Монголыг ажиж суугаа Европын "акулууд" ингэж хэлж байна

Монгол, Македон, Индонез болон Вьетнамын уул уурхайн салбарынхан Польш улсын өмнөд хэсэгт налайх Катовице хотноо тус улсын үйлдвэрлэгчидтэй хоёр дахь өдрөө уулзалт хийлээ. Үйлдвэрлэлийн төв цэг болсон эл хотын төвд байрлах “Miedzynarodowe” олон улсын хурлын төв ордонд цугласан Польш улсын 20 гаруй бизнес эрхлэгчийн алсын хараа Монголын зүгт чиглэж явна. Товчхондоо, хоёр өдөр үргэлжилсэн “B2B” уулзалтын үеэр Монгол Улсын төлөөлөгчид суусан ширээ гаднын зочдоор дүүрэн байлаа. Польшид нэг үе олборлолт явуулж байсан хэд хэдэн уурхайн үйл ажиллагааг зогсоосон. Учир нь, гүний уурхайн олборлолтоор дэлхийд дээгүүрт ордог тус улсын уурхайчид тухайн үеийн тоног төхөөрөмж дийлэхээргүй гүн ухжээ. Гэвч сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгчид илүү гүнд ажиллах хүчин чадалтай машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэн, тэдгээр хаасан уурхайг дахин ашиглаж эхэлсэн байна. Тэдний бүтээл илүү ухаалаг, автомат нөгөө талаар хуучны чанар сайтай, хэрэглэхэд хялбар тал руу чиглэж байгаа гэнэ. Уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр улсдаа төдийгүй Европын зах зээлд аль хэдийнэ хөлөө олсон Польш улсын үйлдвэрлэгчид ийн ярьж байна. 

Кшиштоф Каркошка /Krzysztof Karkoszka “Karbo” компанийн маркетингийн захирал/:
 
-Бид гүний уурхайн дэлбэрэлтээс сэргийлсэн цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Монгол компанитай хамтарч өөрсдийн бүтээгдэхүүнээ танай улсад үйлдвэрлэх сонирхолтой байна. Учир нь эндээс бараа, бүтээгдэхүүнээ байнга зөөх боломжгүй. Казакстан, Орос улсаас илүү Монголыг сонирхож байгаа. Учир нь, тэнд уул уурхай илүү их хөгжинө. Манай компани энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Польшийн зах зээлийн 65 хувийг эзэлдэг. Вьетнам, Аргентинд 50 хувь, Украйны 20 хувийг эзэлж байна. 
 
 
 
Богдан Кулиш /Воgdan Kulisz “Trans Tel” компанийн ерөнхийлөгч/:
 
-Манай компани гүний уурхайд зориулсан мэдээлэл дамжуулах радио системийг 25 дахь жилдээ үйлдвэрлэж байна. Португаль, Турк зэрэг оронд нийт долоон уурхайд манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Мөн Англи, Герман улсын компаниудтай хамтарч ажилладаг. Монголын хувьд энэ анхны уулзалт. Бид Турк улсын гэрэл үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажилладаг. Манай үйлдвэрлэж буй гэрэл байршил тогтоох системтэй. Саяхан Польшийн нэг уурхайд метан дэлбэрэхэд тухайн уурхайн ажилчдыг хайж олох гэж их асуудал үүссэн. Бидний үйлдвэрлэж буй гэрлийг авч явж буй уурхайн ажилтныг хаанаас ч олох боломжтой. Вьетнамын зах зээлд орохын тулд бид таван жилийг зарцуулсан. Монгол Улстай хамтарч ажиллахад магадгүй энэ хугацааг туулах байх гэж бодож байна. Гэхдээ богино хугацаанд нэвтрэхийг хүсч байна.

Валдемар Миклер /Waldemar Mikler “Niwka” компанийн Маркетинг судалгааны дарга/:
 
-Монголыг дөнгөж сонирхож эхэлж байна. Бид Хятад, Латин Америк, Колумб болон Европын орнуудын зах зээлд орсон. Өмнө нь Вьетнам руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан ч бидний харилцаа нэг үе тасарсан. Бид хоорондын холбоогоо дахин сэргээж байгаа. Манайх гүний уурхайн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, 180 жилийн түүхтэй. Эдгээрээс зөвхөн газрын гүн дэх хойлоогоор олборлож буй таваарыг татаж авдаг машины үйлдвэрлэлээр гэхэд Польшийн зах зээлийн зуун хувийг эзэлдэг. Нийт 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид үйлчилгээний компаниа Монголд нээх сонирхолтой байна. 
 
Роберт Злезарчик /Robert Zlezarczyk "TF Kable" компанийн Борлуулалтын албаны дарга/:
 
-Манайх кабель үйлдвэрлэлээрээ Европтоо гуравдугаарт ордог. Польшид дөрөвт, Украйн болон Сербид тус тус үйлдвэртэй бөгөөд нийт 3000 ажилтантай. Сард дунджаар 60-100 км уул уурхайн зориулалттай кабель үйлдвэрлэж байна. Жилд 800 сая еврогийн нийлүүлэлт хийдгээс 60 орчим хувийг нь экспортолдог. Бид Оюутолгойн уурхай руу эхний хоёр км кабель нийлүүлсэн. Энэхүү Монголд оруулсан кабель харанхуйд гэрэлтдэг бөгөөд ил уурхайд түлхүү хэрэглэдэг юм. Монголын “My Mon Source” гэх компанитай хамтарч ажиллаж байгаа бөгөөд хоёр жилийн өмнө Монголд очсон. Удахгүй очно гэдэгт найдаж байна.
 
Рафал Зарзуски /Rafal Zarzycki “Gonar” компанийн ТУЗ-ийн дэд захирал/:
 
-1974 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Манайх гүний болон ил уурхайн туннел барих, мөн өрөмдлөгийн үед хэрэглэдэг төрөл бүрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Норвег, Швейд, Чех тэргүүтэй Европын ихэнх оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Бид тоног төхөөрөмжөө Азид зөвхөн Вьетнам руу оруулж байгаа бөгөөд Монгол Улс руу орохын тулд одоогоор тодорхой алхам хийгээгүй байна. Дөнгөж судалж байгаа. Манай компанийн бараа, бүтээгдэхүүн Польшийн уул уурхайн зах зээлийн 80 хувь, зам, барилгын 50 орчим хувийг эзэлдэг. Бидний амжилтын нууц шаргуу хөдөлмөр.
 
 
 
 
 
 
 
 
Г.Түшээ