“Human Capital-2015” тайланд Монгол 51 дүгээрт эрэмблэгдлээ

Хүмүүсийн чадавхийг сайжруулах нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 20 хувиар нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж Дэлхийн эдийн засгийн форум үздэг. Тиймээс ч тэд жил бүр “Human Capital-2015” буюу “Хүн капитал тайланг” жил бүр гаргаж буй. Тус тайланг гаргахдаа дэлхийн хүн амыг 15-65 насны хооронд тав ангилж боловсрол, ур чадвар, ажил эрхлэлтийг нийт хүн амтай харьцуулан үнэлдэг.  
 
Энэ жилийн “Хүн капитал тайлан--2015” саяхан гараад байгаа бөгөөд Финлянд улс нийт 100 хувь гэсэн үнэлгээнээс 86 хувийг хангаж чадсанаар хүн баялгаа хамгийн сайн хөшүүргэдэж, түүгээрээ дамжуулан эдийн засагтаа хувь нэмэр оруулж чаддаг улсаар шалгарчээ. Харин тус улсын дараагаар Норвеги, Швейцарь, Канад болон Япон зэрэг улс орж эхний таван байрыг бүрдүүлээд байгаа юм. Дээрх таван улс нь тайлангийн 80 хувийн босгоос дээш гарсан 14 улсууд дунд эгнэж байна.   
 
Харин бусад хөгжингүй орнуудыг харвал, Франц улс 14 дүгээр байрт байгаа бол АНУ 17 дугаар байрт эгнэж 80 хувийн босгоос доогуур ороод байна. Нөгөө талаас Их Британи 19 дүгээрт , Герман 22 дүгээрт  жагсаж байна. Харин Бриксийн орнууд дундаа ОХУ хамгийн өндөр буюу 78 хувьтай 26 дугаарт байгаа бол Хятад 67 хувьтайгаар 64 дүгээрт зогсож байна. Монгол Улсын хувьд 124 орныг оролцуулсан тус жагсаалтанд 51 дүгээрт байгаа юм. Энэ нь 100 хувь гэсэн үнэлгээнээс 70 хувийн болзол хангаж байгаа гэсэн үг.  
 
Насны ангиллаар нь харвал, манай улс 15-аас доош насны ангилалд хамгийн өндөр оноо буюу 85 хувийг авч байна. Харин 15-24 насныхны чадавхийг бэхжүүлэх тал дээр сул гэсэн үнэлгээг авч энэ ангилалд 60 дугаарт орсон үзүүлэлттэй байна. Хэдийгээр манай улс тийм ч дээгүүр үзүүлэлттэй орнуудын тоонд багтдаггүй нь доогуур түвшинд байдаг гэсэн үг биш юм. Бидэнд хүний нөөцийн чадавхиа бэхжүүлэх бүрэн боломж байгаа гэх хэсэгт бид багтаж байгаа юм. 
 
Хүнийг хөрөнгө гэж үзэж гаргадаг тус тайланг нарийвчилж мөн тив, бүс нутгаар нь ангилан гаргажээ. Үүн дундаа Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудыг харвал, Япон нэгдүгээрт байгаа бол араас нь Шинэ Зеланд оржээ. Харин манай улс тус бүс нутагтаа долдугаарт эрэмблэгдэж байгаа нь чамлалтгүй үзүүлэлт юм. 
 
Дэлхий даяар үйлдвэрлэл, худалдааны сүлжээ гэж байдаг шиг өдгөө хүний нөөцийн чадавхийн сүлжээ гэдэг ойлголт олон улсад түгээмэл болжээ. Учир нь, аливаа өсөлт, хөгжлийн хөдөлгүүр нь хүн учир олон улс, бизнес эрхлэгчид  өөрт хэрэгтэй авьяас, ур чадварын төлөө тэмцэлдэн өрсөлдөж байна. Тухайлбал, сүүлийн үед эрчээ авч буй Хятад улс иргэдээ олноор нь гадаадын их, дээд сургуулиудад сургаж буй. Мөн үүнтэй зэрэгцэн гаднын мэргэшсэн өндөр ур чадвартай хүмүүсийг эх орондоо өндөр цалинтайгаар түр ажиллуулж, иргэдээ сургах бодлого барьж байгаа билээ.