2014 онд 1.1 тэрбум хүн аялж, 1.5 их наяд ам.доллар аялахад зарцуулагджээ

Олон улсын аялал жуулчлалын экспорт 2014 онд 1.5 их наяд ам.долларт хүрчээ. Жуулчдын зарцуулсан мөнгө буюу тухайн улсуудад оруулсан орлогын  хэмжээг нэгтгэвэл 48 тэрбум ам.доллараар өсч нэг их наяд 245 тэрбум ам.доллар болсон нь дахин рекорд эвджээ. Харин олон улсын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээнээс олсон 221 тэрбум ам.долларыг дээрх дүн дээр нэмж тооцбол 1.5 их наяд ам.доллар болж байгаа юм. Энэ нь нэг өдөрт аялал жуулчлалын зорилгоор зарцуулагдаж буй мөнгөн дүн дунджаар дөрвөн тэрбум ам.доллар байна гэсэн үг аж. 
 
/Гаднын түр зорчигч буюу жуулчны зочид буудал, хоол, дэлгүүр, үзвэр, үйлчилгээ гэх мэтэд зарцуулсан мөнгөн дүнг аялал жуулчлалын аливаа нэг улсад оруулсан орлогод тооцдог/
 
Олон улсын жуулчдын тоо өнгөрсөн жилийн байдлаар 4.4 хувиар өсч, нэг тэрбум 135 саяд хүрчээ.  
 
Дэлхийн аялал жуулчлалын байгуулллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай “Дэлхийн зах зээл дээр тавааруудын ханш унаж байгаа ч олон улсын аялал жуулчлалын зарцуулалт 2014 онд огцом өсч, эдийн засгийн өсөлтөд чамгүй өндөр нөлөө үзүүллээ. Экспортыг хүчтэй дэмжиж, ажлын байруудыг олноор бий болгосон нь тус салбарын эдийн засгийн хүрээлэл нэмэгдэж буйг илтгэж байна” хэмээн онцоллоо. 
 
Олон улсын аялал жуулчлал нь дэлхийн үйлчилгээний экспортын 30 хувь мөн нийт бараа үйлчилгээний салбарын зургаан хувийг эзэлдэг. Дэлхий нийтийн экспортын зах зээлийг харвал аялал жуулчлал нь шатахуун, химийн бүтээгдэхүүн, хүнсний дараа дөрөвдүгээрт орж буй. Гэвч хөгжиж буй орнуудыг харвал аялал жуулчлалын байр суурь нэгдүгээрт байх хандлагатай байна. 
 
 
 Дэлхий даяар аялсан аялагчдын тоо / ITA / болон аялал жуулчлалын салбарын орлого /ITR/
 
 
 
Дэлхийн аялал жуулчлалын салбарын орлогын 41 хувийг хүртдэг Европын хувьд өнгөрсөн жил 17 тэрбум ам.долларыг тивдээ шингээж чадсан бол Ази Номхон далайн бүс нутаг 16 тэрбум ам.долларын ашигтайгаар Европын дараа орж байна. Энэ нь хувиар илэрхийлбэл дэлхийн нийт аялал жуулчлалын орлогын 30 хувь гэсэн үг юм. Зочлон үйлчилсэн аялагчдынхаа тоогоор Европ дахин тэргүүлж, дөрвөн хувийн өсөлттэй буюу 588 сая хүн хүлээж авснаар өнгөрсөн оныг үдсэн байна. 
 
2015 онд Ази Номхон далайн бүс нутгийн аялагчдын тоо өндөр хувиар өснө
 
Энэ жилийн хувьд дэлхийн аялал жуулчлалын байгууллага аялагчдын тоог мөн л өндөр өсөлттэй гарна гэж тооцож буй бөгөөд тодруулбал 3-4 хувь байх болов уу гэсэн таамгийг дэвшүүлээд байгаа юм. Харин бүсээр нь авч үзвэл Ази Номхон далайн орнуудад айлчлах гаднын гийчдийн тоо хамгийн өндөр өсөлттэй гарахаар байгаа аж. Тус бүс нутагт жуулчдын тоо 4-5 хувийн өсөлттэй байна гэж таамаглаж байгаа бол Америкт мөн 4-5 хувь, Европт 3-4 хувь байна гэж үзжээ. 
 
Эерэг талаас нь харвал, газрын тосны үнэ буурсан нь тээврийн үйлчилгээний зардлыг бууруулж, газрын тос импортлогч орнуудын худалдан авах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг нь дэмжих хандлага байна. Гэвч нөгөө талаас газрын тос экспортлогч орнуудын иргэд аялахад энэ нь чамгүй чөдөр тушаа болох дүр зураг байгааг 300 гаруй аялал жуулчлалын мэргэжилтнүүд анхааруулаад байна.
 
Тус байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол хэдий өмнөх жилүүдтэй харьцуулахад олон улс дахь нөхцөл байдал сайнгүй байгаа ч аялал жуулчлалын салбарын ерөнхий үзүүлэлтүүд бүгд дээшлэх төлөвтэй байгаа аж. 
 
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага энэхүү мэдээллийг  2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр эцсийн байдлаар шинэчлэн гаргасан болно.