улс төрчид л шийдэх байх.
 
-Баяжуулалтад ямар технологи ашигладаг вэ?
 
-Ерөнхийдөө усны зарцуулалтын хувьд хамгийн хэмнэлттэй технологийг ашиглаж байгаа. Нийт усныхаа 95 хувийг ахин ашиглаж байна. Мөн өнгөрсөн онд нэмж 20 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар эргэн ашиглах коэффицент 98 хувь болсон. Хуурай аргаар баяжуулах технологи байдаг. Түүнийг судалж байна. Гэхдээ энэ бол үйлдвэрлэл явуулах бүсэд усны гарц байгаа юу гэдэгтэй холбогдох байх. Яагаад гэхээр хуурай аргын баяжуулалтад бүтээгдэхүүний гарц 10 хувь буурдаг. Ингэхлээр үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж байна. Сайн тал нь бол мэдээж усаа хэмнэж байна. Байгаль орчин, эдийн засгийн үр өгөөжийг нь харьцуулж байж технологийн сонголтоо хийх хэрэгтэй байх. Ингэх боломж нь бүрэн нээлттэй.  Эрчим хүчний болон коксжих нүүрсийг нойтон аргаар баяжуулахаас өөр аргагүй байдаг зарим нэг шалтгаан бий.
 
-Монгол компаниуд нүүрсний салбарт ашигтай ажиллах боломж байна уу?
 
-Мэдээж компаниуд өөрсдөө чармайлт гаргах хэрэгтэй, эрсдэлээ үүрэх ёстой. Гэхдээ тээвэр, ложистикийн асуудлыг бие даан шийдвэрлэх боломж байхгүй. Тэгэхээр төр зохицуулалтынхаа ажлыг хийгээд Монголын компаниуд ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд тээвэр, ложистикийн гэрээ хэлэлцээрүүдээ хийж үр дүнд компаниуд ашигтай ажилласнаар дараагийн татвар, хураамжаа авах, ажлын байр нэмэгдэх боломж нээгдэнэ гэж ойлгож байгаа. Ер нь уул уурхайн төсөл гэдэг зөвхөн нэг компани ажлуулдаг зүйл биш. Ухаа худгийн төсөл дээр сүүлийн таван жилд 2700 дотоодын аж ахуйн нэгж оролцож, 2,5 их наяд төгрөгийн дотоодын худалдан авалт хийгдсэн байдаг.
 
Х.Энхбаатар /ЗТЯ-ны харъяа МУ-ын далайн захиргааны дарга/
 
-Яг одоо Монголын нүүрсийг гаргах боломжтой боомтууд хаана байна вэ?
 
-ОХУ-ын алс дорнодын төмөр замаар Владивосток, Ражим боомтоор гаргах боломж байгаа. Ойрын 2-3 жилдээ багтааж Шарын голын уурхайтай тохиролцохоор бэлтгэж байна.
 
-Хятадын боомтуудаар нүүрс гаргах боломж байгаа юу?
 
-БНХАУ-ын хойд болон зүүн хойд бүсэд байгаа боомтуудаар яг өнөөдөр ч гаргах боломжтой. Г.Батцэнгэл захирлын ярьсан хөнгөлөлтийг Засгийн газар ажил хэрэг болгосон. Үүнийг компаниуд хэрэглэх л үлдээд байгаа. Нэг онцлог нь БНХАУ-ын стандартад нийцсэн бүтээгдэхүүнд энэ гэрээ үйлчилнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
Өнөөдрийн эхний хэлэлцүүлгийн сэдэв “Эрчим хүч ба хийн зах зээл – Монголд боломж бий юу?” бөгөөд Эрчим хүчний сайд Д.Зоригт "Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд: экспортын боломж ба сорилт" илтгэл тавих юм. Тэрбээр илтгэлдээ Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2020 оны түвшинд хангахад  нэмэгдэх шинэ  эх үүсвэрүүд, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалт, эрчим хүч экспортлох төсөл зэрэг мэдээллийг багтаажээ.
 
Мөн өнөөдөр “Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, өртөг хэмнэх боломж – Техник технологийн дэвшил”, “Засгийн газрын цаг - Асуудлаас шийдэл уруу” сэдвийн хүрээнд хэлэлцэнэ.