Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангахад ингэж ажиллаж байна

Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-д 2006 онд нэгдэж, түүнээс хойш жил бүр буюу нийт найман удаа олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланг гаргажээ. Харин энэ оны нэгдүгээр сараас эхлэн тайлангийн цахим системийг нэвтрүүлсэн байна. Улмаар ашигт малтмал, газрын тосны  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 930 гаруй компаниудаас тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүний олборлолт, борлуулалт, бүх төрлийн татвар болон төлбөр, хандив дэмжлэг зэрэгтэй холбоотой бүхий л мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авч иргэд, олон нийтэд ил тод болгож эхлээд байна. 

Энэхүү санаачилга нь олборлох үйлдвэрлэлээс олж байгаа орлогыг ил тод болгож, орлогын зарцуулалтын менежментийг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтарсан түншлэл аж. Уг санаачилгад нэгдсэн 48 орноос Казакстан болон Монгол хоёр улс тайлангаа цахим хэлбэрээр авч байгаа юм байна. Манай улсын хувьд энэхүү цахим тайлангийн системийг “Open Source” буюу нээлттэй эхийн лицензтэй болгон боловсруулсан аж. Ийм бололцоог бүрдүүлсэн мөн мэдээллийг “Open Data Format” –аар түгээж байгаа зэргээрээ манай улс ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй улс орнууд дунд тэргүүлэх байр суурьтай явж байна гэдгийг Монголын Олборлох үйлвэрлэлийн ил тод байдлын ажлын албанаас мэдэгдэж байна.

 
Үүнтэй холбоотойгоор олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны мэдээлэл технологийн зөвлөх Г.Ганбат “Зарим улс орон ил тод байдлын санаачилгын хүрээнд олборлогч компаниудын тайланг цахим хэлбэрээр авдаг систем нэвтрүүлэх төсөл эхлүүлээд амжилтгүй болсон жишээнүүд байдаг. Бидний хувьд дотоодынхоо мэдээлэл технологийн шилдэг интерактив компанитай хамтран энэхүү системийг амжилттай хэрэгжүүлснээр төрийн байгууллагууд болон компаниуд тайлангаа гаргахад хялбар болгосноос гадна, иргэд, олон нийтэд шууд ил тодоор мэдээлэх боломж нэмэгдэж байна” хэмээн тайлбарлалаа. 
 
Орон нутгийн иргэд, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд www.eitimongolia.mn сайтад хандан орон нутагт олборлолт явуулж буй компани хэдий хэмжээний ашигт малтмал олборлож байгаа, хэдэн төгрөгөөр борлуулсан, хэдий хэмжээний төлбөрийг төлсөн, нийгмийн хариуцлагын хүрээнд хандив тусламжинд хэр их зарлага гаргасан, тухайн компанийн ашиг хүртэгч эзэн гэх зэрэг дэлгэрэнүй мэдээллийг авч болохоос гадна уул уурхайн компанийн лицензийн мэдээллийг e-reporting.eitimongolia.mn/portalMap/1/ линкээр орон "Google"-ийн газрын зураг дээр харах боломжтой юм байна.