Оюутолгой: Хэнд итгэх хэрэггүй вэ

Оюутолгойн хоёр дахь шатны буюу далд уурхайн хөрөнгө оруулалт хүлээгдэж байна. Ил уурхайн хөрөнгө оруулалтын зардал техник, эдийн засгийн үндэслэлээсээ хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хэтэрсэн хэмжээгээр Монгол Улсын төлөх өр нэмэгдээд байгаа нь асуудлыг ахин сөхөхөд хүргэсэн билээ. Энэ нь туйлын ашигтай тохиролцоонд хүрсэн гэж ойлгож байсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ үнэхээр үр өгөөжтэй болж чадсан уу гэдэг асуултыг бүх нийтийн өмнө тавьсан юм. Энэхүү асуултад өнөөдөр улс төрчид хоёр өөр хариу өгч буй. Үүнээс үүдэлтэйгээр дээрхээс түрүүнд чухам хэнд нь итгэх ёстой вэ гэдэгт хариулт олох нь зөв санагдана. 
 
Юуны өмнө улстөрчдийн өгч буй хариулт, тайлбарыг харьцуулж үзье
 
Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээ ашигтай болсон: Төрийн эзэмшил 34 хувь дээр бүх татвар, шимтгэлээ нэмж тооцвол Монгол Улс ашгийн 53 хувийг хүртэж байгаа. Үүн дээр туслан гүйцэтгэгч компаниудын орлого, ажилчдын цалин бас нэмэгдэнэ. 
 
Хоёрдугаарт Оюутолгойн гэрээ ашиггүй болсон: Нэгдүгээр шатны хөрөнгө оруулалтын зардлыг техник, эдийн засгийн үндэслэлээсээ зохиомлоор хэтрүүлж Монголын талын хүлээх ёсгүй хариуцлагыг хүчээр “тулган шаардаж” байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ, зардлыг хянах боломж олгоогүйгээрээ гэрээ ямар ч ашиггүй болсон гэдэг тайлбарыг УИХ-ын гишүүд, улстөрчид талцан мэтгэлцэж байна.
 
Одоогоор тодорхой нэг л зүйл байна. Ямартай ч Оюутолгой төсөл урагшлах ёстой, тэр нь Монгол Улсад ашигтай тусах ёстой гэдэгт улстөрчид бараг 100 хувь санал нэгдэж буй. Тиймээс хэзээ нэгэн цагт дараагийн хөрөнгө оруулалт хийх нь тодорхой (төлөвлөгөө ёсоор бол 2016 онд). Гэхдээ яг хэзээ вэ? 
 
Монголчууд цаг хугацааг алттай зүйрлэдэг. Өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтыг гацаах нь эзэмшил хувийг арав, хориор нэмсэн дүнгээс олох ашгаас ч илүү хэмжээний хохирлыг Монгол Улсад учруулна гэсэн тайлбар сүүлийн үед гаднын хэвлэл, сошиал ертөнцөөр явах болжээ. Оюутолгойн асуудал хэрхэхийг гаднын бусад хөрөнгө оруулагч ажиж байгаатай холбож буй.
Нөгөө талдаа Оюутолгойн гэрээ ашиггүй болсон гэдгийг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулснаар нотолж байна. 30 гаруй жил ашигласан, нөөц нь Оюутолгойгоос хэд дахин бага гэгдэж буй Эрдэнэтийн улсын төсөвт оруулж буй орлого эхний жишээ. Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг бол Оюутолгой есөн хувийг л эзэлж байна. Гэхдээ Оюутолгойг дагаж бусад төслүүд цэцэглэсэн, жижиг дунд үйлдвэр сэргэж, эрчинд нь эдийн засаг хүчээ авсан, гаднын хөрөнгө оруулагчид Монголд итгэсэнийг бас дурдах нь зүйтэй.
 
Хоёр дахь шатны хөрөнгө оруулалт яагаад чухал юм бэ?
 
Судалж тогтоосноор Оюутолгойн үр ашгийн 80 хувь нь далд уурхайд дараатай байгаа аж. Гэтэл сүүлийн үед нөөц нь нэмэгдэж магадгүй гэсэн мэдээллийг Оюу Толгой компанийн зүгээс өгсөн гэж ярих боллоо. Энэ үнэн ч бай, үгүй ч бай жинхэнэ баялагтаа бид хүрээгүй байгаа нь тодорхой. 
 
