Л.Эрдэнэчимэг: Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулагчаар шалгарсан компанийн бүх зүйл барьцаанд байна

Тавантолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлэх эсэх дүгнэлтийг гаргах зорилготой ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. УИХ-аас байгуулсан тус хэсгийн ажлын явц ямар байгаа талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. 

-УИХ-аас Тавантолгойн ажлын хэсэг байгуулаад тав хоногийн хугацаа өнгөрлөө. Та бүхний ажлын явц ямар байна вэ? 

-Үндсэн ажлын хэсэг нэг удаа хуралдсан бөгөөд хуралдаанаар ажлын дэд хэсэгт зохих үүрэг даалгавруудыг өгсөн. Тэд удирдамжид буй 14 асуултын дагуу бүх материалыг цуглуулж, бэлдэж өгөх ёстой. Дэд хэсгийнхэн холбогдох газруудаас материалуудаа цуглуулж, хуралдан нэлээд шахуу ажиллаж байна. Одоо ч гэсэн хуралдаж байна. Бид эхний байдлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зам тээврийн яам, Монголын төмөр зам компани зэрэг зургаан төрийн байгууллага руу албан бичиг илгээгээд байна. Эдгээр байгууллагаас санхүүгийн хэд хэдэн материалыг чухалчилж хүссэн. Учир нь Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулагчаар шалгарч  буй “Mongolian Mining Corporation” буюу “ММС” компанийн 2014 оны тайланд дүгнэлт хийж үзэхэд тус компани өнөөдөр нэг тэрбум 23 сая ам.долларын өртэй байна. Тодруулбал, тус компани Нидерландын “FMO”, Германы “DEG” тэргүүтэй долоон банкинд өртэйгээс гадна, 600 сая ам.долларын бонд гаргасан байна.

Энэ сарын 15 гэхэд дээрх банкуудад төлөх дараагийн төлбөрүүд хийгдэх ёстой. 2017 он гэхэд бондоо төлж дуусах ёстой. Үүнээс гадна, дээрх банкиудад “Энержи Ресурс” компанийн Ухаа худагийн уурхай дээр хийсэн бүтээн байгуулалт болох цахилгаан станц, усан байгууламжууд, нүүрс угаах үйлдвэр зэргийг зээлийн барьцаанд тавьжээ. 600 сая ам.долларын бондын барьцаанд нэгдсэн компаниудын бүх хувьцааг тавьсан байна. Тэгэхээр Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулагчаар шалгарч байгаа компанийн бүх зүйл барьцаанд байна. Тиймээс ийм том өртэй байгаа компанид Монголыг төлөөлөх 51 хувийн эрхийг өгөх боломжтой эсэхийг судлаж үзэх шаардлагатай. Энэ бол бидний гаргаж буй эхний дүгнэлт. Тиймээс “MMC” компанийн дамнасан бүх компанийн сүүлийн гурван сарын хугацааны санхүүгийн баримтуудыг гаргаж өгөх. Мөн Засгийн газар гаднын санхүүгийн томоохон зөвлөх авч тэдгээр компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, энэ төслийг хэрэгжүүлж чадах эсэх дүгнэлтийг гаргаж өгөх шаардлага тавиад байна. Засгийн газар бидний шаардсан зүйлсийг аль болох хурдан, богино хугацаанд шийдэж өгвөл бид дүгнэлтээ гаргахад бэлэн байна.

-Тэгэхээр өнгөрсөн хугацаанд эдгээр компанийн талаар Засгийн газар ямар ч мэдээлэл авахгүй байсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Тавантолгойн асуудал УИХ-руу нэг ч удаа орж ирээгүй. Өнөөдрийн миний ахлаж байгаа ажлын хэсгийнхэн 15 хоногийн өмнө Тавантолгойн талаарх эхний материалаа авлаа ш дээ. 76 гишүүнээс хамгийн их мэдээлэлтэй байгаа нь би болоод байна. Гэтэл би дөнгөж эхнийхээ мэдээллүүдээ аваад сууж байдаг. Бусад гишүүнд мэдэхгүй зүйл нэлээд байгаа. Тиймээс үүнийг нягталж үзэх шаардлага байна. Яг энэ байдлаар нь харахад энэ гэрээ энэ чигтээ явах боломжгүй. 

-Та болон ажлын хэсгийнхэн үндсэн гэрээтэй танилцсан уу?

-Яг үндсэн гэрээтэй Ажлын хэсгийн дэд хэсгийн дарга А.Гансүх гэрээ байгуулагдахын өмнөх хугацаанд танилцаад дүгнэлт гарсан. Одоо тэр гэрээ яг тэр хэвээрээ байгаа эсэхийг дахин нягтлах шаардлагатай байна. Тэгэхээр үндсэндээ гэрээтэй зуун хувь танилцсан гэж үзэж байгаа. 

-Тавантолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаснаар иргэн бүр 2000 төгрөг авахаар байна гээд байна. Гэрээнд яг ийм нөхцөл үүсэхээр заалт байгаа юм уу?

-6.5 тэрбум тонн нөөцтэй том ордын 98 хувийг компаниудад бэлэглэж, хоёрхон хувийг авахаар байгаа. Тэр хоёрхон хувь нь Монголд жилд 25 сая ам.доллар ногдохоор байна. Үүнийг 2.1 сая иргэнд хувааж үзэхэд нэг хүнд жилд 2000 төгрөг ногдож байгаа юм. Ерөнхий сайд “Энэ гэрээнд гарын үсэг зурж, 500 сая ам.долларыг бид урьдчилж авна” гээд байгаа. Гэтэл гэрээг үзэхэд 200 сая ам.долларыг төслийн компаниудын ирээдүйд төлөх ёстой рояалтиг жилийн 4.5 хүүтэйгээр урьдчилж авахаар байна. Ингэхээр энэ төслийн гэрээг энэ хэвээр нь явуулах боломжгүй. 

-УИХ-д Тавантолгойн асуудлыг цэгцлэх хүсэлтэй, ажлыг явуулах гишүүд хэр их байна вэ? 

-УИХ дарга их хурлаар хэлэлцүүлэхгүй, шууд Засгийн газар дээр шийдвэрлэж, үзэглэгдэн цааш явах гэж байсан төслийг зогсоож чадсан. УИХ руу оруулж ирсэн. УИХ-д оруулж ирснээр ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх гол зорилго бий.  Бид өөр өөрийн сонгогдсон иргэдийн эрх ашгийг хамгаалж УИХ дээр энэ төслийг хэлэлцэх ёстой гэж харж байна. 

 

 

 

Г.Орхон