Хилийн чанад дахь монголчууд гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ

Энэ оны байдлаар манай улсын 97 мянган иргэн хилийн чанадад ажиллаж, амьдарч бас сурч байна. Гэвч сүүлийн жилүүдэд тэдгээр иргэд гэмт хэрэгт өртөх болон үйлдэх нь нэмэгдэж байгаа аж. Тэр дундаа монголчууд хулгай хийх нь ичмээр байдалд хүргэж байгааг Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Н.Батаа ярилаа. Зөвхөн БНХАУ-д 171 иргэн хулгайн хэргээр шалгагдаж байгаа аж. Энэ нь улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй хэрэг бөгөөд консулын газрын зүгээс сэтгэл эмзэглэж буйгаа тэрбээр онцоллоо. Тэрбээр өнөөдөр гадаадад амьдарч байгаа монголчуудын асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. 

Өнгөрсөн онд нийт 297 иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон байна. Хэрэгт холбогдсон иргэдээс 19 оронд 165 иргэн ял эдэлж, 122 нь суллагдан эх орондоо ирсэн байна. Гэмт хэргийн дийлэнхийг хулгайн хэрэг эзэлж байгаа бөгөөд зөвхөн урд хөршид гэхэд 171 иргэн хулгайгаар шалгагдаж байгаа аж. Өнгөрсөн онд нийт 86 иргэн хилийн чанадад нас барсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 33 иргэн нас барчээ. Эдгээр иргэдийн дийлэнх нь өвчний улмаас нар барсан байна. Тухайлбал, энэ он гарснаас хойш нас барсан иргэдийн 16 нь өвчнөөр, золгүй тохиолдоор зургаан иргэн, ослоор найман иргэн нас барсан бол бусдын гарт гурван хүн амиа алдсан хэмээн Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Н.Батаа хэлэв. Харин өнгөрсөн онд долоон хүн амиа хорложээ. 
 
Гадаадад амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага нь тухайн улсад Монголыг төлөөлөн суугаа консулын газар. 2013 оны УИХ-ын тогтоолоор Туркийн Истанбул, Киргиз улсын Бишкек зэрэг 45 газарт консулын газар байгуулагдан ажиллаж байгаа аж. Эдгээрт нийт 60 орчим хүн ажиллаж, гадаадад байгаа иргэдтэй харилцаж буй. Яамны болон Консулын газрын зүгээс гаднын улсад нас барсан иргэдийн ар гэрийнхэнд тухайн улсын виз авахад туслах, шарил чандрыг эх оронд нь ирүүлэх арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр тусалсан байна. Мөн хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас тусламж олгох зэрэг арга хэмжээ авчээ. 
 
Хараа хяналтгүй 16 хүүхдийг эх орондоо авч ирсэн байна. Эдгээр хүүхдийн зармынх нь эцэг нь архинд орж, хүүхдээ Хятадад айлд үлдээгээд явсан тохиолдол байна. Архины хордлогод ороод ээж нь нас барсан хүүхэд ч бий. Энэ мэт хараа хяналтгүй, танил талгүй болсон гадаадад байгаа иргэдэд консулын газрын зүгээс хэрхэн туслаж, дэмждэг талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын даргаас тодруулахад “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан гэж бий. Үүгээр ял эдлээд гарсан болон хараа хяналтгүй, Монголд хамаатан садан нь байхгүй, өрхийн амьдрал нь нэн ядуу зэрэг иргэдэд тусламж үзүүлдэг. Өнгөрсөн онд 79 иргэний өргөдөл хүлээн авч 65 иргэнийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийт 209 сая төгрөгийн тусламжийг төрөөс олгосон. Энэ жилийн хувьд одоогийн байдлаар 30-аад иргэний асуудлыг шийдвэрлэхэд 70 сая төгрөг зарцуулахаар байна. Гэхдээ энэ туслах сангийн хүрээнд ямар иргэнд, хэрхэн тусламж үзүүлэх талаар журам гэж байгаа бөгөөд уг журмын дагуу ажилладаг” гэв. 
 
Хар тамхины хэргээр манай улсын 36 иргэн ял эдэлж байгаа бөгөөд эдгээрийн 25 нь БНХАУ-д хоригдож байгаа гэлээ. 
 
Гаднын улсад хар тамхины хэргээр ял эдэлж буй Монгол Улсын иргэний тоо:
 
 
Энэ онд хар тамхины хэргээр хоригдож байгаа дээрх иргэдийн хоёрыг нь Монголд авч ирэхээр салбарын яам, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Мөн бусад улсад энэ хэргээр ял эдэлж байгаа таван хүнийг шилжүүлэн үлдсэн ялыг нь эх орондоо эдлүүлэхээр хуулийн байгууллагуудтай ярилцаж байгаа гэлээ. Өнгөрсөн онд Чех улсад ял эдэлж байсан нэг, БНСУ-д ял эдэлж байсан хоёр мөн Казакстанаас хоёр иргэнийг эх орондоо шилжүүлэн ял эдлүүлж байгаа аж. 
 
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гадаадын 13 оронд Монгол Улсын 103 иргэн ял эдэлж байна. Энэ оны нэгдүгээр сард БНХАУ-ын Зэ Жиан мужийн Ханжоу хотын Эмэгтэйчүүдийн хорих газар хар тамхины хэргээр хоригдож байсан манай улсын иргэнийг хоёр улсын хооронд байгуулсан ялтан солилцох гэрээний дагуу шилжүүлэн авч ирсэн. Харин энэ онд тус хэлэлцээрийн хүрээнд Хятадад ял эдэлж буй гурван иргэн, БНСУ-д ял эдэлж байгаа хоёр иргэнийг ялтан шилжүүлэх хэлэлцээрийн дагуу Монголд шилжүүлэн авчрахаар ажиллаж байгаа аж. 
 
Харин манай улсад суугаа гадаадын 53 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Энэ нь өнгөрсөн оны дүн бөгөөд мөн 102 иргэн гэмт халдлагад өртсөн байна. Эдгээр иргэдийн асуудлыг цаг тухайд нь Элчин сайдын яаманд хандан, холбогдох байгууллагуудтай хамтарч шийдвэрлэжээ. 
 
 
 
 
Г.Орхон