Эдийн засагт агаар бэлэглэгч

Уруудах. Энэ үгээр эдийн засаг илэрхийлэгдэж байгаа ийм үед “доожоогүй” мэдээ дуулсаар байгаад сэтгэл дагаад хямарчих юм. Тухайлбал, маргааш цалин буух уу үгүй юу гэдэг монголчуудын хувьд хамгийн эмзэг сэдэв болчихсон. Ер нь муу мэдээ харж, сонсож, уншсаар байгаад сайн мэдээ харах хүсэл өөрийн эрхгүй ундарч байна бидэнд. 
 
Ашгүй эдийн засагт ус мэт хэрэгтэй байгаа гадаадын хөрөнгө оруулалт наашлах тухай мэдээ дуулдлаа. Хүнээр бол агаарын дутагдалд ороод муурахаа шахаж байгаа манай эдийн засагт энэ онд гэхэд л 13.6 сая, ирэх онд 13 сая ам.доллар орж ирэх гэрээ үзэглэчихэж Монгол Улс. Мөн 1.4 сая ам.долларыг Засгийн газарт төлөх төлбөрт зарцуулах гэнэ. Ийм хэмжээний мөнгө эдийн засагт ороод ирвэл ямартай ч муураад уначихгүй. Муу мэдээний хордлогод орсон мань мэтэд хүртэл ийм мэдээ агаар бэлэглэж байхад. 
 
Эдийн засагт агаар бэлэглэж байгаа энэ компани бол Английн “Бритиш газ” юм. Тус компани “Сентрал азиан петролеум корпорэйшн”-ийн газрын тосны хайгуулын “Богд-IV”, “Онги-V” талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийн 78 хувийг шилжүүлж авах шийдвэр гарчээ. 
 
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Барууны томоохон компани биднийг сонирхож байгаа нь эрх зүйн орчин сайжирсантай холбоотой. “Бритиш газ” компани дэлхийн 23 оронд газрын тосны олборлолтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Мөн сүүлийн 10-аад жил эрсдэл өндөртэй 15 төсөл дээр ажилласан байдаг. Тэрхүү төслүүдийн 14 нь амжилттай хэрэгжсэн байна. Манай улсын хувьд өндөр эрсдэлтэй орны тоонд багтана. Тиймээс туршлагатай компани орж ирж байгаа нь сайн хэрэг” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 
 
Дээрх гэрээнээс гадна бүтээгдэхүүн хуваах гэрээний зөвшөөрөл газрын тосны салбарт хэд хэд гарсан байна. Эхнийх нь “Увс-1” талбай дээр Хонконгийн хөрөнгө оруулалттай “Увс петролиум” компани шалгарсан. Мөн “Хэрлэн тохой-28” талбай дээр Хонгонгийн “Хонконг Вэллэк” компанитай бүттээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байна. Эдгээр гэрээг дагаад ноён ам.доллар Монголд орж ирнэ. Тэгвэл эдийн засаг дээрдэх нь мэдээж. 
 
 
Э.Зоригт