Ежи Келлер: Монголын зах зээл рүү ороход худалдан авалт чамлалттай байна

Польш улсын Эдийн засгийн яамнаас зохион байгуулсан уул уурхайн салбарынхны бизнес уулзалт энэ сарын 13-19-нд тус улсын Катовице хотод болсон билээ. Уг уулзалтад манай улсаас гадна Македон, Индонез болон Вьетнам улсын төлөөлөгчид оролцсон бөгөөд энэ хүрээнд тэд Польшийн уул уурхайн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч томоохон компаниудын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ үеэр Европдоо шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч, 50 гаруй жилийн туршлагатай “Копекс” группын Маркетингийн захирал Ежи Келлертэй цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэж байна.  

 

“Копекс” групп нийт 5000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Үүнээс гадна Польш улсын эдийн засагт өгч буй өгөөж нь ямар байна вэ?
 
-Катовице мужийн хувьд манай групп нь томоохон ажил олгогчдын нэг. Манай компанийн хувьд өмнө нь үйлдвэр, уурхайд ажиллаж байсан хүмүүс эргэн ажилд орох боломжтой байдаг. Польшид ажилгүйдэл 12 хувьтай байгаа. Тиймээс бид аль болох ажилгүйдлийг тодорхой хэмжээгээр бууруулахын төлөө ажилладаг. Гэвч бидний үйл ажиллагаанд саад болж буй ганц зүйл нь дэлхийн эдийн засгийн таагүй үзүүлэлтүүд. Тухайлбал, нүүрсний үнэ буурч байгаа нь бидэнд сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулалт буурч байна. 
 
Нэлээд улстай хамтарч ажиллаж байна. Олон улсад өөрийн гэсэн зах зээлтэй болж чадсаны нууц нь юу вэ?
 
-Бид улс бүрт тохирсон маркетингийн бодлого боловсруулан ажиллаж байна. Орос, Хятадад салбар компаниа нээж бүхий л үйл ажиллагаагаа явуулж байна. Латин Америкийн орнуудад тэр дундаа, Аргентинд энэ салбарын үйлдвэрлэлийн аливаа тендерт өрсөлдөж, шалгарч байсан удаа олонтаа. Хэрэв ингэж чадвал бид тухайн улсад урт хугацааны ханган нийлүүлэгч нь болж үлддэг.  
 
Монгол Улсын компаниудтай хамтарч ажиллах ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?
 
-Монголын ирээдүйн дүр зураг тодорхой байна. Тэнд олборлох эрдэс баялаг их байгаа учир энэ зах зээлд орох сонирхолтой байгаа. Гэвч хамгийн гол нь худалдан авалтын тухайд хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, Монголд бидний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах чадвар хийгээд нөхцөл одоогоор сул байна. “Копекс-Монголиа” гэсэн төлөөллийн компаниа танай улсад нээх талаар бодож байгаа. Манайх Хятадад машин үйлдвэрлэдэг. ОХУ-д манай компанийн 30 машин байгаа учир үйлчилгээ үзүүлдэг компани байгуулан ажиллаж байна.
 
Та бүхэн нийт хэчнээн төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
 
-Уул уурхайн таван төрлийн машин үйлдвэрлэдэг. Монголд ил уурхайн зориулалттай машин нийлүүлнэ. 
 
Танай компанийн хувьд түншлэл маш чухал гэж байна. Яагаад вэ, Магадгүй энэ өнөөдрийн “Копекс”-ийн амжилт байх?
 
-Тиймээ энэ бол манай компанийн амжилтын хамгийн чухал зүйл. Бид зөвхөн интернэтээр биш тухайн улс болоод бизнес түншүүдтэй өөрийн биеэр очиж уулзан, хамтран ажиллахыг чухалчилдаг. Польшийн уул уурхайн олборлолт дуусах талдаа орж байгаа учир бид Азийн орнууд, ялангуяа Хятад, Монгол Вьетнам болон Солонгос улс руу орох стратеги төлөвлөгөөтэй байна. 
 
 
 
 
 
 
 Г.Орхон