Дэвид Рүүтс: Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр төгсгөл бус эхлэл байх учиртай

Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болох “International Tourism Boerse-2015”-д Монгол Улс энэ жил албан ёсны түнш орноор оролцсон учир “Mongolian Economy” сэтгүүл Берлинийг зорьсон юм. Бид энэхүү үзэсгэлэнг сурвалжлах үеэр “ITB Berlin”/И Тэ Бэ-Герман дуудлага нь/ үзэсгэлэнгийн захирал Дэвид Рүүтстэй ярилцлаа. Тэрбээр И Тэ Бэ-гийн бүрэлдэхүүнд 2001 оноос эхлэн ажиллажээ. 
 
-И Тэ Бэ үзэсгэлэнгийн энэ жилийн гүйцэтгэлийн тайланг харахад олон амжилтуудаа шинэчлэн тогтоожээ. Таны хувьд ямар амжилтаа илүү тодотгох вэ ?
 
-Бид оролцогчдынхоо тоогоор илт өндөр үзүүлттэй дэлхий дээрх ганц үзэсгэлэн.  Чухамдаа, гаднын зочид нийт оролцогчдын 75 орчим хувийг бүрдүүлдэг. Үүний зэрэгцээ манайх хамгийн олон гадаад худалдан авагчидтай үзэсгэлэн. Энэ жил уг үзүүлэлт 40-43 хувь болтлоо өссөн нь дээд амжилт. Энэ жилийн тайлангаас үзэхэд 115,000 мянган худалдан авагч, 175,000 зочид ирсэн байна. “Messe Berlin”-ий гаргасан тооцоогоор үзэсгэлэнг дагаж хийгдсэн нийт, худалдаа борлуулалт 2015 онд өнгөрсөн жилийн 6.5 тэрбум еврогоос 6.7 болтлоо өссөн байна. Тэгэхээр манай үзэсгэлэн зөвхөн аялал жуулчлалын салбарын томоохон цугларалт төдийгүй бизнесүүдийн төвлөрөлийг бий болгож чадаж байна. Нэгдүгээрт, та өөрийн төлөвлөөгүй олон зүйлийг харж, хийх болдог. Хоёрдугаарт, Берлинд аялал жуулчлалын бүх л хүрээнийхэн нэг дор цугладаг. Нийт 170.000 ам.дөрвөлжин талбай бүхий 26 танхимаар дамжуулан аялал жуулчлалын шинэ технологи, зочид буудал, агаарын тээвэр, сувилал, амралтын газартай танилцаж дэлхийн бүх улсыг нэг дор үзэж болно. Үзэсгэлэнд оролцогчид И Тэ Бэ-гийн үеэр бизнес уулзалтуудаа хийхийн тулд өдөрт дунджаар 14 километр алхдаг гэх судалгаа бий. Гуравдугаарт, түншүүдтэйгээ илүү ойр харилцааг үүсгэх боломж олгодог. Мэдээж хэрэг бид бүгд интернэт, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр харилцаж ажлаа амжуулдаг. Гэвч амьд харилцааг үүсгэнэ гэдэг ямар ч өөр сувгуудаас илүү онцгой зарах урлаг.
 
-Энэ арга хэмжээ Герман тэр дундаа Берлиний эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ? Миний ажигласнаар бол энэ үеэр Берлинд зочид буудлын өрөө олж авна гэдэг хүнд асуудал болчихдог бололтой.
 
