Япон менежмент: Ажил бол багийн үйл ажиллагаа

Япон улсын эдийн засаг техник технологийн өндөр хөгжилд хүний нөөцийн талаар явуулсан бодлого нь хүчтэй нөлөө үзүүлсэн гэж үздэг. Орчин үеийн удирдлагын аргууд нь Японд дайны дараах нөхцөл байдлаас үүдэлтэй гэгддэг. Тухайн үед нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралыг дахин сэргээх үүрэг удирдагчдын өмнө ирсэн юм. Америк удирдагчид япончуудад үлгэрлэж байсан ч тэд америк арга барилд тулгуурлан өөрсдийн соёл, зан заншил эдийн засагт тулгуурласан удирдлагын шинэ аргийг нутагшуулж чадсан юм. Хамгийн чухал нь насан туршийн хөдөлмөрийн систем ба хамт олны хамтын шийдвэр гаргах процесс юм. 
 
Японы компаниудын шийдвэрт хамтын сэтгэл шингэсэн байдаг нь амжилтыг хурдасгасан аж. Япончууд үргэлж бүлгийн нэрийн өмнөөс сэтгэн боддог. Хүн өөрийгөө юуны түрүүнд бүлгийн нэг гишүүн гэдгээ ухаардаг, харин хувь хүнийг нэг бүхэл зүйлийн эд эс гэж үздэг. Тус улсын менежментийн удирдлагын зарчим нь Э.Майогийн судалгаан дахь “Ажил бол багийн үйл ажиллагаа” гэсэн зарчимтай нийцдэг. Түүнчлэн удирдлагын уламжлалт аргуудыг ч хослуулдаг. Үндэсний сэтгэл зүйн үнэт зүйлд тулгуурлан өөрчлөлтрүү тэмүүлж байгаа нь Японы шилдэг бизнесмэн болох С.Хондагийн хэлсэн үгнээс харж болно. Тэрбээр “Байгууллага удирдаж байгаа хүн нь юуны түрүүнд зорилгоо үндэслэлтэй ойлгох хэрэгтэй. Энэ нь, ажилчид байгууллагын үйл ажиллагааны зорилтуудыг сайн мэдэж байх, ажиллагсад өөрийн бахархлыг ухамсарлаж, ажлаасаа таашаал авч байхыг хэлнэ. Ингэснээр урдаа тавьсан зорилтоо биелүүлэх боломж бүрдэнэ гэж үздэг. Ийм бодлогын аргыг бий болгохын тулд манлайлагч онолын хувьд хүчтэй, амьдралд хэрэглэж болохуйц үзэл баримтлалтай байх шаардлагатай. Удирдлага дор ажиллаж буй хүмүүс ямар ч нөхцөлд урдаа тавьсан зорилгоруу тэмүүлж чадаж байх ёстой” гэж үздэг.
 
1960-аад оноос эхлэн Японы техник технологи дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж эхэлсэн нь олон эрдэмтдийн анхаарлыг татаж одоо болтол судлагдсаар буй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон орон сүйрсэн эдийн засагтай байгалийн баялаг багатай, газар нутгийн хэмжээ бага, хүмүүс нь боловсролын түвшин тааруу орон байсан. Харин өдгөө хөгжлийн түвшингээрээ дэлхийд хоёрдугаарт тооцогдох бөгөөд АНУ-ын дараа орж байна. Чухам тус улс техник технологийн үсрэнгүй хөгжилд хүрэхэд удирдлагуудын арга барил, бусдаар бүтээлгэх их үйлсэд анхаарч ажилласанд бий. Япончуудын удирдлагын арга нь Европ болон Америкчуудын удирдах арга барилаас багагүй ялгаатай. Энэ нь Япончууд тэднээс  илүү чадварлаг гэсэн үг биш. Харин Япон дахь удирдлагын үндсэн арга нь хөдөлмөрийг нэн тэргүүнд авч үздэгээрээ онцлогтой. Энэ нь ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлснээр байгууллага үр ашигтай ажиллана гэж компанийн удирдлагууд үздэг аж. Харин Европ болон Америкийн менежментийн үндсэн зорилго ашигтай ажиллахад  оршдог. Өөрөөр хэлбэл хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олох зорилготой. 
 
Дээрх ялгааны талаар Хидеки Йосихара Япон мэргэжилтнүүдийн Менежментийн үндсэн зургаан шинжийг тодорхойлжээ.

Ажил эрхлэлтийн баталгаа болон харилцан итгэлцэл үүсгэх

Ажил эрхлэлт болон хөдөлмөрийн эх үүсвэрийг тогтворжуулж, ажилчдыг урамшуулж, хамт олны уур амьсгалыг бэхжүүлж, ажилтанууд болон удирдлагуудын хоорондын харилцааг сайжруулхыг хичээдэг. Ингэснээр ажлаас халагдах айдас байхгүй болж өсөн дэвжих боломжтой бөгөөд нийгэмшлийн сэтгэл зүйг тогтворжиж ажилчид идэвхжих нөхцөл бүрдэнэ гэж үздэг байна. Тогтвортой байдал нь удирдах болон гүйцэтгэх ажилтнуудын хоорондох харилцан ойлголцлыг нэмэгдүүлдэг. Энэ нь япончуудын үзэж байгаагаар компанийн үйл ажиллагааг дээшлүүлэхэд нэн чухал. Японд ажил эрхлэлтийн баталгаа болон насан туршийн зээлийн системийг хангадаг нь Европчуудад ойлгомжгүй санагддаг.

Зөвшилцөл болон корпорацийн үнэ цэнэ 

Хэрэв удирдлагыг байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын үндсэн мэдээллээр хангаж, ажилчдын хариуцлагыг сайжруулснаар уур амьсгал харилцаа холбоо дээшилж бүтээмж өснө. Нийт инженерүүд болон захиргааны ажилтнууд оролцсон уулзалтууд харилцааны таагүй үр дүнг өгдөг. Япон удирдлагын систем нь чанартай үйлчилгээг тэргүүн зэрэгт тавьдаг бөгөөд хэрэглэгчдэд түүнийгээ хүргэж чаддаг. Удирдлага болон ажилчдын харилцан ойлголцол, корпорацийн үнэт зүйлийн талаар байгууллагын нийт ажилчдад  ойлгуулахыг хичээдэг.  Удирдлага нь бүхий л түвшинд корпорацийн үнэт зүйлийн тухай ойлгуулж дэмжихийг эрмэлздэг байна. 

Мэдээлэлд суурилсан удирдлага

Үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашиг болон бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэхэд системчлэгдсэн хэрэглээ чухал ач холбогдолтой. Тус улсын телевиз угсралтын ихэнх компаниуд тухайн бүтээгдэхүүн хэзээ худалдаанд гарсан ба бүтээгдэхүүний нэгж хэсэг бүр дээр хэрхэн ажилласан эсэхийг харах боломжтой мэдээлэл цуглуулах системийг ашигладаг байна. Ингэснээр тухайн бүтээгдэхүүний алдаанд хэн буруутайг олох, хамгийн гол нь алдааны шалтгааныг тодорхойлж дараа дараагийн үйлдвэрлэлд дээрх алдааг дахин гаргахгүй байх боломжтой гэж үздэг. Тухайн бүтээгдэхүүн заагдсан стандартад хүрч байгаа эсэх мөн үйлдвэрлэлийн анхан болон дунд шат,  ирээдүйд илэрч болох хүндрэлүүдийг олж харахын тулд удирдлагууд сар бүр ашгийн мэдээлэл, үйлдвэрлэлийн хэмжээ чанар зэргийг шалгадаг. 

Чанарт тулгуурласан удирдлага 

Японы зах зээл дээрх байгууллагуудын захирал болон удирдах албан тушаалтнууд чанарыг зайлшгүй хянах шаардлагатай гэж үздэг. Үйлдвэрлэлийн үйл явцыг удирдахад тэдний гол анхаарах зүйл нь чанарын тухай нарийн мэдээлэл авахад оршдог. Удирдагчийн хувийн бахархалыг бүрдүүлж байдаг хүчин зүйл нь чанарын хяналтын хүчийг бататгах юм. 
Удирдлагууд үйлдвэр дээр байнга байх 
Хүндрэлийг даван туулах болон үүссэн асуудлыг шийдэхийн тулд япончууд удирдлагын түвшний хүмүүсээ үйлдвэрлэл явагдаж байгаа газар асуудлыг шийдэх явцад оролцож шинэ арга барилаар ажиллахыг зөвлөдөг. Үүнээс улбаалан олон шинэ санаа гардаг гэж үздэг байна. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор Японд чанарт суурилсан дугуйлан болон шинэлэг санаа ихээр гардаг байна. 

Цэвэр байдал ба эмх цэгцийг баримтлах

Япон бүтээгдэхүүн чанартайд тооцогдох нэг шалтгаан бол үйлдвэрийн дээрх цэвэр, эмх замбараатай байдал юм. Япон байгууллагуудын удирдагчид ариун цэвэр сахиж, эмх замбараатай байснаар бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулан бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж үздэг. Япон удирдлага нь хүмүүсийн хоорондох харилцаанд тулгуурладаг бөгөөд зөвшилцөл, багийн чиг үүрэг, ажиллагсдын хүнлэг чанар, ажил эрхлэлт олон удирдлагуудын тогтвортой байдлыг цэвэр, эмх цэгцтэй байдалтай нягт холбож үйл ажиллагаандаа баримталдаг. 
 
