Хотыг түгжрэлээс гаргах арга замууд

Дугаарын хязгаарлалт, том оврын автобуснуудыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах зэрэг арга хэмжээ авч байгаа ч замын түгжрэл дорвитой буурахгүй байгааг олон хүн хэлдэг.
 
Асуудлаас гарах гарц нь дугаарын хязгаарлалт биш, харин хотын зөв төлөвлөлт гэдгийг ч мөн мэргэжилтнүүд хэлж буй. Улаанбаатар хотод Баянхошуу, Чингэлтэй-Хайлааст, Амгалан-Улиастай гэсэн дэд төвтэй болж хотын төврүү чиглэсэн хөдөлгөөнийг сааруулах төлөвлөгөө 2013 онд батлагдсан. Үүний дагуу эхний бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болжээ.
Баянхошуу дэд төвийн зураг төсөл, санхүүжилтийн асуудал шийдэгдсэн, энэ онд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг “УБ хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч  Л.Сайнтөгс хэлсэн юм. 
 
Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт 2017 он хүртэл үргэлжлэх бөгөөд дэд төвүүд дэд бүтэц, нийгмийн байгууламжийн цогц шийдэлтэй хүн ажиллаж амьдрах таатай орчин болно гэдгийг тэрбээр хэлж байгаа юм. Харин Чингэлтэй-Хайлааст дэд төв бүтээн байгуулалт 2020 он, Амгалан-Улиастай дэд төвийнх 2023 он хүртэл үргэлжлэх юм. Төслийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк хийхээр болжээ. Ийнхүү хот дэд төвүүдтэй болсноор хотын аль ч хэсэгт хөгжил зэрэг явагдаж хүн амын амьдралын түвшний ялгаа багасах үр нөлөөтэй гэж харж байгаа юм.
 
Дэд төвүүдийг байгуулахад тэднийг холбосон дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага бас бий. Үүнтэй холбогдох том бүтээн байгуулалтын ажил бол “метро” юм. Олон жил, олон хувилбараар яригдсан энэ төслийн зураг төсөл, ТЭЗҮ нь эцэслэн гараад байгаа аж. Таван шараас Улиастай хүртэл хотын төвийг дайран өнгөрөх метроны замыг гүүрэн хэлбэрээр шийджээ. Дэлхийн ихэнх хотын үсрэнгүй хөгжлийн үндэс нь томоохон, мега төслүүдээ хурдан шийдвэрлэж, хэрэгжүүлсэнтэй холбоотой байдаг гэдгийг MICC компанийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ хэлж байгаа юм. Нийслэлчүүд 2020 он гэхэд метрогоор үйлчлүүлдэг болох боломжтойг хотын удирдлагууд хэлж буй.
 
Гэхдээ метро байгуулах төсөл нь хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил. Үүнийг хүлээлгүй өмнө нь хийж болох ажил нь “тусгай замын автобус” юм. Өнөөдөр автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулахад гарч буй хүндрэл нь бусад төрлийн тээврийн хэрэгсэл ч мөн нэгдүгээр эгнээнд зорчих хэрэгцээ их байдаг явдал. Мөн тусгай замын автобус нь олон хотод туршигдаж үр дүнгээ үзүүлсэн арга гэдгийг  Засаг даргын тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар хэлсэн. Энэ тогтолцоо нэвтэрснээр автобус замын дотор эгнээгээр зорчих бөгөөд түүнд зориулсан тусгай буудал байгуулах юм. Зорчигчдын хувьд нүхэн гарцаар болон гэрэл дохиогоор зам хөндлөн гарах боломжтой байхаар зураг төсөл батлагджээ. Уг төслийн санхүүжилтийг мөн Азийн хөгжлийн банкнаас хийх бөгөөд гагцхүү хэрэгжүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцэхийг хүлээж байгаа юм.
 
Эдгээрээс гадна өөр нэг шийдэл нь хурдны зам юм. Хурдны зам нь хөдөлгөөний хурдыг 30-40 дахин нэмэгдүүлдэг хамгийн шалгарсан арга гэдгийг инженер, мэргэжилтнүүд хэлдэг. Дэд төвүүдээ хурдны замаар холбовол хот доторх замын ачаалал төдий хэмжээгээр буурах, түгжрэлгүй болох ч боломжтой аж.
 
 
 
Ц.Элбэгсайхан