-Ер нь бол Берлиний зочид буудлууд энэ тав хоногийн турш нэг хоногт л гэхэд 11 сая еврогийн орлого олж байна. Үзэсгэлэнг зорьж ирсэн зочид хамгийн их мөнгө үрж байгаа нь мэдээж. Тэд таксинд сууж, нисэх буудал, зоогийн газруудаар үйлчлүүлж, дэлгүүр хэсч, хотын аялал хийж буй. Үүний зэрэгцээ “Messe Berlin” үзэсгэлэнгийн цогцолбор эдгээр өдрүүдэд 25.000 ажлын байрыг бий болгодог. Өргөн хүрээнд авч үзвэл, Герман улс ойролцоогоор 300 сая еврогийн нэмэлт орлогыг татвар болон бусад сувгаар И Тэ Бэ үзэсгэлэнгээс хүртдэг. Энэхүү үзэсгэлэнг Берлиний хотын захиргаа удирддаг юм. Бид Берлин хотын үйл ажиллагааны нэг хэсэг учир Монгол Улс албан ёсны хамтрагчаар оролцож буй энэ үзэсгэлэнд олон улсын нэр нөлөө бүхий эрх мэдэлтнүүд, улс төрийн томоохон удирдагчдыг урин ирүүлж чадаж байгаа.
 
-Түнш орноор сонгох боломжтой олон сайхан улс байхад яагаад энэ удаад заавал Монгол Улсыг сонгосон юм бэ?
 
Нэгдүгээрт, бид энэ шийдэлд хүрэхийн тулд доод тал нь 4-5 жил төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилласан.  Бидний хувьд найдвартай түнш олох нь их чухал. Бид тэр түншээ Монголоос олсон. Xoёрдугаарт, бид Монголын ирээдүйн бололцоог олж харсан. Түнш орноор өндөр хөгжсөн улс сонгогдоно гэдэг зоосны нөгөө тал гэсэн үг. Тэд зөвхөн өөрсдийн шинэ зочид буудал эсвэл өөр ямар нэг зүйл үзүүлнэ. Учир нь, тус улс аль хэдийнэ танигдчихсан, хүмүүст ихэнх зүйл нь ойлгомжтой байдаг. Тэгэхээр хүмүүс “Би энэ газрыг мэдэх юм чинь дээ” гэж хэлдэг. Харин өнөөдөр танай улс түнш орноор сонгогдсоны хүчинд өрнөсөн үйл явдал биднийг их баярлууллаа. Олон улсын хэвлэл мэдээллийнхэн Монголын талаар мэдээлэл багатай учир хоорондоо уралдан асууж шалгаан, мэдээлэл авахыг хичээж, илүү олон талаас тэр дундаа танигдаагүй тэр л өнцгөөс сурвалжлан хүргэхийг чармайж байв. Монголыг сонгосон гурав дахь шалтгаан нь Монголд байгаа тэр асар их нөөц бололцоог олж харсан нь юм. Жуулчдад төдийлэн сайн танигдаагүй учир Монгол нь онцгойлон зорих газарт тооцогдож байгаа. Барууныханд ялангуяа орчин үеийн техник технологийн хор нөлөө, стрессээс ангижирдаг аяллын цэг болно гэж харж байна.
 
 
"ITB-Berlin-2015" Mонгол Улс түнш орноор оролцож буйтай холбогдуулан хийсэн хэвлэлийн хурал
 
-Жуулчдын Монголыг сонирхох хандлагад хийсэн гаднын судалгааг та бүхэн түнш орны тухай хэвлэлийн бага хурал дээр дурьдаж байсан. Энэ судалгааны үр дүнг танилцуулахгүй юу? 
 
