Аялал жуулчлалын хөдөлмөрийн яармагт 700 шахам шинэ ажлын байр зарлагдана

Жил бүр “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болдог. Энэ удаагийнх ирэх сарын 8-нд болох гэж байна. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан ажилд шалгаруулж авах юм байна.
 
Өнгөрсөн жилийн хөдөлмөрийн яармагт аялал жуулчлалын байгууллагуудын 442 ажлын байр зарлагдаж байснаас хөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч, бармен, зөөгч, угаагч, мужааны ажлын байр хамгийн их эрэлттэй байсан. 
 
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд  оролцож буй байгууллагууд жил бүр 400-700 ажлын байр шинээр зарладаг. Энэ жил ажлын байрны тоо ч 700 шахам байх хандлага байна гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Мөн энэ удаад өмнөх жилүүдийг бодвол илүү өргөн хүрээг хамарч ажил мэргэжлээрээ байгууллага болон салбартаа манлайлан ажиллаж буй хүмүүс хөдөлмөрийн яармагт хүрэлцэн ирсэн оюутан залуус болон ажил хайгч иргэдэд тухайн мэргэжлийн онцлог, давуу талыг таниулсан яриа хэлэлцээр өрнүүлэх юм байна. 
 
Хөдөлмөрийн яамны хийсэн судалгаагаар нийт цагийн ажлын байрны эрэлтэд аялал жуулчлалын салбар 14.6 хувийг бүрдүүлж байна гэх өнгөрсөн жилийн судалгаа байдаг.  Тус салбарын онцлог нь аялал жуулчлал болон орчуулагчийн ангийн оюутнуудыг цагийн ажлаар эртнээс хангаж дадлагажуулах боломжийг олгодог. Тиймдээ ч хөдөлмөрийн яармагийн оролцогчдын дийлэнх хувийг оюутан залуус эзэлдэг байна. 
 
Аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүнийг жуулчдад хүргэдэг хөтөч орчуулагчдын хувьд өнгөрсөн жил ам.доллар чангарсантай холбоотойгоор 40-45 мянган төгрөгийн дундаж цалинг өдөртөө авч байсан талаар компаниуд хэлж буй. 
 
Энэ оны гуравдугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21 мянга буюу 63 хувь нь 15-34 насны залуус байгаа юм. Мөн энэ оны эхний улирлын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 33.333 байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлж байна. 
 
Тус хөдөлмөрийн яармагыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын судлаачдын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг. Тэд зорилгоо аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч,  ажил хайгч иргэдийг холбох гэж тодорхойлдог билээ.