Түймэрт өртсөн таван өрхөд гэр хандивлажээ

Өнгөрсөн сард Дорнод аймгийн нутагт гал түймэр гарч, түймэр ихэнх сумдаар тархсан. Тухайлбал, Баян-Уул сумын газар нутгийн 40 орчим хувь нь түймэрт өртсөн байна. Аймгийн хэмжээнд түймрийн улмаас 20 гаруй малчин өрхийн гэр, 100 гаруй өрхийн малын хашаа, саравч шатаж, 1000 гаруй мал түймэрт өртжээ.

Тэдгээр иргэдэд тусламж үзүүлэх аян өрнөж буй. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Нутгийн нэлээд хэсгийг хамарсан гал түймрийг унтраах, түймрээс нутгийн иргэд, байгаль экологи, бэлчээр зэргийг хамгаалах, учрах хохирлыг аль болох багасгахын тулд манай аймгийнхан хичээн ажиллаж байна. Энэхүү гал түймэртэй тэмцэх, нутгийн иргэд болон малчин өрхүүдэд учирсан хохирлыг барагдуулах ажилд олон байгууллага, хувь хүмүүс тусалж байна” гэлээ. 

Энэ хүрээнд “Англо Американ” групп Монгол дахь салбараараа дамжуулан Дорнод аймгийн таван малчин өрхөд гэр хандивлажээ. Тус группын Монгол дахь суурин төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгч Др.Грейм Ханкок “Монгол орны зүүн хэсгийг хамарсан хүчтэй гал түймрийн улмаас олон арван малчин өрхүүд ихээхэн гарз, хохирол амсаж байгаа талаар сонсоод бид их санаа зовсон. Бидний энэхүү өчүүхэн тусламж нь тэдгээр малчин өрхүүдийн заримд нь тус дэм болно гэж найдаж байна. Гал түймэр болон байгалийн аливаа гамшигт өртсөн хүмүүс, өрхүүдэд тусалж байх нь бидний сайн санааны үйл хэрэг” гэлээ.  
 
“Англо Американ” групп нь дэлхийн томоохон уул уурхайн төрөлжсөн компаниудын нэг юм. Тус компанийнхан Монгол дахь салбараа 2012 онд нээсэн бөгөөд дэлхийн хэмжээнд уул уурхайн томоохон төслүүд хэрэгжүүлдэг аж.  
 
 
 
 
Г.Түшээ