Тавантолгой төслийн эдийн засгийн үр өгөөж

Тавантолгой мега төслийг урагшлуулах эсэх тухай асуудал УИХ-ын түвшинд хэлэлцэгдэхээр болсон. Хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээ нь үнэхээр ашигтай юу, алдагдалтай юу гэдэг дээр эсрэг тэсрэг байр суурийг Засгийн газар болон УИХ-ын түвшинд илэрхийлж буй. Харин Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг  сонгох ажлын хэсэг дараах тоон мэдээллийг өгч байна.
 
Тухайлбал, консорциумтай хамтран ажилласнаар үйл ажиллагаанаас хүлээдэг 492 сая ам.долларын алдагдал үгүй болж экспортын орлого 990 сая ам.доллараас 5.4 тэрбум ам.доллар хүрч өсөх бөгөөд зөвхөн татвараас олж буй 167 сая ам.доллар дээр нэмээд бусад эх үүсвэрээс нийт 1.2 тэрбум ам.долларыг Улсын төсөвт оруулах тооцоо хийжээ. 
 
 
Гэрээ зурагдмагц 620 сая ам.долларын мөнгө урсгал шууд орж ирэх бол цаашид жил тутам 1.2 тэрбум ам.долларын экспортын орлого, 530 сая ам.доллар хүртэлх татвар хураамж авах аж. Төслийн хүрээнд нийт гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд 12000 хүртэлх Монгол иргэн ажлын байраар хангагдна гэсэн судалгааны дүн гарчээ.
 
Түүнээс гадна бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр 2000 орчим дотоодын аж ахуйн нэгж, компани ажиллаж үйл ажиллагааны зардал хэлбэрээр нэг тэрбум хүртэлх ам.доллар шингээж үлдэх аж.  
 
 
Тавантолгой төсөлд хөрөнгө оруулагчдын гэрээг одоогоор УИХ-аар хэлэлцээгүй байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж тэдний саналыг авсны дараагаар УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж ирэх даалгаврыг Засгийн газар хүлээж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын хоёр сая орчим иргэн тус бүр тус ордын 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байна.