Нийслэлчүүдийг инээмсэглүүлэх төлөвлөгөө

“Манайд найрсаг байх төлбөр нэхдэггүй гэсэн үг байдаг.  Яг ингэж л бид Монголын иргэдийг үнэлдэг. Тэдэнд найрсаг, зочломтгой зан хэмжээлшгүй заяасан байдаг” хэмээн Берлин хотын дарга монголчуудыг үнэлсэн. Харин бид ингэж үнэлснийх нь дайтай байгаа юу.
 
Одоогоос таван жилийн өмнө манай үндэстнийг дэлхийн хамгийн “Cool” буюу “Янзтай” 14 үндэстний нэг гэж “CNN” агентлаг тодорхойлж байлаа. Монголчуудтай тааралдсан болон уулзсан гаднынхан нүдээ бүлтийлгэн “Чи монгол хүн юм уу” хэмээх тохиолдол олон гэж тэд хэлсэн байдаг. Үүнээс хойш хоёр жилийн дараа бид дэлхийн хамгийн “Хүйтэн хүмүүс”-ээр олон улс даяар дуудуулав. Тодруулбал, дэлхийн хамгийн найрсаг бөгөөд найрсаг бус орнууд гэсэн хоёр төрлийн жагсаалтыг Дэлхийн эдийн засгийн чуулган 2013 онд гаргахад бид найрсаг бус орнууд дотроо нэлээд дээгүүр эрэмблэгдсэн. Энэ үзүүлэлт нь улс орнуудын үйлчилгээний байгууллага, нийт хүн амын гаднын жуулчдад үзүүлж буй хандлагад суурилж гаргасан жагсаалт. Энэхүү муу нэрийг бид Хятад, Орос хөрштэйгээ хамт зүүсэн. 
 
Гэхдээ үүнтэй эвлэрээд суух нь монголчуудын гадаад дахь нэр хүнд, тэр тусмаа аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт хутга дүрэх мэт хөнөөлтэй. Өнгөрсөн оны есдүгээр сард баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр үүнийг залруулах том ажил гэж хэлж болохоор.  Тус хөтөлбөр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний малгай дор явж байгаа бөгөөд 2030 оны хөгжлийн чиг хандлагад тусгагдсаны дагуу нийслэл хотыг зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын зангилаа, Монгол туургатны соёлын аялал жуулчлалын төв болгоно гэх том зорилгыг өвөртөлж эхлүүлжээ. Тоон үзүүлэлтээр илэрхийлбэл, 2020 онд хоёр сая, 2030 онд таван сая гаднын жуулчин хүлээн авах хүчин чадал, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгож, соёлын олон талт үйлчилгээ бүхий хот болгон хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино гэжээ.
 
Жилдээ ирж буй хагас сая гаднын жуулчин Монголоор аялахын тулд хүссэн хүсээгүй Улаанбаатар хотоор дамждаг. Тиймээс гараа сайн бол бариа сайн гэдгээр гаднынхныг угтаж авах үүд хотоо өнгөлөх нийгэм, эдийн засгийн шаардлага байна. Бидэнд найрсаг байх бодит шаардлагууд тулгарсныг Улаанбаатар хотын захирагч “Уучлал” гуйсан саяхан бодит жишээ харуулж буй. Бурхан Халдун ууланд явж байсан гадныхныг доромжилж, хөөсөн монголчуудынхаа өмнөөс Э.Бат-Үүл захирагч уучлал гуйсан. Гэхдээ монголчууд гаднынханд муухай хандах тоолонд хотын захирагч уучлалт гуйгаад байж чадахгүй. Дараагийн удаа ийм хэрэг гарвал Э.Бат-Үүл дарга уучлал гуйхгүй, харин Монголын нэр “хугарна”. Тиймээс нийгмээрээ нэрээ цэвэрлэж авах үйлст нэгдэх нь зүйтэй. Түүний манлайд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр явж буй гэх. Тус хөтөлбөрийн цаана нэн тэргүүнд манай зочлох үйлчилгээнийхэн зогсож буй. Тиймээс ч үйл ажиллагаа тэднээс эхэлж байгаа гэнэ.
 
