Монголд мөрддөг стандартын тоо харьцангуй цөөн

Европын стандартын өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Стандартчилал, хэмжил зүйн газраас “Ирээдүйг өнөөдрөөс эхлүүлнэ” сэдэвт Евро стандартын өдөрлөг зохион байгуулсан юм. 
 
Өдөрлөгөөр стандарт бидний амьдралд ямар хэрэгтэй юм, стандарт батлах хэрэгжүүлэх үйл явцад иргэний оролцоо ямар байх ёстой тухай мэдээлэл, илтгэл тавигдлаа. 
 
Өнөөдөр Монгол Улсад 5872 стандарт мөрдөгдөж байгаа нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад 10 дахин бага тоо. Түүнчлэн тоон мэдээллээс харахад өндөр хөгжилтэй орнуудад мөрдөж буй стандартын тоо их байдаг аж. Тиймээс стандарт бол хөгжлийн түлхүүр хэмээн Стандарчилал хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд хэлж байсан юм. 
 
Мөн стандарт нь тав тухтай амьдралын үндэс болдог бөгөөд европын орнуудад амьдрах таатай орчин бүрэлдсэн нь стандартчиллын хөгжилтэй холбоотой аж. Түүнээс гадна Евро стандартыг олон орны өндөр боловсрол, мэдлэгтэй мэргэжилтнүүд боловсруулж баталсан гэлээ.
 
Европын холбооноос “Монголын стандартыг боловсронгуй болгох” төслийн хүрээнд Евро стандартыг нэвтрүүлж байгаа юм. Төсөл гурван жил хэрэгжиж 3.9 сая евро зарцуулах бөгөөд энэ жил хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.  
 
Дарь.Сүхбаатар /Стандартчилал, хэмжил зүйн газрын дэд дарга/
 
Хүн төрөлхтөн нэг стандарттай байх шаардлага амьдралаас урган гарсан
 
-Европын стандарт юугаараа онцлог юм бэ?
 
-Сүүлийн мянга орчим жилийн түүхэнд өнөөдрийн хүн төрөлхтний хэрэглэж буй техник, технологийн нэлээд хэсэг нь европоос гаралтай байна. Түүнээс гадна европын улс орнууд нэгдэж нэг удирдлагатай Европын холбоог байгуулаад байгаа. Улс төрийн хувьд зөв эсэхийг бид дэнслэх аргагүй ч нэгдмэл нэг стандарттай болох нь мэдээжийн сайн хэрэг. Нөгөө талаас Ази, Европ нь хоёр өөр тив ч гэсэн хүний хэрэглээ, хэрэгцээ төстэй байдгийн хувьд аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүний нэг стандарттай байх нь амьдралаас урган гарсан асуудал. 
 
Энэ үүднээс нэгэнт тогтсон, олон зуун жил туршигдсан тодорхой стандартуудыг өөрийн болгож хэрэглэх шаардлага гарч байгаа юм. Бид үндэсний стандартаа үүнтэй нэгтгэж байгаа. Ази талаасаа Японы стандартыг нэвтрүүлэх бодлого барьж байгаа. Эхний ээлжинд Евро стандартаас хүнсний чиглэлийн стандарт, барилгын стандарт, төмөр замын чиглэлийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлж эхлээд байна. 
 
-Евро стандарт нэвтрүүлснээр Монгол Улсад ямар ашигтай вэ?
 
-Евро стандартад манай бүтээгдэхүүн үйлчилгээ тэнцсэнээр экспорт тэлнэ, бүтээгдэхүүний чанар сайжирч, үндэсний техник технологи хөгжнө. Үүнийгээ дагаад мэргэжилтнүүдийн чанар сайжрах нь ойлгомжтой. Ийм бодлогоор энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна.
 
-Стандарт нэвтрүүлэх гэдгийг юу гэж ойлгох ёстой вэ. Хуулах, орчуулах гэдгээс өөр тайлбар бий байх?
-Нэгдүгээрт тохирсон техник, технологийг нутагшуулах. Хоёрдугаарт чадварлаг мэргэжилтэнтэй болох бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах л гэсэн үг шүү дээ. Ер нь бол стандартыг үндэсний болгож авна гэдэг тодорхой шалгууртай. Юуны өмнө орчуулах ёстой, орчуулсныг нь үндэсний техникийн хороо хэлэлцэх ёстой, үндэсний баталгаажуулалтын байгууллага хүлээж авъя гэдэг шийдвэр гаргаж байж хэрэгждэг юм. 
 
 
 
 
Ц.Элбэгсайхан