Дэлгүүр хэсэхэд хамгийн хямд ба үнэтэй газрууд

Дэлхийн ямар газар оронд хамгийн хямд үнээр үсээ засуулж, амралтын өдрөө өнгөрүүлж болох бол?
 
“Deutsche Bank” жил бүр улс орнуудад худалдан авах чадварын судалгааг хийж, олонд ил болгодог. Энэ жилийн судалгаагаар Япон улс болон Европт дэлгүүр хэсэх өнгөрсөн жилээс харьцангуй хямд болсон нь харагджээ. Үүний зэрэгцээ Энэтхэг улс бараа бүтээгдэхүүн худалдаж авахад хамгийн хямдхан улс хэвээр байгаа аж.
 
Харин Австрали улсын хувьд дэлгүүр хэсэхэд хамгийн үнэтэй байгаа бол Америк улс хөгжингүй орнуудын хүрээнд хамгийн хямд үнийг санал болгож буй орон байна. 
 
Тус судалгааг хийхдээ худалдан авалт өндөртэй тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээ тухайлбал, “Iphone”, “Levi’s”-ийн жийнсэн өмд, таксигаар зорчих хөлс, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалыг сонгон авч улс орнууд дахь үнийн зөрүүг тооцон гаргасан байна. 
 
 
"Iphone" гар утас худалдаж авахад хамгийн үнэтэй газрууд 
Германы банкны судалгаагаар ам.долларын бусад валюттай харьцах ханш чанга байгаа ч АНУ “Iphone” гар утас худалдаж авахад хамгийн хямд үнийг санал болгож буй улс байгаа юм. Гэтэл тус бүтээгдэхүүн Бразильд 1254 ам.доллар буюу хоёр дахин үнэтэй байгаа юм. “Levi’s” шинэ загварын жийнсэн өмд АНУ-ын Нью Йорк хотод 54 ам.доллар байгаа бол Энэтхэгийн Мумбайд 34 ам.доллар, Канадын Торонтод 42.70 ам.доллараар худалдаалагдаж байна. Харин Сингапурт энэхүү бүтээгдэхүүн 103.30 ам.доллар байгаа юм. 
 
“Adidas Super Star 2” хэмээх пүүзээр жишээлбэл, тус бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар авч болох улсуудад Бразиль 49.50 ам.доллар, Япон 62.50 ам.доллар, Өмнөд Африк 68.90 ам.доллар, Мексик 72.10 ам.долларын үнэтэйгээр тодорч байна. Хачирхалтай нь “Adidas” брэндийн төв оффис нь Германы Херцогенарух хотод байрладаг ч Герман улсаас дээрх бүтээгдэхүүнийг худалдан авахад хамгийн үнэтэй буюу 130 ам.доллар байна.
 
Харин дэлхийн хамгийн хямд бүтээгдэхүүн үйлчилгээтэй улс гэгдэх Энэтхэгийг зорьвол, та ердөө 2.40 ам.доллараар Делид, 3.70 ам.доллараар Мумбайд үсээ засуулж болох нь.  Үүнийг өндөр хөгжилтэй Швейцарь улстай харьцуулбал, үс засуулах үйлчилгээ тус улсын Цюрих хотод 49.80 ам.доллар байна.
 
Сингапур улсын хувьд мөн л шинэчилсэн судалгаагаар хамгийн үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээтэй газруудын нэг хэвээр үлдэж байна. “Volkswagen Golf” машиныг 112.818 ам.доллараар буюу хамгийн өндөр үнээр Сингапураас авч болох бол Мумбайгаас 11.345 ам.доллар, Москвагаас 14.092 ам.доллараар авч болж буй нь асар том зөрүү юм. 
 
Чөлөөт цагаа өнгөрүүлэх түгээмэл соёлуудын нэг кино үзэх мөн л улс орнуудад ялгаатай үнэтэй. Мумбайд 3.80 ам.доллар, Куала Лампурт 4.50 ам.доллараар кино үзэж болж байхад, Цюрих хотод 19.70 ам.доллар байна.  
 
Мөн судалгаагаар залуусын хамгийн их эзэмшдэг мэргэжлүүдийн тоонд ордог Бизнес удирдлагын магистраар суралцахаар бол Герман хамгийн зөв сонголт байж болохоор байна. Учир нь тус зэргийг авахад төлөх сургалтын төлбөр нь Америкт төлдөгийн гуравны нэгтэй тэнцэхээр хямд байна. Гэхдээ төгсөгчдөдөө санал болгодог цалин нь АНУ-ын өгдөг түвшингийн 80-85 хувьд хүрч байгаа юм.
 
Харин амралтын өдрүүдээр хямдхан аялж зугаалья гэвэл үнийн өрсөлдөх чадвараар Мумбайг гүйцэх газар байхгүй. Тус хотод амарч аялах хоёр өдрийн зардал 507.7 ам.доллар, Токиод 750.5 ам.доллар, Торонтод 755.2 ам.доллар байгаа нь аялагчдын сонирхлыг ихэд татаж буй. Харин энэ тал дээр Сидней 2164 ам.доллар, Парис 1530 ам.доллар, Лондон 1748 ам.доллараар үнэрхэж буй нь зочид буудлынх нь өрөөний өртөг харьцангуй өндөртэй нь холбоотой аж. 
 
 
 Болзоо тогтооход хамгийн үнэтэй газрууд
Ер нь Энэтхэгийн хотууд бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний хувьд хамгийн хямд өртөгтэй байх хандлагатай байна. “Deutsche Bank” болзоонд явах өртгийн судалгааг гаргахдаа “Такси, Макдоналдсын бургер, хийжүүлсэн ундаа, хоёр ширхэг киноны тасалбар, шар айраг” зэргийг хэрэглэнэ хэмээн тооцож үзсэн байна. Ингээд болзооны “ханхүүгээр” Мумбай хот 24.7 ам.доллараар орсон бол Мексик 35 ам.доллараар “гүнжээр” тодорлоо. Харин гутгаарт Рио Де Жанеро 48.5 ам.доллароор орсон байна. Хэдийгээр иен мөнгөн дэвсгэртийн ханш суларч буй ч 103.5 ам.доллараар Токио болзоонд явахад үнэтэй газруудын нэгт оржээ.  Үнэтэй газруудын жагсаалтын сүүлийг Шинэ Зеландын Веллингтон 99.6 ам.доллар, Сан Франциско 103.5 ам.доллараар мушгисан байна. 
 
“Deutsche Bank” энэхүү судалгааг дөрвөн жилийн өмнө эхлүүлж байхад Бразиль улс хөгжиж буй орнууд дундаа хамгийн өндөр өртөгтөй нь байсан бөгөөд АНУ-аас зарим үзүүлэлтийн хувьд илүү байдаг байв.  Харин тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш буурсан нь Бразилийг хөгжлийн түвшинд нь буюу бодит үнэд нь аваачсан байгаа нь харагдаж байна.