Эрдэнэс-Таван Толгой 28.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан

Уул уурхайн сайдын сар бүрийн сүүлийн долоо хоногт зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага  хурал боллоо. 
 
Энэ оны эхний гурван сарын байдлаар 5.8 сая тонн нүүрс, 939,3 кг алт, 268.6 мянган тонн газрын тос олборложээ. Мөн 57 мянган тонн хайлуур жоншны, 170.9 мянган тонн зэсийн хүдрийн 521 мянган тонн төмрийн хүдрийн, 24.8 мянган тонн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэжээ. 
 
Экспортын хувьд 309.4 мянган тонн зэсийн баяжмал, 997.7 мянган тонн төмрийн хүдэр 2.5 тонн алт, 263.2 мянган тонн газрын тос, 3.2 сая тонн нүүрс экспортлосон байна. Тоон мэдээнээс анхаарал татаж байгаа нь нүүрсний экспорт юм. Учир нь төлөвлөгөө ёсоор 4.9 сая тонныг экспортлох байсан ч дөнгөж 65 хувьтэй биелжээ. 
 
Ийнхүү эрс буурсан шалтгааныг нэгдүгээрт БНХАУ гангийн үйлдвэрлэлээ хумих болсон, мөн цагаан сарын урт амралтын үе таарсантай холбон тайлбарлаж байгаа юм. Нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 490 мянган тонноор буурсан буурсан байна. Үүнээс гадна жоншны экспорт 56.4 мянган тонн хүрсэн нь төлөвлөгөөнөөс 10 мянган тонн орчмоор дутаж байгаа аж. Энэ нь мөн л гангийн үйлдвэрлэлтэй холбоотойгоос гадна гол худалдан авагч ОХУ-ын эдийн засаг хямралтай байгаагаас импортоо эрс бууруулжээ. 
 
Бусад бүтээгдэхүүний эскпортын хувьд төлөвлөгөөндөө хүрч байгаа байгаа бөгөөд цайр, молебдений баяжмал гэх мэт зарим нэр төрлийн биелэлт төлөвлөгөөнөөс өндөр гарчээ. Тухайлбал молибдений баяжмалын экспорт 137 хувь, цайрын баяжмал экспорт 141 хувийн биелэлттэй байна. 
 
Сэтгүүлч нарын сонирхсон асуулт нь “Эрдэнэс Таван толгой”-н өрийн асуудал байсан юм. Одоогоор “Чалко”-гоос авсан зээлийн үлдэгдэл 140 орчим сая ам.доллар болон бусад өр зээлийн асуудал гээд хөрөнгө санхүүгийн хувьд нэлээд хүнд байдалтай байгаа ч тус компанийн албан ёсны тайлан мэдээнээс харахад өнгөрсөн онд 28.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь баттай гэлээ. 
 
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл эхний гурван сарын байдлаар нийт 36.8 тэрбум төгрөг улсын төсөлт төвлөрүүлсэн байна. Үүнээс Ашигт малтмалын газар 9.9 тэрбум төгрөг, Газрын тосны газар 28.7 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ.