Ц.Азбилэг: Өөрийн сурч мэдсэнээ эх орондоо түгээх мөрөөдөл бий

Ц.Азбилэг нь Парис хотын “Galerie Lafeyette” их дэлгүүрт Европ болон Төв Азийн зах зээл хариуцсан даргаар уригдан ажиллаж эхлээд таван жил болж буй. Тэрбээр Монголд аялал жуулчлалын чиглэлээр мэргэшиж улмаар Парист магистрийн зэргээ хамгаалсан нэгэн. Түүний ажилладаг “Galeries Lafayette” нь 1893 онд байгуулагдсан 122 жилийн настай их дэлгүүр юм. Парисын зүрхэнд оршдог тус дэлгүүр нь дэлхийн хамгийн том дэлгүүрүүдийн нэг бөгөөд Парис хотын билэг тэмдэг болсон газруудын нэг. Тус дэлгүүрийн орлого нэг тэрбум гаруй еврогоор хэмжигддэг. Тиймдээ ч өдөртөө 100 мянга гаруй хүн үйлчлүүлдэг нь “Galeries Lafayette” их дэлгүүрийг Луврын музейн дараа орох жуулчдын хамгийн их зочилдог газар болгодог юм. Тус их дэлгүүрийн хамт олны нэг Монгол Улсын иргэн Ц.Азбилэгтэй бид И Тэ Бэ үзэсгэлэнгийн үеэр ярилцсан юм. 
 
-Францтай ажил амьдралаа холбосон учираа товчхон хуваалцбал?
 
-Би Францад ажиллаж амьдраад 18 жил болж байна. Монголд ахлах сургууль төгсөөд МУБИС-т Монголын анхны аялал жуулчлалын ангийг дүүргэсэн. Тэгээд Парист ирж, Аялал жуулчлалын менежерээр дахин суралцаж улмаар мэргэжлээрээ ажиллаж байгаад таван жилийн өмнө “Galeries Lafayette”-ийн гадаад зах зээлийн хэлтэст уригдан орж өдий хүртэл ажиллаж байна. 
 
-Яагаад “Galeries Lafayette”-дэлгүүрийг сонгон ажиллах болсон бэ?
 
-Би ирэнгүүтээ аялал жуулчлалын шугамаар сурч мөн ажиллаж эхэлсэн л дээ. Их дэлгүүрт ажиллахаас өмнө  зургаан жил “VIP” үйлчилгээ үзүүлдэг компанид байсан. Тухайн үед  “Galeries Lafayette” их дэлгүүрийн гадаад зах зээлийн хэлтэс нь өргөжөөд зүүн Европын улсуудын зах зээлийг хариуцах хүн хэрэгтэй болсон. 
 
“Galeries Lafayette” бол зөвхөн Парис хотын төдийгүй дэлхийн заавал үзэх ёстой газруудын нэгт ордог. Энгийн өдөр 100.000 гаруй хүн орж гардаг энэ дэлгүүрийн нийт зочдын 50 гаруй хувь нь гадаадаас ирсэн жуулчид байдаг. Тэдгээр жуулчдыг байнга татах зорилгоор манай салбар ажилладаг. Францын загварын цамхаг болсон энэ дэлгүүрийг гадаадад төлөөлж явах ажил сонирхолтой санагдсан учраас би ажлын санал хүлээн авч ажилласан юм. 
 
-Та Европын зах зээлийг хариуцдаг менежер ажилтай гэсэн. Тэгвэл та энэ албаны тушаалынхаа хүрээнд яг ямар тодорхой ажлуудыг хийдэг гэсэн үг бэ?
 
-Миний гол үүрэг бол хариуцсан зах зээлийнхээ тухай байнга судлан тухайн орны жуулчдад ямар мэдээлэл хэзээ хаана ямар шугамаар өгөх талаар хариуцаж ажилладаг. Үүнд статистик анализ хийх, түнш байгууллагуудтай холбоотой ажиллах, маркетинг бодлого төлөвлөлт гаргах гээд олон төрлийн үүрэг байдаг. Мөн дэлгүүртээ “VIP” үйлчилгээг гадаадын жуулчдад хүргэх төслийг хариуцан ажиллаж байна.
 
-Франц улсын зочлох үйлчилгээний/ аялал жуулчлалын/ салбарын онцлог давуу тал юу вэ? Монгол улсад Францын зочлох үйлчилгээний салбараас суралцаж болохуйц үнэтэй гол туршлагууд нь юу гэж та хардаг вэ?
 
-Франц улс дэлхийд хамгийн олон гаднын жуулчин хүлээж авдаг орон. Тус улс нь 2014 онд нийт 85 сая жуулчин хүлээж авсан бөгөөд 2020 он гэхэд 100 сая жуулчин хүлээн авах зорилго тавиад аялал жуулчлалын салбараа хөгжүүлж байна.  Түүх соёлоо гайхамшигтайгаар хадгалж авч үлдэн түүнийгээ байнга дэлхийн тавцанд гаргаж байдаг нь тус улсыг очиж үзэх ёстой мөрөөдлийн газруудын нэг болгодог. Аялал жуулчлалын салбартаа ажиллах хүчээ өндөр түвшинд бэлдэх болон байнга мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулдаг. Түүнчлэн үйлчилгээний талын зохион байгуулалт нь маш сайн. Монгол Улсад зочилсон гадаадын жуулчид манай энгийн зочломтгой занг биширдэг. Монголын аялал жуулчлалын хувьд гаднынханд хүрдэг мэдээлэл нь хэт ерөнхий байдаг. Тиймээс олон хэл дээр аяллын шинэ соргог мэдээллүүдийг гадаадад илүү их цацах шаардлагатай юм уу гэж хардаг. 
 
-Парист амьдрах бусад газруудаас юугаараа ялгаатай гэж та боддог вэ?
 
-Дэлхийд алдартай энэ хотод амьдарч байгаагаа их хувьтай тохиолд тооцдог. 
Олон хүний тэмүүлэл болсон Парис хот дахь амьдралыг өөр газартай харьцуулахад бэрх санагдаж байна. Түүхэн дурсгалт газрууд олон мөн соёлын арга хэмжээнүүд байнга явагддаг энэ хотод уйдах завдал олддогүй. Амьдралын өртөг өндөр ч гэсэн амьдрахад маш сонирхолтой байдаг. 
 
-Таны ажлын хувьд Монголчуудтай холбогддог тал бий юү?
 
-Жил ирэх тусам Монголоос Европ руу жуулчилж буй хүмүүсийн тоо ихэсч байна. Эдийн засгийн хямралтай байгаа ч тоо нь олширч байгаа нь мэдрэгдэж байгаа. Бид яаж үүнийг мэдээд байна вэ гэвэл манай дэлгүүрт “шоппинг” хийх гэж монголчууд сүүлийн хоёр жил нэлээд ирдэг болсон.  Тухайлбал, тэдэнд зориулсан хүлээн авалтын танхим, VIP үйлчилгээ мөн хөнгөлөлтийн карт олгодог. Тухайлбал, энэ жилийн Цагаан сарын баяраар Монголоос ирсэн үйлчлүүлэгчиддээ тусгай бэлэг бэлдэн тараасан Үүний зэрэгцээ бид Монголын томоохон аялал жуулчлалын компаниуд болон Парис дахь Монгол жуулчдыг хүлээж авдаг компаниудтай хамтарч ажилладаг. 

-“Galeries Lafayette” дэлгүүрийн өдийг хүртэл амжилттай ажиллаж буй шалтгаан нь юу гэж та боддог вэ? Бусад их дэлгүүрүүдээс юугаараа ялгаатай давуу болох?
 
-Маркетингийн бодлогыг өндөр түвшинд боловсруулж хэрэгжүүлдэгээс гадна хөрөнгө оруулалт байнга хийж, үйл ажиллагаагаа тэлж байдаг. Анх 1893 онд байгуулагдсанаас хойш үүсгэн байгуулсан гэр бүлийн хувд өдгөө тав дахь үе нь энэхүү бизнесийг авч явж байна. Өнөөдрийн байдлаар Францад нийтдээ 62 дэлгүүртэй бол бусад томоохон хот тухайлбал, Бээжин Жакарта, Касабланка, Дубай, Берлинд салбар дэлгүүртэй. 2017-2018 он гэхэд Милан, Истанбул, Дохад мөн салбар дэлгүүрээ нээсэн байх болно. 
 
 
-Худалдааны салбарт ажиллаж байгаагийн хувьд монголчуудын худалдан авалтын чиг хандлага ямар байдгийг ажиглаж мэдсэн байдаг болов уу?
 
-Монголчууд эхэндээ үнэтэй өндөр зэрэглэлийн брэнд сонирхдог байсан. Харин одоо дийлэнхдээ 2-3 удаа Францад ирчихсэн хүмүүс ирж байгаа нь харагдаж байна. Тиймээс нэг хэсэг нь Монголд олдохооргүй шинэлэг, жинхэнэ Францад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сонирхдог бол нөгөө хэсэг нь хямдралын үеэр ирж, Монголд хэд дахин нугарсан үнэтэй байдаг брэндийн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр авах сонирхолтой байдаг.
 
-Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд байнга оролцох нь танай дэлгүүрийн хувьд ямар өгөөжтэй вэ?
 