Япон менежментийн ээлжит онцлог нь тасралтгүй сургах үзэл баримтлал юм. Тасралтгүй сургалт нь ур чадварыг байнгын шинэчлэн сайжруулдаг гэдэгт тэд итгэлтэй байдаг. Тасралтгүй сургалтын ачаар хүн бүр өөрийн ажлын гүйцэтгэлийг сайжруулж чаддаг. Энэ нь өөрийгөө хөгжүүлэх том боломж. Ийнхүү хүрсэн зорилтууд нь ажилд сэтгэлийн таашаал өгдөг. Нөгөө талаас үзэхэд, сургалтын зорилго нь тухайн хүнийг илүү хариуцлагатай ажилд бэлтгэж, байр суурийг нэмэгдүүлэх юм. Гэвч барууны орнуудын удирдлагын арга барилыг бодвол япончууд материаллаг зүйлүүдийг үл харгалзан өөрийн ур чадвараа дээшлүүлэхийг эрмэлзэж байдаг. Ур чадвараа дээшлүүлсэнээр энэ нь өөрөө хүнд асар их сэтгэл ханамжийг өгдөг гэдэгт итгэлтэй байдагтай холбоотой. Шинэ санаануудыг хэрэгжүүлэхэд тэд ямагт бэлэн байдаг. Тэд бусдын алдаан дээрээс суралцах дуртай ба алдаанаас ямар нэгэн ашиг хонжоо хардаггүй. Тэд дэлхий дээрх үйл явдлуудыг маш анхааралтай ажиглан, гадаад орнуудаас мэдээллүүдээ тогтмол авдаг. Технологийн дэвшил шинээр нэвтэрхэд японы ажилчид эсэргүүцэл үзүүлдэггүй. Тэд Инноваци-эдийн засгийн өсөлтийн үндэс гэж үздэг. Шинэ үзэл баримтлалуудын үзүүрлэгч нь нийгмийн хариуцлагатай байдал болсон. 
 
1947 онд “Panasonic” компанийн үүсгэн байгуулагчдын нэг И.Мацусита шинээр үүсэж буй удирдлагын аргуудын шийдлийг судалдаг “Дойкай” нэртэй бүтээлч лаборатори үүсгэн байгуулжээ. Энэхүү лабораторийн анхны ажлын талаар ноён Мацусита хэлэхдээ,“Компанийн хэмжээнээс үл харгалзан, компани бүр өөрийн оршин тогтнож буйг илтгэх мэдэгдэхүйц тодорхой зорилготой байх ёстой. Энэ дэлхий ертөнц дээр тэр нь өөрийн дуудлагатай байх ёстой. Хэрэв удирдагч энэхүү эрхэм зорилгыг ухаарч байвал, компани юунд хүрэхийг хүсэж байгаа вэ гэдгийг ажилтнууддаа ойлгуулж чадна. Ажилчид зөвхөн өөрийн талхны төлөө ажиллаагүй гэдгээ ухаарч чадвал, тэд хамтын ажлаас урамшин нийтийн нэг зорилгоруу тэмүүлэх болно” гэсэн байдаг. Энэ санаа нь 1956 онд хэвлэгдсэн баримт бичигт тусгасанаар “Корпорацийн удирдагчдын үйлдлүүд ашгийн төлөө байгаа нь хэрээс хэтэрч байна. Ёс суртахууны хувьд ч тэр, практикаас үзэхэд ч тэр удирдагчид нийгмийн халамжийг дээшлүүлэх зорилгоор нийтийн  эдийн засгийн сонирхолд нийцүүлэн үйлдвэрлэлийн потенциалийг ашиглаж сайн чанарын бүтээгдэхүүн гаргахад анхаарах ёстой” гэсэн нь бий. Ингэснээр орчин үеийн японы удирдлагын аргууд технологийн дэвшлийг хөгжүүлэх болсон. 
 
А.Атос болон Р.Паскаль нар өөрсдийн бичсэн “Японы удирдлагын урлаг” номондоо “Япончууд хүн бүрийн эдийн засаг, нийгэм, сэтгэл судлалыг авч хэлэлцдэг. Японы удирдагчид хувь хүн талд нь илүү их анхаарал хандуулахыг тэдний үүрэг гэж үздэг” гэж тусгажээ.  Мөн япончуудын хувьд гэр бүл бол оршин тогтнохын хэлбэр. Тэд хүнийг ямар албан тушаалд байгаагаас нь хамаарч хүндэлдэггүй, харин түүний амьдралын туршлага болон яг юу хийснээс нь шалтгаалан хүндэлдэг. Япон хүн сахилга баттай байж, багийн хэрэгцээнд сэтгэж, нийтийн зорилгод хүрэхийн тулд бүх хүчээ дайчилдаг. Япончууд–зорилготой хүмүүс. Тэд өөрсдийгөө хязгааргүй хөгжүүлхийг хүсдэг. Энэ зорилгын төлөө тэд шаргуу ажиллахад бэлэн. Шинэчлэл болон төгс байдалруу тэмүүлдэг нь Японы менежментийг европынхоос салган Япон үндэсний соёл болгоход тусалсан.
 
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал