Бид урагшлахад бэлэн үү

Оюутолгой төсөл урагш хөдлөх нь гэсэн хүлээлт Монголд төдийгүй дэлхий даяар бий болжээ. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн талаар “Оюу толгой” ХХК-иас мэдээлсэн даруйд “Turqoise Hill Resource” компанийн хувьцаа дэлхийн зах зээл дээр 12 хувийн өсөлт үзүүлсэн байна. Учир нь тус компанийн мэдэгдэл хувьцаа эзэмшигчдийнх нь хувьд удаан хүлээсэн баярт мэдээ байлаа. Энэ нь мөн Монгол Улс болон Монголд бизнес эрхлэгчдийн хувьд ч сайн мэдээ юм. Үндсэндээ хэдхэн жилийн өмнө үзүүлсэн эдийн засгийн 17.5 хувийн өсөлтөд Оюутолгойн нөлөө ихээхэн билээ. Өнөөдөр Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт хийгдэхэд харьцангуй таатай гэж хэлж болохоор цаг үе тохиож байна. Ингэж хэлэх хэд хэдэн үндэслэл бий.
 
ГШХО-гүй орчинд ДНБ-ий бодит өсөлт 4.4% 
 
2011-2013 оны үед үзүүлсэн өндөр өсөлт гадаадын хөрөнгө оруулалтын өсөлтийн нөлөө их байсан. Харин өнөөдөр буюу 2015 оны эхний дөрвөн сарын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувь хасах гурав болж агшсан хэдий ч эдийн засаг 4.4 хувийн өсөлттэй байна. ГШХО оруулалтын хэмжээ 45 хувиар нэмэгдэхэд эдийн засаг 17 хувиар тэлж байсан бол өнөөдөр хөрөнгө оруулалт өмнөх жилүүдээс 60-70 орчим хувиар буурсан ч эдийн засгийн өсөлт тогтвортой байна. Оюутолгой урагшлахтай зэрэгцээд эдийн засгийн өсөлт нэмэгдэх хүлээлт үүслээ. Ямартай ч дөрвөн сарын дараах байдлаар эдийн засгийн өсөлтийг суурь үзүүлэлтүүдтэй харьцуулахад өөдрөг зураг буухаар байна.
 
Төлбөрийн тэнцэл эрүүлжиж байна
 
Ерөнхий сайдын тодорхойлсноор Монгол улсад эдийн засгийн хямрал бус төлбөрийн тэнцлийн хямрал нүүрлээд байгаа билээ. Ингэж хэлсний учир нь гадаад худалдаа, урсгал тэнцлийн алдагдал өндөр, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан байлаа. Тэгвэл одоо хямралаас гарахад тун ойрхон буйг статистик мэдээлэл харуулж байна. Тухайлбал өнгөрсөн онд гадаад худалдаа анх удаа ашигтай (538 сая ам.доллар) гарсан. Энэ оны эхний дөрвөн сарын дүнгээр мөн 418 сая ам.долларын ашигтай гарчээ. Нэг үгээр бид худалдан авагчаас аажмаар худалдагч, нийлүүлэгч улс руу шилжиж буй хэрэг. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх урсгал тэнцэл 2013 оноос өмнө тогтмол 25-27 хувийн, ойролцоогоор  гурван тэрбум гаруй ам.долларын алдангитай гарч байв. Харин 2014 онд алданги 982 сая ам.доллар буюу найман хувь болж багассан юм. Энэ оны эхний улирлын байдлаар эсрэгээрээ 20 сая ам.долларын ашигтай гараад байна. 
 
 
Урсгал тэнцлийн графикийг задалж үзвэл өнгөрсөн оны наймдугаар сараас эерэг үзүүлэлтүүд гарч эхэлжээ. Энэ нь 2014 оны долдугаар сарын эцэст мөнгөний бодлогын төлвийг чангаруулах өөрчлөлт хийсэнтэй давхцаж байгаа юм. Түүнчлэн энэ нэгдүгээр сард ахин чангаруулсан юм. Ерөнхийдөө, Оюутолгой хөдөлснөөр Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт эргэн сэргэж төлбөрийн тэнцлийн хямралаас бүр мөсөн гарах суурь нь бий болжээ. Оюутолгойг дагаад бусад хөрөнгө оруулалтууд нэмэгдэх хүлээлттэй байгааг эдийн засагчид онцолж байна. 
 
Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт
 
Инфляци өнгөрсөн сард 9.2 хувьтай гарч сүүлийн хэдэн сар тогтмол буурч байгаа нь энэ жил инфляцийг долоон хувьд барих зорилт биелэх магадлал нэмэгдэж байна. Улаанбаатар хотын инфляци илүү бага буюу 8.8 хувьтай байгаа юм. Төв банкнаас бодлогын хүүг үе шаттай нэмэгдүүлж 13 хувьд хүргэсэн нь суурь инфляцийг өсгөхгүй байх мөн цаашлаад зорилтот түвшинд хүрэх нөхцөлийг бүрдүүлж байгаа хэмээн судлаачид хэлж буй. Инфляци одоогоос арван сарын өмнө 15 хувь хүрч байсан бол 2015 он гарснаа хойш нэг оронтой тоонд орж ирсэн билээ. Түүний дотор өмнө нь инфляцийн 40 орчим хувийг эзэлж байсан нийлүүлэлтийн гаралтай инфляци үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дараагаас -0.3 хувь болж инфляцийн бүрэлдэхүүнээс хасагджээ. Өөрөөр хэлбэл ханш тогтворжиж нийгмийн аль ч давхарга эдийн засгийн өсөлтөөс олсон “ашиг”-аа инфляцид алдах эрсдэл багасч байна. 
 
Зөөлөн газардалт буюу цаг хожилт
 
2013 онд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 24.2 хувь, зээлийн өсөлт 54 хувь хүрсэн. Өнөөдөр нөхцөл байдал эрс өөрчлөгдөж зээлийн өсөлт 4.8 хувь болж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт -4.9 хувь болсон. 2013 оноос хойш хэрэгжүүлсэн макро бодлогоо болзошгүй хямралаас сэргийлэх, эдийн засгийг зөөлөн газардуулах сонголт хийсэн хэмээн эдийн засагчид тайлбарладаг. Эс бөгөөс төлбөрийн тэнцлийн бус 2009 оны адил эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэл хүлээж байсан аж. Учир нь 2008 онд мөнгөний нийлүүлэлт 60 орчим хувийн өсөлтөөс -5.5 хувь хүрч агшсан нь 8.9 хувийн өсөлттэй байсан эдийн засаг ганцхан жилийн дотор сөрөг үзүүлэлт рүү орж хямрах шалтгаан болсон байдаг. Харин өчигдөр эерэг үзүүлэлтэй, тогтворжиж буй үедээ оюутолгойн хоёр дахь хөрөнгө оруулалттай золгож байгаа “сайн мэдээ” дуулдсан нь эдийн засагт эерэг хүлээлт үүсгээд байна.
 
 
 
 
 
Ц.Элбэгсайхан