Япон Монголын түншлэл аялал жуулчлалын салбарт

Манай улсаас Япон улсад жилдээ 18 мянган иргэн хувийн хэргээр зорчдог бол Япон улсаас мөн тооны иргэд манай улсад аяладаг байна. Жилд 17 сая иргэд нь гадаадад зорчдог, шууд нислэгтэй, визгүй Япон улсаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор нэлээд олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсныг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 
 
Тухайлбал, 2015 онд Улаанбаатар хот Япон улсын санаачилга, санхүүжилтээр Токио хотод аялал жуулчлалын төлөөлөгчийн газар нээн ажиллуулах, ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, Японы 300 гаруй аялал жуулчлалын байгууллагуудаас бүрдсэн багийг хүлээн авах юм байна. Мөн Токио хотын захиргаатай хамтран аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролжээ.
 
Энэхүү яриа хэлэлцээг Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй албаны төлөөлөгчид энэ сарын сүүлээр Японд томилолтоор ажиллах үедээ шийдвэрлэж эцэслэсэн байна. Тэд айлчлалын үеэр  АНТА буюу бүх Японы аяллын агентуудын холбооны тэргүүн, Японы Либерал ардчилсан намын ерөнхий зөвлөлийн дарга Тошихиро Никай, ЖАТА буюу Японы аяллын агентуудын холбооны тэргүүн Жүнго Кикүма, Японы Аялал жуулчлалын агентлагийн дарга Шигето Күбо, Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагын ерөнхийлөгч Риоичи Мацүяама нартай уулзалт хийсэн байна. 
 
Тэд мөн Монголын Аялал жуулчлалын холбооны Япон зөвлөлөөс зохион байгуулсан хоёр орны аялал жуулчлалын байгууллагуудын уулзалтад оролцож, Найрсаг Улаанбаатар хөтөлбөр болон түүний хүрээнд хийгдэх ажлуудыг танилцуулсан юм.
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлэх ажлын хүрээнд Монголд ирэх Японы аялал жуулчлалын салбарын 300 төлөөлөгч энэ оны наймдугаар сарын 8-нд болох Даншиг наадмын үеэр ирэх юм байна. Харин  Токиод нээхээр болсон манай улсын төлөөлөгчийн газрын хувьд Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөөлөгчийн газар гэдэг чиглэл, үйл ажиллагаатай байх аж. 
 
Дээрх түншлэлийн хүрээнд манай улсыг урьж оролцуулахаар болсон ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь жил бүр зохион байгуулагддаг дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдийн нэг юм. Түрүү жил “Аялал жуулчлалын хүч” хэмээх ерөнхий уриан дор болсон тус үзэсгэлэнд нийт 151 орны 1129 аялал жуулчлалын байгууллага, 157.589 хүн оролцсон.Тус үзэсгэлэн нь бусад оронд болдог ижил төрлийн аялал жуулчлалын үзэсгэлэнтэй харьцуулахад илүү Азийн зах зээлийг тодруулан харуулдагаараа онцлог юм. Мөн мэдээж зохион байгуулагдаж буй орон нь Япон учир тус улсын аялал жуулчлалын зах зээлийн тухай мэдээллийг цогцоор авах, танилцах, бизнес түншүүдтэй болох боломж байдаг. Энэ жилийн “ЖАТА-2015” Токио хотноо есдүгээр сарын 24-27 ны хооронд болно. 
 
Б.Энхцэцэг