-Манай дэлгүүр 25 жилийн өмнөөс “World Travel Market London”, “International Tourism Berlin” гэх зэрэг олон улсын үзэсгэлэн чуулганд оролцож ирсэн. Берлин дэх үзэсгэлэнд Францын 60 гаруй түнш компани ирсэн. Тэднийн нэг нь манай их дэлгүүр. Дээр дурьдсанаар манайд үйлчлүүлж байгаа хүмүүийн тал нь гадаадаас ирж байгаа жуулчид учраас аялал жуулчлал болон тээврийн компаниудтай түншлэл тогтоож ажиллах бодлоготой байдаг учраас дэлхийн аялал жуулчлалын том үзэсгэлэнгүүдэд байнга оролцож байдаг. 
 
-Европын хямрал танай дэлгүүрийн худалдан авалтад хэр нөлөөлсөн бэ? Иймэрхүү үед хүмүүс хэрэглээндээ таналт хийдэг. Тэгвэл дэлгүүр ийм үед ямар тактик барьж ажилладаг бэ 
 
-“Galeries Lafayette” дэлгүүрт өнөөдрийн байдлаар гадаад үйлчлүүлэгчдийн хувьд Азиас хүмүүс их ирж байна. Тэр тусмаа Япон, Хятад, Тайван Сингапур, Малайз, Тайланд, Өмнөд Солонгос улсуудаас жил ирэх тусам жуулчдын тоо нэмэгдэж байна.
Сүүлийн үед Америк, Бразиль, Саудын Араб, Катар болон Европын орнуудын үйлчлүүлэгчдийн тоо ихсэх хандлагатай байгаа. Францууд өөрсдөө ч эдийн засгийн хямралаас гарч манай дэлгүүрээр үйлчлүүлэх нь ихсэж байна. 
 
-Олон жил “International Tourism Berlin” үзэсгэлэнд оролцсон хүний хувьд Монголын аялал жуулчлалынхны жил бүрийн оролцоог харж байсан болов уу? Манай улс түнш орон болсны хувьд хэр түвшинд байсан гэж бодож байна вэ?
 
-Ийм сайн оролцоно гэж бодсонгүй. Ер нь Берлин хотоор явахад Монголын тухай зураг хөрөг, сурталчилгаа маш их харагдаж байна. Миний бодлоор Европоос Монгол руу очих жуулчдын тоо эрс ихсэх байх.  Саяхан Францын найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн “Чонон сүлд” Парис тэргүүтэй бусад хотын кино театруудаар гарч эхэлсэн. Түүнээс хойш жуулчид хүлээж авдаг компаниудтай ярилцаж байхад Монгол руу явах хүсэлт, захиалга өгөх гэсэн хүмүүсийн тоо эрс ихэссэн гэж хэлж байна. Энэ “ITB-2015” ингээд оролцож байгаа нь мөн жуулчид өсөх том түлхэц гэж харж байгаа. Монголын тухай хүмүүс их ярьж байнa. 
 
-Франц жуулчдын хувьд ямар сонирхол чиглэлээр аялдаг хүмүүс байдаг вэ?
 
-Ерөнхийдөө Монголыг зорих гэж буй, зориод ирсэн хүмүүстэй ярилцаж байхад Монгол их таалагддаг гэдэг. Францууд өөрсдөө их аялдаг хүмүүс. Албан ёсны амралт нь цалинтай байдаг учир түүнийгээ бүрэн аялалдаа зориулдагтай үүнтэй нэлээд холбоотой. Ер нь сүүлийн хэдэн жил Монголын талаарх мэдээ мэдээлэл, сурталчилгаа, баримтат кино телевиз, радиогоор их гардаг болсон. Тиймээс францууд Монголын талаар нэлээд мэдлэгтэй болсон. Очсон хүмүүсээс асуухад, Говь, Хөвсгөл зэрэг газар их таалагддаг гэдэг. Мөн францууд жинхэнэ малчин айлд очоод ярилцах, амьдралтай нь танилцах хүсэлтэй байдаг.  Тэд очоод л буудал, гэр баазад зүгээр байж байгаад ирэх бус нутгийн иргэдийн амьдрал дотор өөрсдөө орж танилцах, уламжлалт соёлыг  биеэрээ мэдрэх дуртай, тийм төрлийн хүмүүс байдаг л даа. 
 
-Та эх орондоо хэр давтамжтай очдог бэ? 
 
-Жилдээ нэг Монголдоо очдог. Түрүү жил өвөл очсон. Очихдоо гэр бүлтэйгээ хөдөөгүүр аялах дуртай. Надад Хөвсгөл, Архангай, Булган аймаг их таалагддаг. Баруун болон зүүн аймгуудаар явж хараахан амжаагүй байна. Дараагийн удаа очихдоо аав ээжийнхээ нутаг Сүхбаатарт очно гэж бодож байгаа. 

-Танд хэзээ нэгэн цагт Монголд ирж ажиллаж, амьдрах санаа байдаг уу? 
 
-Байлгүй яахав. Өөрийнхөө сурч мэдсэнээ эх орондоо очиж түгээн дэлгэрүүлэх мөрөөдөлтэй явдаг шүү. 
 
 
 

Б.Энхцэцэг