Эрүүл мэндийн салбарыг "дампуурлаас" гаргах арга

Эрүүл мэндийн салбарын өрхөд суурилсан тогтолцоо манай улсад үүсч хөгжөөд 20 орчим жил болж байна. Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад өрхийн эмнэлэгийн үйлчилгээний ач холбогдол өндөр. Гэвч өрхийн эмнэлэгийн байр сав, эмч нарийн ур чадвар дутагдалтай байгаа. Эмч мэргэжилтнүүдийн чадварыг тасралтгүй сайжруулах шаардлага байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Б.Ганбат хэллээ. Өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээ, эмч нарыг иргэд голдог ч яагаад ийм түвшинд байгаа вэ гэдэг асуултыг төдийлэн төрд тавиад байдаггүй. Эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээ гэхээсээ хувийн эмнэлгүүдийн тоо олширч, үйлчилгээ сайжирсан, үнэ нэмэгдсэн гэх зэрэг л өөрчлөлт гараад буй. Өөрөөр хэлбэл, аливаа өвчинг хүндэрчихсэн хойно үнэтэй эмчилж өгөх газар олширсноос сэргийлдэг, хөнгөн үед нь арга хэмжээ авдаг өрхийн эмнэлгүүдийн хувьд дорвитой өөрчлөлт гараагүй.  
 
Эрүүл мэнд Спортын яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газар 2015 онд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд Нийслэлийн засаг даргын тамгын газраас ажилгүйдлийг бууруулая, Эрүүл мэндийг дэмжье” гэсэн уриа гарган ажиллаж байгаа аж. Нийслэл хотод 129 өрхийн эрүүл мэндийн төв, 13 салбартайгаар 145 цэгт ажиллаж байна. Мөн нийслэл төдийгүй аймаг орон нутгийн өрхийн эмнэлэгийн ачаалал их байдаг учраас үйлчилгээний чанарт нөлөөлдөг гэдгийг өрхийн эмч нарын зөвлөгөөний үеэр хэлж байсан юм. Энэ талаар Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Оюунсүрэн “Нэг өрхийн эмчид дунджаар 2113 хүн ногдож байгаа бөгөөд эмч нарын 63 хувь нь нарийн мэргэжил эзэмшсэн байна.
 
Өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжин орсон 16 жилийн хугацаанд өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх бодлогын олон шийдвэрүүд гарч байгаа ч хэрэгжилт төдийлэн хангалттай бус байна” гэсэн юм. Тухайлбал, өнөөдрийг хүртэл өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хууль эрх зүйн орчин тодорхой бус, санхүүжилт хүрэлцдэггүй, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар сул зэрэг олон зүйлээс шалтгаалж олон нийтийн дунд өрхийн эрүүл мэндийн төв, өрхийн эмч нарын үзүүлж буй үйлчилгээнд сэтгэл ханамж доогуур байдаг. Иймээс иргэд ихэвчлэн хоёр болон гурав дахь шатлалын эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг рүү хандах нь элбэг байдаг аж. Өрхийн эмнэлгүүд нь эмч нарын хувьд  дамжин өнгөрөх дамжлагын үүрэг гүйцэтгэдэг нь нэг талаас иргэд эмч нарын чадварыг үнэлэхгүй байх, нөгөө талаас эмч нар өрхийн эмнэлэгт чадвар суучихаад үлдэхгүй байх суурь болж буй. Тиймээс өрхийн эмнэлгийг үнэлэмжийг сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байна. 
 
Одоогоор өрхийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эмнэлэгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт, засаглал, хяналт хариуцлагын тогтолцоо сул, салбарын санхүүжилт хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тааруу байгаа гэв. Үүнд тулгуурлан эрүүл мэндийн яамны зүгээс энэ онд хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсан. Өндөр өртөг бүхий мэс заслын зардлын 75 хувийг даатгалаас гаргахаар болсон төдийгүй даатгуулагчийг урамшуулах эрүүл мэндийн үйлчилгээний гурван багцтай болсон байна.
 
Түүнчлэн нийслэлийн эрүүл мэндийн салбарт 6120 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагийн 1626 буюу 26.5 хувь нь өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна. Өнөөдөр манай улсын нэг иргэн даатгалаас 165 мянган төгрөгийн тусламж үйлчилгээ хүртэх эрхтэй байдаг аж. Үүний 41 хувь нь иргэн хүнээс 42 хувь нь улсын төсвөөс үлдсэн 17 хувийг даатгалаас зарцуулдаг байна. Энэ жилийн хувьд улсын төсвийн санхүүжилт 20 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ онд 624 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Энэ онд эмчийн ур чадвар, эмнэлэгийн салбарын үйлчилгээний доголдол ачааллыг арилгахаар нэн тэргүүнд зорин ажиллана. Түүнчлэн салбарын тоног төхөөрөмж, эмнэлгийн хүрэлцээгүй байдлаас үүдсэн хүндрэл багагүй гарч байгааг өөрчилнө” гэсэн юм. Жил бүр шинэчлэл хийж, хамгийн их анхаарал хандуулах салбар гэж үздэг ч өнөөг хүртэл тус салбарт хийсэн ажлын үр дүн өгөөжийг үнэлэхээс илүү үгүйсгэх нь олонтаа. Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улс нэг ч эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг бариагүй байна. Гаднын улс орны жишгээс харахад нэг хороолол барилга барьж байгаа л бол эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний төвийг хамтад нь барьдаг. Хувийн хэвшлийн зүгээс хоёр гуравдугаар шатлалын эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай хүргэж байна. Тэгвэл одоо төрийн зүгээс өрхийн эмнэлэгийнхээ хөгжилд анхаарах цаг болсон” гэлээ. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ачаалал ч аяндаа буурах гэнэ. 
 
Мөн салбарын бодлогод тусгасанаар өрхийн эмнэлэгт дадлагажигчаар очиж буй оюутан цалинтай ажиллах, өрхийн эмч нарыг тогтмол сургалтад хамруулах, хөрөнгө оруулалтыг анхан болон дунд шатны эрүүл мэндийн салбарт төвлөрүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авах аж. Мөн С.Ламбаа гуайн хэлж буйгаар эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг төгөлдөржүүлж, түүнээсээ гажихгүй явах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын тухай хуулиудаас үзэхэд өнөөг хүртэл ариун цэврийн тухай хууль л өөрчлөгдөөгүй байна. Тогтворгүй нэгдсэн бодлогогүй яваагийн тод жишээ энэ юм гэв. Эмчлэхийн тулд биш эрүүл байхын тулд анхан шатны үйлчилгээг сайжруулж энэ салбарт зарцуулж буй хөрөнгөөр салбарын хөгжлийг хурдасгах бүрэн боломж бий гэдгийг салбарынхан хэлж байна. Монгол улсын иргэдийн эрүүл мэндийн манаанд зогсож буй өрхийн эмнэлгүүдийн хүчин чадал, үнэлэмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах нь өвчлөлийг багасгаж, цаашлаад олон асуудлыг эхлэл цэг дээр зогсоох гарц юм.