Ил уурхай ашиглалтад орсноос хойших хугацаанд Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэлхийд рекорд тогтоосон өндөр амжилт үзүүлсэн. Эдийн засаг тэлж их хэмжээний бүтээн байгуулалт бидний нүдэн дээр өрнөж байв.  Хэрэв далд уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдвэл ирэх үр өгөөж, өрнөх өөрчлөлтийг урьдаас төсөөлж болохоор. 
 
“Оюу толгой” 1244 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 784 нь үндэсний компани юм. Худалдан авалтын зардлын 50-иас дээш хувийг эдгээр компанид зарцуулав. Энэ оны нэгдүгээр улиралд 429 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 207 нь үндэсний компани байна. Үйл ажиллагааны худалдан авалтын 58 хувийг эдгээр компанид зарцуулжээ.
 
2010 оноос өдийг хүртэл Оюу толгой Монголын компаниудтай худалдан авалт хийсэн дүн, Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар хураамж, ажилчдын цалин зэргээр дотоодод нийт 4.78 тэрбум ам.доллар зарцуулжээ. Төслийн нэгдүгээр шатны төслийн санхүүжилт нь 6.5 тэрбум ам.доллар байгаа юм. (2010 оны батлагдсан техник эдийн засгийн үндэслэлээр 5.7 тэрбум ам.доллар). Үүнийн 76 хувийг Монгол компаниудад хийсэн төлбөр, таван хувийг үндсэн болон гэрээт ажилтнуудын цалин, 19 хувийг Монгол Улсын төсөвт байгууллагад төлсөн шууд төлбөрүүд (татвар, нийгмийн даатгал, хураамж, бусад төлбөрүүд) эзэлж байгаа аж.
 
Энэ оны байдлаар нийт ажиллах хүчний 95 хувийг монгол иргэд бүрдүүлж байгаа бөгөөд тэдний 21.7 хувийг Өмнөговь аймгийн иргэд эзэлж байна. Эдгээр тоо Оюутолгой өнгөрсөн хугацаанд бидэнд юу өгснийг харуулж буй. Харин бид түүнийг нь юу болгож үлдээв гэдэг нь тусдаа асуудал. Тэгвэл ирээдүйд юу өгөх, түүнийг нь бид юунд шингээж үлдээх вэ гэдэг л ярих ёстой гол сэдэв.
 
Үнэнийг хаанаас хайх вэ?
 
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ үнэхээр ашигтай болсон эсэхийг өнөөдөр дэнслэх оролдлогууд хийгдэж байна. Гэхдээ энэ оролдлогыг гол төлөв улстөрчид хийж байгаа нь иргэдийг талцуулж, заримыг нь төөрөгдөлд ороход хүргэж байх шиг. Хүн бүр зөвхөн өөрийн мэдэж буй нэг баримтын хүрээнд ярьж байгаа нь бүрэн гүйцэт хариулт болж чадахгүй байна. Асуудалд улс төрийн өнцгөөс бус эдийн засгийн, илүү шинжлэх ухаанч үүднээс хандаж бүрэн дүүрэн ул суурьтай дүн шинжилгээ өнөөг болтол хийгээгүй л байна. 
 
Энэ нь нэг талаар баримт, мэдээлэл олонд хүртээмжгүй байгаатай холбоотой. Тухайлбал өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод асуудлыг хаалттай хуралдаанаар авч хэлэлцсэн юм. Сүүлийн хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн шалгалтын дүнг сонссон. Гэвч өнөөг хүртэл ажлын хэсгийн дүнг олон нийтэд танилцуулаагүй байсаар.
 
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Оюутолгойн гэрээг уншиж үзсэн хүн маш цөөхөн. Асуудлын гол нь энд байна” хэмээн телевизийн ярилцлагандаа дурдсан нь бий. Хэдийгээр гэрээ олон нийтэд нээлттэй, хаанаас ч олж унших боломжтой байгаа ч тайлан тооцоог гэрээтэй тулгаж үзэх боломж үүн шиг ээ биш ажээ. Нэгэнтээ танд бүрэн гүйцэт мэдээлэл үгүй бол улс төрчдийн хий хоосон, популизм хийсэн үгэнд итгээд хэрэггүй болов уу гэж бодогдох. Итгэл үнэмшил таны сонголт ч гэлээ бодит үнэн ганц л байдаг. Тэр үнэнийг та мэдэх эрхтэй бөгөөд түүний тулд баримт мэдээллийг шаардах нь ардчиллын мөн чанар юм.
 
 

Ц.Элбэгсайхан