Сүүлийн жилүүдэд гадаадын иргэдтэй холбоотой хэргүүд өсөх хандлагатай байна. Харин ойрын үед та бид хэвлэл мэдээллээр цагдаагийн ажилтнуудыг англи хэлний сургалтад сургаж буйг, нийтийн үйлчилгээний чанар соёлын тухай гаднын томоохон мэргэжилтэн сургалт хийж байгааг, "Найрсаг УБ" зочлох үйлчилгээний олон улсын тэмцээн зэрэг арга хэмжээ болж буйг харах болсон. Энэ нь жуулчдын аюулгүй байдлыг хангах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй арга хэмжээ гэж Нийслэлийн аялал жуулчлалын байгууллагын мэргэжилтнүүд хэлж байна. Бид найрсаг эерэг хандлага, үйлчилгээтэй байснаар хүмүүст өндөр сэтгэгдэл үлдээнэ гэдэг нь мэдээж. Монголд зочлоод үйлчлүүлээд явсан хүмүүс бусадтайгаа эерэг сэтгэгдлээ хуваалцана. Өдгөө гаднынхан байтугай монголчууд өөрсдөө үйлчилгээний салбарынхны үйлчлэх соёл, харилцааны доголдлыг шүүмжилж бухимддаг. Тэгвэл үүнийг цэглэх эхлэх цэг нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр байж болох.
 
Хөтөлбөрийн хувьд гурван үе шаттайгаар 2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд үе шат бүр нь хоёр жилийн хугацаатай.  Эхний хоёр шатанд нийт зорьсон ажлын 60 хувийг хуваан гүйцэтгэх бол сүүлийн шатанд үлдсэн 40 хувийг хэрэгжүүлнэ.  Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баталсан төрийн байгууллага ганцаараа зүтгээд амжилт хол тул хувийн хэвшлийн оролцоог эн тэнцүүхэн хангаж ажиллах ардчилсан арга барилыг  ашиглах учир үр дүнгийн хувьд өндөр хүлээлттэй байгаа юм байна.
 
Үр дүнг нэхэхэд...
 
Бид өмнө нь тунхагийн чанартай олон сайхан төсөл хөтөлбөрт хий хоосон мөнгө цацчихаад нэхэх үр дүнгүй ард нь гарсан жишээ олон бий. Улаанбаатарыг найрсаг хот болгоё гэж ярьсаар дуусчихвал мөн дээрх жишгээр л төгсөнө. Тэгвэл хөтөлбөр шуударч 2020 он болох үед үр дүнг хэрхэн тооцох вэ гэдэг асуудал байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд хөтөлбөрийн үр дүнг тодорхой шалгуур үзүүлэлтээр хэмжинэ гэжээ. Тухайлбал, хөтөлбөр дуусах үед нийслэл хоёр сая жуулчин хүлээж авдаг, зочлох үйлчилгээний салбарын ажиллагсдын тоо хоёр дахин нэмэгдэн, 35 мянгад хүрч, аялал жуулчлалын шүүрэлтийн хэмжээ одоогийнхоос 30 хувиар багассан байх нь. Мөн 100 мянган жуулчинд ногдох гэмт хэрэг, зөрчлийн тоо гурав дахин буусан байх аж. Цаашлаад, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээ одоогийн 9.8 хувиас 20 хувь хүртэл нэмэгдэх юм байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хэмжээнд ахиц гарахгүй бол “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үр дүнгүй гэх ба санхүүжилтийг салхинд хийсгэсэн гэж үзэж болох нь. 
 
“Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн санхүүжилтэд нийслэлийн төсвийн таван хувийг зарцуулахаар НИТХ-ын тогтоолоор баталсан. Энэ нь 30 гаруй тэрбум төгрөг гэсэн үг. Гэхдээ энэ жил хөтөлбөрийн хүрээнд 44  соёл, спортын арга хэмжээ зохион байгуулах бөгөөд 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь жил бүр таван хувь гэсэн төсвөөс бага байгаа. Санхүүжилтийг харьцангуй багаар тогтоосныг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хөтөлбөр дөнгөж эхлэж буйтай  холбон тайлбарласан юм.  
 
Хотод олон сайхан байшин барилга баригдаж, зочид буудал, хоолны газар, үйлчилгээний газрууд үүдээ нээсээр. Тэдний орлогын эх үүсвэр мэдээж үйлчлүүлэгчид. Зочлох үйлчилгээнийхэн гэж нэрийдэх энэ салбарт гаднын жуулчид хүндтэй байр суурь эзэлдэг. Тэд аялж буй өдөр бүртээ олон төрлийн үйлчилгээ авч, худалдан авалтыг харамгүй хийгээд буцдаг улс. Мөн дотоодын үйлчдвэрлэгчдийн хувьд зөвхөн хотын сая хүнээр хязгаарлагдахгүйгээр гаднын жуулчид нэмэгдээд ирвэл бүтээгдэхүүнийх нь дотоод дахь борлуулалт өсөх боломж бий. Энэ нь гадагшаа экспортлох гэж зовохоос хамаагүй амар үйл явц. Манай улсад ирээд буцсан нэг жуулчин дунджаар 190 ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа байна. Жуулчдын тоо нэмэгдвэл энэхүү зарцуулалт илүү олон хүнээр үржигдэнэ. Мөн “Хотын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдэг гэх судалгаа бий. Тэгвэл энэ салбарын ашиг нэмэгдвэл, улс, хотын татвар өсч, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр-ийн санхүүжилт нэмэгдсэн дүнгээр эргээд татварын орлого болоод ороод ирнэ” хэмээн Ц.Энхцэнгэл дарга хэлсэн юм. 
Өдгөө хөтөлбөрийн хүрээнд энэ жил зохион байгуулах 32 олон нийтийн арга хэмжээний товыг аялал жуулчлалын байгууллагуудад өгчихсөн байгаа бөгөөд улмаар ирэх жилүүдээс тогтмолжуулахаар болж байгаа аж. Эдгээр арга хэмжээг гаднынхныг татах соронз болохуйц байх мөн дотоодын худалдан авалтыг дэмжиж, үйлчилгээний салбарын ор-логыг нэмэгдүүлэхүйц хэмжээнд байх гэсэн үндсэн шаардлагуудын хүрээнд сонгосон гэж холбогдох албаныхан хэллээ. Өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор долдугаар сард Монголд зочилдог нийт жуулчдын 70-80 хувь нь ирдэг үзэгдэл саарч, арга хэмжээнүүдэд хуваагдан, улирлын хувьд “таран” байршиж, салбарын хувийн хэвшлийнхний тогтвортой үйл ажиллагааг бүрдүүлэх учиртай.  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг улаанбаатарчуудыг инээмсэглүүлэх төлөвлөгөө гэж нэрийдэж болох. Эелдэг бус байсны ашиг байдаг уу гэвэл хариулт лав олдохгүй. Харин найрсаг үйлчилгээ, харилцааны ашиг гэвэл тоймгүй олдох биз. “Зан сайтай айлд хүн олон, замаг ихтэй усанд загас олон” гэдгээр улаанбаатарчууд одоо байгаагаасаа илүү найрсаг, эелдэг болчихвол магадгүй бид хэдэн жилийн дараа “Инээдэг хот” хэмээн цоллогдож, дэлхий дээрх хамгийн найрсаг орнуудын жагсаалтын эхний 10-т ороод ирэхийг хэн үгүйсгэхэв.
 
 
 
Б.Энхцэцэг