Тиймээ. Германы Аялал жуулчлалын судалгааны институт саяхан нэг судалгаа гаргасан. Өнгөрсөн оноос энэ оны өдийг хүртэлх хугацаанд Монголыг аялах газар гэж мэддэг болсон, сонирхож эхэлсэн германчуудын тоо бараг тэгээс 4.3 хувь болтлоо өссөн. Энэ нь гурван сая герман хүн гэсэн үг. Үүнээс 150.000 нь ирэх гурван жилд Монгол руу аялах төлөвлөгөө аль хэдийнэ гаргасан гэж байгаа. Эдгээр 150.000 жуулчдын ихэнх нь 40-өөс доош насны хүмүүс байгаа бөгөөд энэ нь Монголын хувийн хэвшлийнхэнд сонирхолтой бөгөөд хэрэгтэй мэдээлэл юм.  Яагаад гэвэл тэд одоо өөрсдийн хүлээн авах зочдоо 40-өөс доош насны идэвхтэй залуус гэдгийг мэдэж авлаа. Эдгээр хүмүүст олон төрлийн сонирхол байж болох ч бас хэт тансаг зэрэглэлийн үйлчилгээг илүүд үздэг хүмүүс биш. Харин тэд сошиал сүлжээ болон интернэт маш сайн ашигладаг. Энэ бол орхигдуулж болохгүй маркетингийн чухал мэдээлэл. Үүнтэй нийцүүлэн Монголын аялал жуулчлалын салбарынхан бүтээгдэхүүн үйлчилгээгээ боловсруулж болох юм. 
 
-Монголын ямар талууд залуу жуулчдын сонирхлыг илүү татаж байна вэ? Манай орныг илүү адал явдалт аялал хийхэд тохирсон газар гэж хараад байна уу?
 
-Адал явдалт аялал жуулчлал гэх талаас түлхүү хамааралтай биш байх. 40 наснаас доош гэдэг нь бас 39 настай хүмүүс энэ ангилалд багтаж байгаа гэсэн үг. Тиймээс бүгд залуус гэж ойлгож болохгүй. Тухайлбал, энэ насны хүн аль хэдийнэ амьдрал, ажлаа төвхнүүлчихсэн бизнес эрхлэгч байж болно. Энэ үеийн хүмүүс дэлхийн олон орноор аялаад үзчихсэн хүмүүс байх нь элбэг учир тэд одоо илүү содон сонин газруудыг үзэхийг хүсч байдаг. Тэдний үзэхийг хүсч байгаа зүйл бол өдөр тутмын амьдралаас нь тэс ондоо тэр орчин нөхцөл. Ингэх нь нэг талаар тэдэнд стрессээ тайлах боломжийг олгодог. Мөн тэд урьд өмнө нь сонсож, харж байсан ч биеэрээ дунд нь орж, мэдэрч байгаагүй тийм соёл заншилтай танилцахыг хүсэж байгаа. Миний Монгол руу аялсан туршлагаас харахад Монголын хаана ч хүмүүс нь нээлттэй, зочломтгой байдаг юм билээ. Би Азийн олон орноор аялж байсан. Харин Монголд тэс өөр мэдрэмжийг авсан учир надад ердөө ч Азид байгаа мэт санагдаагүй. Азийн соёл ерөнхийдөө бага зэрэг хаагдмал заримдаа ичимхий гэж тодорхойлж болмоор. Харин Монголын хувьд нээлттэй, шулуухан байдаг нь нэг талаас европуудтай төстэй санагдсан. Тийм учраас барууны жуулчид Монгол руу аялах нь илүү тохиромжтой юм болов уу.
 
-Олон хүн Монголын зохион байгуулсан нээлтийн ажиллагаанд сэтгэл хангалуун байх шиг санагдсан. Таны хувьд нээлтийн ёслол ямар байсан бэ? Монгол албан ёсны түншийн хувьд олгогдсон боломжуудаа бүрэн ашиглаж чадсан болов уу?
 
