Монголын Засгийн газар Рио Тинтотой тохиролцож чадлаа

Удаан хугацаанд олныг хүлээлтэд оруулж “дуншиж” байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын асуудал дээр Монголын Засгийн газар Рио Тинтотой тохиролцож чадлаа.
 
“Оюу толгой” ХХК-ийн хувьцаа  эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудыг тусгасан “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зуржээ. Өмнө нь Рио Тинто компани зургаан тэрбум ам.долларын санхүүжилтийг хийсэн билээ. 
 
“Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус компани албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ АНЭУ-ын Дубай хотод болжээ. 
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Бид эргэн ажилдаа орлоо. Оюутолгой бол дэлхийн хэмжээний алт, зэсний нөөц. Тиймээс ч Монголын цаашдын хөгжлийн хувьд эдийн засгийн чухал ач холбогдолтой. Бид түнштэйгээ урагшлах замыг сонгож, хамтын ажиллагааны сууриа дахин шинээр гэхдээ харилцан итгэлцэл дээр суурилж тавилаа. Хамтын түншлэл урт хугацаанд бат байх нь Монголын эдийн засгийн өсөлтийг хангах учиртай" хэмээгээд байна. 
 
Энэхүү төлөвлөгөөнд далд уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлуудыг тохиролцсоны дотор төслийн санхүүжилтийг эцэслэх, техник эдийн засгийн үндэслэлийг дахин хянах, батлуулах, шаардлагатай бүх зөвшөөрлийг авахад тус тус голлон төвлөрч ажиллах ба ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн явуулах нөхцөл бүрдэнэ.
“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Г.Батсүх “Хувьцаа эзэмшигчдийн гаргасан энэхүү шийдвэр нь Оюу толгойтой холбоотой бүх талуудад нэн таатай үйл явдал болж байна. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хэлэлцээрийн багуудад мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр, харилцан хүндэтгэл гарган ажиллаж, энэхүү шийдэлд хүрлээ. Оюу толгой төсөл, түүний хувь нийлүүлэгчид төдийгүй Монголын ард түмний хувьд энэ нь бахархалт мөч бөгөөд ТУЗ-ийн нэрийн өмнөөс бүх талуудад баяр хүргэж байна” гэсэн байна. 
 
“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ “Оюу толгойн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн явдалд сэтгэл хангалуун байна. Ингэснээр газрын гүнд байрлаж буй, дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бололцоо бүрдэж байна” гэсэн байна. 
 
Тэрбээр мөн хэлэхдээ “Өнгөрсөн онд компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлын ажлыг хүлээж авсан өдрөөс эхлэн хамтран ажиллаж буй Монгол ажиллагсдынхаа мэргэжлийн өндөр ур чадвар, ажилдаа чин сэтгэлээсээ махруу ханддаг байдалд нь би үргэлж сэтгэл хангалуун явдаг.Өнөөдөр ил уурхайн үйл ажиллагаа аюул осолгүй, үр бүтээмжтэй явагдаж байна. Цаашид ч аюулгүй ажиллагаа бидний нэн тэргүүний чиглэл хэвээр байх болно. Бид урт хугацааны бизнесийн бат бэх үндэс суурь бүрдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны суурь зардлыг бууруулахад үргэлжлүүлэн анхаарч ажиллана” гэсэн юм. 
 
Энэ онд “Оюу толгой” компани үйл ажиллагаандаа томоохон ахиц дэвшлүүд гаргасан нь далд уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн гэж компанийн зүгээс үзэж байгаагаа хэвлэлийн мэдэгдэлдээ бичжээ. Энэ оны нэгдүгээр улиралд, нэг сая дахь тонн баяжмалыг экспортод гаргасны зэрэгцээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн түүнчлэн дөрөвдүгээр сард Өмнөговь аймагтай байгаль орчин, ус, бэлчээрийн менежмент, соёлын өв, орон нутгийн бизнесийн хөгжил зэрэг чиглэлээр тогтвортой хөгжлийг хангаж ажиллах Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан байна.