Монгол Польшийн экспортыг сайжруулах гараа

“Тэр олон уурхай, үйлдвэр нь хаана байна” гэж асуумаар Польш улсын өмнөд хэсэгт орших Катовице хотын өнөөгийн төрх. Уурхай байдаг газар гэсэн шиг уул мэт овоолсон шороо, томоо үйлдвэрийг илтгэх нүсэр барилга байгууламж энд барагтаа үзэгдэхгүй. Гагцхүү хаашаа л харна өнгө өнгийн цэцэгсээр гоёсон ногоон мод харагдах тул хотод биш ой модон дунд байна уу гэлтэй. Нэг тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй, машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан Польш орны хамгийн хурдацтай хөгжиж буй энэ хотод манай улсын уул уурхайн салбарынхан Катовицийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
 
Нийслэл Варшаваас 290 гаруй километрийн зайд орших тус хотод биднээс гадна Македон, Индонез болон Вьетнамаас төлөөлөгчид иржээ. Эдгээр улсын нийт 24 бизнес эрхлэгч болон эл хотын 20 гаруй үйлдвэрлэгчийг Польшийн Эдийн засгийн яамнаас хэрэгжүүлж буй “Зах зээлийн экспортын сэргэлт” гэх хөтөлбөр ийн нэгтгэв. 
 
Польшийн экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж буй эл хөтөлбөрийн хүрээнд тэд 11 улстай илүү нягт хамтарч ажиллахаар болсон бөгөөд үүний нэгээр манай улсыг сонгосон билээ. Энэ хүрээнд тэд хоёр улсын хүнс болон уул уурхайн салбарын худалдаа, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулахыг зорьж буй. Өнгөрсөн оны байдлаар Польш улсаас Монгол руу 35 сая еврогийн экспорт хийсэн бол тус улсын нийт импортод 68 мянган еврог бид нийлүүлжээ. Тэдэнд уг үзүүлэлт чамлалттай байгаа бөгөөд Польшийн Эдийн засгийн яамныхан дээрх зөрүүг аль болох багасгахыг зорьж байгаа гэв.  
 
Энэ хүрээнд хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарынхан өнгөрсөн сард уулзсан бол энэ удаа уул уурхайн салбарынхан уулзаж байна. Талуудын бизнес уулзалт Катовице хотоос эхэллээ. Сүүлийн жилүүдэд тус хотын үйлчилгээний салбар илүү хөгжиж байгаа бөгөөд оффис зориулалттай барилга түлхүү барьж байгаа аж. Энд нэлээд тооны уурхай байдгаас хоёр нь төрийн өмчийнх гэнэ. Эдгээрийн дийлэнх нь чулуун нүүрсний уурхай. Сүүлийн үед төрийн оролцоотой гэхээсээ хувийн хэвшлийнхэн уурхай байгуулах нь ихэсч байгаа талаар тус хотын Гадаадын шууд хөрөнгө оруулалтын мэргэжилтэн ярилаа. 
 
Уг уулзалтад Польшийн талаас ирсэн компаниудын дийлэнх нь уул уурхайн тоног, төхөөрөмж үйлдвэрлэдэг байна. Тэд манай улсын уурхайдад шаардлагатай тоног, төхөөрөмж болоод төрөл бүрийн машин нийлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Тус хотын компаниуд бусад оронтой хамтын ажиллагаагаатай байснаар хотын болоод улсын экспортын өсөлтөд чухал нөлөө үзүүлдэгийг сайн мэдэж байгаа тул ийн мэрийдэг аж. Тухайлбал, Катовице хотоос 300 км-ийн зайд орших, 70 жилийн түүхт “PBF” компани бараа, бүтээгдэхүүнийхээ 80 хувийг экспортолдог. Тус компани манай улсад уул уурхайн бүхий л машинд хэрэглэдэг төрөл бүрийн жийргэвч нийлүүлэх сонирхолтой байгаа гэв. “PBF” компани нь бүх бүтээгдэхүүн, түүхий эдээ өөрсдөө хийж, дотоодоосоо хангадаг тул бараа, бүтээгдэхүүний үйлдвэрээс гарах үнэ харьцангуй хямд байдаг бөгөөд ийм төрлийн үйлдвэрүүдээс ялгарах онцлог нь чанар гэлээ. 
 
Энэхүү бизнес уулзалтад Монголоос сонгогдон оролцож буй “Макс групп”-ын Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Ц.Соёл-Эрдэнэ “Польшийн үйлдвэрлэгчид зах зээлээ тэлэх, шинэ зах зээл олох болоод Монголын адил уул уурхай хөгжиж эхэлж буй зах зээл дээр гарах сонирхолтой байна. Бид томоохон төслүүд дээр Польшийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах боломж харагдаж байна” хэмээв. 
 
Мөн тэрбээр Польш улсад үйлдвэрлэсэн машин, тоног, төхөөрөмжүүд дэлхийн хэмжээний чанартай, үнийн хувьд өрсөлдөхүйц, хямд байж чадаж байгаа талаар дурьдлаа. Түүний адил уг уулзалтад оролцсон манай улсын төлөөллүүд Катовицийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллах боломж байгааг онцолж байна. 
 
Бизнес эрхлэгчид Катовицийн тэнгэр дор дахин уулзах чин хүсэлтэйгээр эхний өдрийн “B2B” уулзалт өндөрлөв. Маргааш тэд Силейз мужийн аж ахуйн нэгжүүдтэй танилцаж мөн дараагийн үйлдвэрлэгчидтэй уулзана. 
 
 
 

Г.Орхон