-Бид “Аялал жуулчлалын ирээдүй” ТББ болон бусад хүнтэй нээлтийн ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан. Энэ нээлтийн ёслол миний И Тэ Бэ үзэсгэлэн дээр үзэж байсан шилдэг үзүүлбэрүүдийн нэг нь. Учир нь энэ нээлтийн арга хэмжээ хүмүүсийн төсөөлж байснаас тэс ондоо байсан. Хүмүүс Азийн орнуудын нийтлэг дуу хөгжмийн өнгө аясыг хүлээж байсан. Харин эртний түүхтэй энэ жижиг орон санаанд багтамгүй өргөн хүрээнд маш хүчтэйгээр өөрийгөө илэрхийлж чадлаа. Мөн Монгол олон улсын хэмжээний урлагийн одуудтай гэдгийг энэхүү гала тоглолтоор харуулж чадлаа. Энэ бол зөв үйлдэл. Монголчууд цөөхүүлээ ч дэлхийн өнцөг булан бүрт авьяас чадлаа гайхуулан амьдарч яваа гэдгээ  аялал жуулчлалын салбарын томоохон 4000 төр хувийн хэвшлийн төлөөлөлд мэдүүлсэн. Монгол талын зохион байгуулагчдын хамтаар бид монголчуудад нөлөө бүхий гадныхантай уулзах, харилцаа тогтоох зэрэг олон боломжийг олгосон. Би хувьдаа Монголыг боломжоо сайн ашигласан гэж үзэж байгаа. Гэхдээ И Тэ Бэ үзэсгэлэнгийн сүүлийн өдөр төгсгөл биш харин эхлэл байх ёстой гэдгийг хэлье.  Өнөөдөр олж авсан боломжуудаа ирэх 24 сарын хугацаанд жинхэнэ ажил болгож, үр шимийг нь үзэх хэрэгтэй. Энэ бол та бүхэнд үлдэж буй том шалгуур. И Тэ Бэгийнхэн бид Монголын аялал жуулчлалын салбарыг нялх хүүхэд шиг байнга асарч тусалж чадахгүй шүү дээ. Бидний үүрэг бол бол замыг чинь зааж, чиглүүлэх. Бид зөвлөгөө өгөхдөө хэзээд баяртай байх болно. Бид үүргээ гүйцэтгэсэн, одоо та бүхэн үргэлжлүүлээд аваад явах хэрэгтэй. Үр дүнд хүрэхийн тулд холбоо тогтоосон хүмүүстэйгээ үргэлжлүүлэн харилц, хэвлэл мэдээллийнхэнтэй холбоотой бай. Бидний цуглуулсан мэдээлэл, сурталчилгааг бүтээгдэхүүн үйлчилгээгээ боловсруулахдаа ашигла. Цаашид 40-өөс доогуур насны хэрэглэгчдийн зах зээлийг илүү тулж ажиллах уу, илүү сошиал сүлжээг  ашиглаж маркетингаа хийх үү гэх зэргийг тунгаа. Энэ удаагийн үйл ажиллагаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн талууд болох Засгийн газар, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагууд хамт суугаад хийсэн бүтээснээ ярилцан, тайлагнаж, ирэх 24 сарын төлөвлөгөөгөө боловсруулна гэж найдаж байна.
 
-Монголын аялал жуулчлалын компаниуд урьд жилүүдээс илүү олон гэрээ хийсэн учир нэлээд сэтгэл хангалуун байх шиг байна. Таньд энэ жилийн И Тэ Бэ-гийн үеэр хийгдсэн бизнес хэлэлцээрүүдийн талаар мэдээлэл бий юү? 
 
-Бидний үйл ажиллагаа анх дөрвөн тэрбум еврогийн гүйлгээ¬тэйгээр эхэлж байсан. Өмнөх жил 6.5 тэрбум евро байсан бол энэ жил 6.7 тэрбум евро байлаа. Өөрөөр хэлбэл И Тэ Бэ-г дагаж ийм хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдэж байна гэсэн үг. Энэ үзүүлэлт тогтвортой өсч байгаа. Оролцогч бүр бизнесийнхээ талаар бүх мэдээллээ дэлгэрэнгүй хуваалцаад байдаггүй. Ерөнхийдөө ирсэн зочдын 80 хувь нь И Тэ Бэ-гээс эерэг хүлээлттэй буцдаг. Харин одоо тулгарах сорилт бол И Тэ Бэ дээр олсон боломжит хамтрагчиддаа борлуулалт хийж чадах эсэх юм. Статистикээс харахад үзэсгэлэнгийн үеэр харилцаа тогтоож чадсан түншүүдийнхээ 50 хувийг алдаж, мөнгөө салхинд хийсгэж байгаа нь олж авсан боломжуудынхаа араас зөв аргаар тууштай явж чадаагүйтэй холбоотой байдаг. Үзэсгэлэнгийн дараах тайлангийн хурал дээр тавигдах эхний асуулт нь холбоо тогтоосон түншүүдтэйгээ эргэж холбоо барьсан уу гэдэг байх ёстой. Энэхүү үйл ажиллагааг ирэх зургаан сар, 24 сард үргэлжүүлэх хэрэгтэй. Бид мөн өргөн хүрээнд хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж өглөө. Мөнгөн дүнгээр тооцвол 30 сая евротой дүйцэхүйц 570 сая хэвлэл мэдээллийнхэнтэй холбож, тэдний анхаарлыг та нар дээр татаж авчирч чадлаа. Энэ бол барагтаа худалдаж авч дийлдэг багц биш шүү. Иймээс одоогийн олсон амжилтаа хадгалж, галаа унтраахгүй байх хэрэгтэй.
 
И Тэ Бэ-г хэвлэл мэдээллийнхэн хэр өргөн цар хүрээнд сурвалжилдаг вэ?
 
-И Тэ Бэг 75 орны 5180 магадлан итгэмжлэгдсэн сэтгүүлчид болон 29 улсын 350 блогч сурвалжилж, мэдээлсэн. Үүний 1500-2000 сэтгүүлчид нь гаднаас ирсэн. Мөн бид блогчдод илүү ээлттэй байдлаар ажиллаад гурван жил өнгөрч байна. Бид тэднээс хамгийн анхаарал татсан, шилдгүүдийг нь сонгодог. Өргөн хүрээг хамарч чадах блогчдыг оролцуулахыг бид хүсдэг. Анх 200 блогчтой эхэлж байсан бол өнөөдөр 29 орны 350 болсон байна. Энэ нь олон улсад хэвлэл мэдээллийг өргөн хүрээнд хүргэж чаддагийн баталгаа болов уу. Нийтлэлийн хувьд ярьвал, зөвхөн Германд л гэхэд 12.000 нийтлэл И Тэ Бэгийн тухай гарсан байдаг. Харин дэлхий даяар цахимаар гэхэд ойролцоогоор 13-14 мянган материал нийтлэгдсэн байдаг.
 
-Монгол аялал жуулчлалын салбараа энэхүү арга хэмжээний  дараа хэрхэн дэмжиж авч явах тал даар Та юу гэж зөвлөх вэ? 
 
-Би монголчуудад энд уулзсан хувь хүн, аж ахуй нэгжүүдтэйгээ тогтоосон харилцаа холбоо, хийсэн гэрээнүүдээ үргэлжлүүлэхийг зөвлөсөөр байгаа. Улс төр, хэвлэл мэдээлэл, холбоодын түвшинд олон гэрээ хэлэлцээр хийж, харилцаа тогтоосон гэдэгт чинь итгэлтэй байна. Хэрвээ эдгээр харилцаануудаа авч үлдэж чадвал амжилтаа үргэлжлүүлэх боломжтой. Хөл бөмбөгийн тэмцээнтэй зүйрлэвэл, Монгол өнөөдөр дэлхийн томоохон тоглогчдын тоглоомонд ороод ирчихлээ. Одоо хасагдахгүйг хичээх хэрэгтэй. Бөмбөгөө өшиглөөд гүйгээд бай, бүү зогс. Салбарын бүх нөлөө бүхий оролцогчдод өөрсдийнхөө талаар мэдээллийг өгөөд л байх хэрэгтэй. Мөн зөв маркетингийн багтай байж,  хуулийн хүрээнд хийж буй шинэчлэлүүдийг үргэлжлүүл. Шинэ аяллын компаниудтай холбоогоо өргөтгөж, шинэ үйлчлүүлэгчдийг олох хэрэгтэй. Хэрвээ та нууц жор асууж байгаа бол надад байхгүй. Миний хэлэх зүйл бол бид энд чадах бүхнээ хийсэн. Одоо та бүхний ажил үлдлээ гэх байна.
 
-Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага хаашаа чиглэж байна вэ? 
 
-Одоогийн байдлаар 1.1 тэрбум жуулчид дэлхий даяар аялж буй нь дотооддоо аялж байгаагаас долоо дахин өндөр байна. Одоогийн дэлхийн ДНБ-ий өсөлт эдийн засгийн байдлаас үл хамааран аяллууд илүү цөөн хоногтой болох хандлагатай байна. Тиймээс үүнтэй уялдаад аялалд илүү олон зүйлийг багтаасан үр өгөөтэй байх шаардлага бий болж буй. Үүнийг дагаад мөн онцгой зүйлийг хүсэгчид ихэснэ гэсэн үг юм. Аялал жуулчлалын салбарынхан эдгээр хүмүүсийн хүсэл, хэрэгцээг хангах тал дээр ажиллаж, богино хугацаанд хэрхэн онцгой мэдрэмжийг төрүүлэхүйц аялал зохион байгуулах вэ гэдэг дээр ажиллах хэрэг гарч байна. 
 
Мөн технологийн хөгжил аялал жуулчлалд ч мөн олон дэвшил, өөрчлөлт авчирч байна. Бид аппликэйшн буюу гар утасны хэрэглээний программууд интернэтийн шинэ ирээдүй гэдгийг мэдэрч эхэлж байна. Тиймээс аялал жуулчлалын салбарынхан ч энэ өөрчлөлтийг үйл ажиллагаандаа илүүтэй тусгаж эхлэх шаардлага үүснэ гэдгийг мэдэж, ажиллах хэрэгтэй юм. Мөн орнууд зөвхөн бизнес эдийн засгаа нэг, нэгэнтэйгээ хуваалцахаас гадна мэдээллээ хуваалцаж буй үзэгдэл том хүчин зүйл болж байна. Хүмүүс зорчсон газрынхаа талаар бусадтайгаа хуваалцан, блог дээрээ бичиж, твиттерт жиргэж,фейсбүүкээр постлож байна.  Ингэснээр бусад хүмүүс тэр газарлуу улам их зорчих болно. Ийм ч учраас бид И Тэ Бэ үзэсгэлэн дээр блогчдыг оролцуулдаг. Мөн тэднийг болон хүлээн авагч улсуудын төлөөлөл хооронд мянга гаруй уулзалт зохион байгуулсан. Бид мэдээж хэрэг сонгодог хэвлэл мэдээлэллийн арга барилыг хуучирсан гээгүй л дээ. Тэдэнтэй нягт хамтарч ажилласан хэвээр байгаа. Гэхдээ өнөө үед блог, олон нийтийн сүлжээ нь мэдээлэл түгээх тал дээр том үүрэг гүйцэтгэх болсныг ажрахгүй өнгөрөөж болохгүй юм. Бид энэхүү өөрчлөлттэй уялдаж ажиллах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, аялал жуулчлал хүмүүс биднийг бие биенээ ойлгоход туслах гүүр нь болсоор ирсэн, болсоор ч байх болно. Учир нь, дэлхийн бусад орноор очиж үзээгүй бол бид бие биенээ ийм сайн, ийм ойр мэдэхгүй, ойлгохгүй байх байсан. 
 
Ярилцлагын төсгөлд Дэвид Рүүтс манай улсад зочлохдоо сурсан ерөөлөө монгол хэлээр хэлэхийг хүссэнийг уншигч та бүхэнд уламжилж байна. “Монгол Улс мандан бадраг”