Олон улсын арбитрын практикаас

Монгол улс олон улсын шилдэг туршлагад нийцсэн арбитрын найдвартай тогтолцоог хөгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэнэ гэж Сингапурын олон улсын арбитрын мэргэжилтнүүд үзэж байна. Дотоод гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахуйц орчин үеийн арбитрын тогтолцоог нэвтрүүлэх нь олон талын ач холбогдолтой аж. Үүнтэй холбоотой сургалтыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг “Бизнесийг дэмжих санаачлага” төслийн хүрээнд хоёр өдөр зохион байгуулж байна. Улс хоорондын бизнесийн хэлцэл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ хийх ажил ундарч байгаа энэ үед олон улсад нэр нөлөө бүхий салбарын мэргэжилтнүүд сургалт хийж байгаа нь сайшаалтай. 

Хамтын ажиллагаа хөрөнгө оруулалттай холбоотой гэрээнд асуудал тулгарахад хаана хандах вэ гэдэг асуудал тулгардаг. Энэ үед та шүүхэд хандах уу, арбитрт хандах уу. Энэ талаар Чанг хуулийн фирмийн партнер Доктор Юн Ёонг Парк “Миний хувьд энэ салбарын хүн учраас арбитрт хандах нь давуу талтай гэж хэлж болох юм. Гэхдээ аливаа хэлцлийн нөхцөл байдлаас шалтгаалж өөр сонголт хийх боломжтой. Хэрвээ эцсийн шийдвэр танд чухал байгаа бол арбитр сонгох нь чухал” гэсэн юм.
 
Түүнчлэн арбитраар хэрэг маргаан шийдвэрлүүлэх тохиолдолд байнгын болон түр арбитрыг сонгох хоёр зам бий. Байнгын арбитрын хувьд хууль журамд нийцүүлэн эцсийн шийдвэрийг гаргадагаараа онцлогтой. Харин түр арбитрт хандсан тохиолдолд буцаад шүүхэд хандах боломж нь нээлттэй аж. Арбитрч Шварц хэлэхдээ “Би үйлчлүүлэгчиддээ арбитрыг сонгох нь илүү үр дүнтэй гэж хэлдэг” гэсэн юм. Учир нь цаг хугацаа мөнгө хэмнэдэг, мөн салбарын мэргэшсэн хүнээр асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ гарсан шийдвэрийг давж заалдах боломжгүй байдгаараа онцлог. Мөн арбитраар шийдвэрлэсэн хэргийн талаарх мэдээлэл хэзээ ч олон нийтэд тардаггүйгээрээ давуу талтай гэсэн юм. Мөн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар мэргэшсэн арбитрчаа сонгох үйлдэл хамгийн чухал. Арбитрч хүн өндөр боловсролтой хамгийн гол нь эрх зүй, соёлын талаарх мэдлэг, мэдрэмж нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. 
 
Олон улсын худалдааны танхимын 2013 оны судалгаанаас үзэхэд дэлхийн 63 орны хамгийн их хандсан 10 арбитрын байгууллагаар Парис, Лондон, Женев, Сингапур, Хонконг, Стокхольм, Сан Паул хотын олон улсын арбитрын байгууллагууд шалгарсан байна. Одоогоор манай улсад Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/-ын дэргэдэх “Монголын олон улсын ба үндэсний арбитр” энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
 
Түүнчлэн олон улсын арбитртай болох талаар өнгөрсөн сард болсон “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2015” чуулганы үеэр хэлэлцсэн. Энэ талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дүрэм боловсруулах ажлын хэсгийн ахлагч, хуульч Ц.Мөнх-Оргил “Улаанбаатар хотын худалдааны танхимын арбитрын тухай хууль дүрмийг бичиж дууссан. Гэхдээ танхимын дэргэд байгуулагдах арбитр олон улсын хэмжээнд хүрнэ гэдэг холын мөрөөдөл. Ойрын 20-30 жилд бид энэ зорилгод хүрч чадахгүй. Хөрөнгө оруулагч өнөөдөр маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд Хонконг, Стокхолм, Парисын зэрэг улсын арбитрын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн төвд хандана уу гэхээс манайд хандах болоогүй байна. Харин ийм зорилго дэвшүүлээд тус худалдааны танхимын дэргэд хараат бус үйл ажиллагаа явуулдаг, шудрага шүүх засаглалыг бүрдүүлсэн хотын арбитрыг хөгжүүлэх эхлэл байж болох юм” гэдгийг хэлсэн. Танхимын дэргэдэх арбитраар Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд маргаанаа шийдвэрлүүлдэг болох нь эхний алхам гэж салбарынхан үзэж буй.
 
Мөн өнөөдрийн сургалтад хөндөж буй гол сэдэв бол хөрөнгө оруулалтын гэрээний арбитрын тухай байлаа. Олон улсын худалдааны танхим, Лондонгийн олон улсын арбитр зэрэг байгууллагын 200 гаруй хэрэгт зөвлөх арбитрчаар оролцож байсан Дорр хуулийн фирмийн партнер Шварц “Арбитрыг арилжааны болон хөрөнгө оруулалтын гэж хоёр ангилдаг. Арилжааны арбитр нь бизнес эрхэлж буй хоёр хүн хоорондын гэрээнд тулгуурладаг. Харин хөрөнгө оруулалтын гэрээний арбитрын тухайд улс хооронд хийгддэг. Тодруулбал, улс хоорондын бизнес хэлцэлд төлөөлөгчид гарын үсэг зурж буй үйл явц юм” гэв. Энэ ч утгаараа олон улсын хөрөнгө оруулагчид тухайн улсад хөрөнгө оруулахад тавьдаг шалгуур үзүүлэлтэд эдийн засгийн нөхцөл байдал, татварын тогтвортой орчин, эрүүл шүүх засаглал болон арбитрын орчныг чухал шалгуур гэж үздэг. Иймээс арбитрын хөгжлийг  хөрөнгө оруулалтыг татах хөшүүргийн нэг гэж үзэх нь бий. 
 
Дашрамд дурьдахад, Манай улс 1995 онд олон улсын арбитрыг хүлээн зөвшөөрөх тухай Нью-Йоркийн конвенцид нэгдсэн. Ингэснээр Монголын Үндэсний арбитрын гаргасан шийдвэр дэлхийн 170 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдсэн юм. 
 
 
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал