Эрдэнэт үйлдвэрт дахиад 30 жилийн нас байна

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Монгол Улсад оруулсан хувь нэмрийг бусад ашиглагдаж буй ордуудтай харьцуулах аргагүй. Дотоодод зарцуулсан мөнгөн дүнгээс үзэхэд 2013 онд улсын болон орон нутгийн төсөвт 464 тэрбум төгрөг, 2014 онд 462 тэрбум төгрөг төлжээ. Үүний 378.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт, 42.8 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт, 31.7 тэрбумыг нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн байна. Анх ашиглаж эхэлснээс хойш Эрдэнэт үйлдвэр газрын хөрснөөс 300 метрийн гүн хүртэл ашигласан байгаа аж. Хүдрийн ил уурхайн үйлдвэр техникийн товчооны дарга П.Түвшинжаргал “Одоо дахиад 300 метр доош ашиглах хүдрийн нөөц байгаа” гэдгийг хэлсэн. Тодруулбал, бидэнд одоо дахиад 30 жил ашиглах нөөц бий гэв.
 
Одоогын байдлаар Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр баруун хойд болон төвийн ордуудыг ашиглаж байгаа. Үүнээс гадна ойролцоо жижиг ордууд байдаг бөгөөд судалгааны түвшинд явааг мэргэжилтнүүд хэлж байна. Төвийн ордын нөөцөд  ямар агууламжтай хүдэр байгааг тогтоох мөн эдийн засгийн үр өгөөжийг нь тодорхойлох судалгаанд ОХУ-ын “Гипроцемент институте”-тай хамтран ажилласан байна. Ингэснээр хөрс хуулалтаа эхлээд байгаа бөгөөд ашиглахад бэлэн болсныг Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөл хэлсэн. Мөн баруун хойд ордын судалгааны ажил дууссан аж. Тодруулбал, хамгийн том орд нь далайн түвшнөөс дээш 905 метр хүртэл ашиглах боломжтой  гэнэ. Энэ нь Эрдэнэт үйлдвэрт илүү олон жил ашиглах нөөц бийг харуулж байна. Харин бусад ойролцоох ордуудыг ашиглах тохиолдолд хайгуулыг нь хийгээд ашиглах гэхээсээ илүү ашигласан тохиолдолд ямар боломж байгаа талаар сайтар судлах шаардлагатайг тус үйлдвэрийн мэргэжилтнүүд хэлсэн.
 
Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 200 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь төлөвлөсөн бүтээмжээ 18 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт юм. Тэд хоёр дахь жилдээ үйл ажиллагааныхаа тайланг олон нийтэд нээлттэй танилцуулсан нь энэ юм. Ойрын жилүүдэд дэлхийн зах зээлд зэсийн үнэ өмнөх онтой харьцуулахад 467 ам.доллараар доогуур байсан ч үйлдвэрлэлийн нийт орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 113.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн амжилттай ажилласнаа тэд тайландаа онцолж байна.
 
Эдийн засгийн ямар ч нөхцөлд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж улсын төсвийн 40 орчим хувийг бүрдүүлж ирсэн үйлдвэрлэгч бол Эрдэнэт юм.
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал