Монголын нэрийг унагасан монгол компаниуд ба томилолт

Эрт урьдын цагт Польш улсын өмнөд хэсэгт орших Силейз мужийн Кобиур тосгонд нэгэн үзэсгэлэнт цайз баригдсан нь өдгөө олны хөл холхих газар болжээ. Уг цайзыг 1861 онд эл нутагт амьдарч байсан нэгэн ханхүү сүйт бүсгүйдээ зориулж барьсан бөгөөд гүнж амгалан тайван орчинд тухлан суух дуртайсанж. Ханхүү уг цайзаа “Амлалт” гэж нэрийдсэн бөгөөд гүнж энэхүү байшиндаа ихэд тайван, сэтгэл хангалуун амьдардаг байжээ. /Эл газрыг өнөөдөр ресторан, зочид буудлын зориулалтаар ашиглаж байна./ Нийслэл Варшавын гудамжаар алхахад энэ л түүхийг санагдуулам аядуухан орчин байх. Гурвалжин дээвэртэй улаан байшингууд, тайвуухан алхах шар, цагаан, улаан толгойтой хүмүүс, ёстой л нөгөө хөгшин европын орноор төсөөлж байсан миний төсөөлөл эргэн дурсахуй болон үлджээ. 

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр Европын улсуудаас хамгийн тэнхээтэй үлдсэн улс бол Польш. Үүнээс хойш  тус улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж, эдийн засгийн өсөлт нь өнөөдөр 3.5 хувьд хүрчээ. Уул уурхай тэр дундаа, далд уурхайн олборлолт эрчимтэй хөгжжээ. Хэдэн зуун жилийн түүхтэй давс, нүүрсний уурхайтай эл улсын ард түмний аж амьдрал эл салбараа болон томоохон санхүүгийн төвүүдээ даган цэцэглэж явна. 
 
Сүүлийн жилүүдэд зарим уурхай нь хаагдсаны улмаас ажилгүй, орлогогүй болсон иргэдээ төрийн бодлогоор дэмжиж эдийн засгийн тусгай бүсийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадсан байна. Энэхүү хөгжлийн гол нууц дэд бүтэц, тээвэр логистикийг сайтар шийдсэний үндсэн дээр дэлхийн томоохон брэнд үйлдвэрлэгч пүүс компаниуд хийгээд хөрөнгө оруулагчдын бизнесийн мэлмийд “ногоон” гэрэл асааж буйд оршино. Гэвч тэд уул уурхайн салбараа орхиогүй. Энэ салбарт тулгуурлан улсынхаа экспортыг нэмэгдүүлэх үүднээс тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. 
 
Польш улсын Эдийн засгийн яамнаас боловсруулсан “Made In Poland” экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан орны уул уурхайн салбарынхан Варшавт уулзсан юм. Манай улсаас “Эрдэнэс Монгол”, “Шивээ овоо”, “МАК”, “Макс” групп болон “Уран төсөл” компанийн төлөөлөл оролцлоо. Эдгээр компани болон хэвлэл мэдээллийн байгууллагыг Польшийн Эдийн засгийн яамнаас сонгосон гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Харин манай сэтгүүл тус улс руу явах сонирхолтой компанийн нэрсийг явуулах л үүрэг хүлээснээс арга хэмжээг зохион байгуулаагүй болно.
 
Тус яамнаас улсынхаа экспортыг нэмэгдүүлэх үүднээс энэ онд 11 оронтой нягт хамтарч ажиллахаар болсны нэг нь Монгол. Учир нь Польш-Монголын хоорондын худалдаа маш доогуур үзүүлэлттэй гардаг. Өнгөрсөн онд Польшоос манай улс руу 35 сая еврогийн экспорт хийсэн бол манайхаас 38 мянган еврогийн бараа, бүтээгдэхүүн экспортолжээ. Харин манайхаас хамгийн ихдээ 2011 онд 727 мянган еврогийн бараа, бүтээгдэхүүн импортолж. Энэхүү зөрүүтэй үзүүлэлтүүдийг ойртуулахыг зорьж буйгаа Польшийн Эдийн засгийн сайдын зөвлөх Кшиштоф Хордински хэлсэн. 
 
Тэгвэл Вьетнам, Польшийн экспортын хэмжээ өнгөрсөн оны байдлаар тэнцүү дүнтэй гарчээ. Тодруулбал, Польш улсаас Вьетнам руу 220 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бол Вьетнамаас мөн хэмжээний хөрөнгө оруулалт татсан байна. Экспортыг дэмжих “Made In Poland” хөтөлбөрийн хүрээнд тэд манай улстай хүнс, хөнгөн үйлдвэрлэл болон уул уурхайн салбарт хамтарч ажиллаж буй. Монголоос хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүд өнгөрсөн сард Польшийн үйлдвэрлэгчидтэй бизнес уулзалт хийсэн бол энэ удаад уул уурхайн салбарынхан ийнхүү танилцаад ирлээ. 
 
Чамлам үр дүн 
 
Эх орноо тэр дундаа, уул уурхайн салбарыг төлөөлөн эл салбарын хөгжлөөрөө Европтоо тэргүүлэгч орныг зорих бидний хэн хэн нь аяны богц дүүрэн ирэх бодол өвөртлөн явсан нь тодорхой. Ингэх боломжийг ч Польшийн тал бүрэн олгосон. Экспортыг дэмжих хөтөлбөрийн гүйцэтгэгчээр ажилласан тус орны “М Promotion” агентлаг болон Эдийн засгийн яамнаас энэхүү бизнес аяллын бүх зардлыг хариуцсан. Мөн биднээс гадна Индонез, Вьетнам, Македон улсаас тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг урьж, Польшийн 50 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулсан. Эхний өдрүүдэд Польшийн Силейз мужид орших Катовице хотын олон улсын хурлын танхимд “B2B” уулзалт болсон бол удаах өдрүүдэд уул уурхайн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч хэд хэдэн компанийн үйлдвэртэй танилцлаа. 
 
Польшийн тал манай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийх, хамтарч ажиллах том боломж олгосон. Нөгөөтэйгүүр, тэд бидний хөгжлийн ирээдүйг өөдрөгөөр харж, энэ салбарт машин, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чин хүсэлтэй буйгаа илэрхийлж байв. 
 
Польшийн“ТFKable” компанийн Борлуулалтын албаны дарга Роберт Злезарчик “Бид Оюутолгойн уурхай руу эхний хоёр км кабель нийлүүлсэн. Энэ кабель харанхуйд гэрэлтдэг учраас ил уурхайд түлхүү хэрэглэдэг. Монголын “Му Mon Source” гэх компанитай хамтарч ажиллаж байна” хэмээн ярьсан. Тус компанийн хувьд манай улсын зах зээл рүү орсон цөөн тооны аж ахуйн нэгжийн нэг. Польшийн  олон компани саяхнаас Монгол орныг сонирхож эхэлжээ. Тэд биднийг сонгох, сонирхох болсны учир нь уул уурхайн нөөц баялаг, түүнийг дагасан хөгжил гэсэн юм. 
 
“Макс” группын Санхүү, хөрөнгө оруулалтын захирал Ц.Соёл-Эрдэнэ “Польшийн үйлдвэрлэгчид Монголын адил уул уурхай шинээр хөгжиж буй орон руу орж зах зээлээ тэлэх, шинэ зах зээл олох сонирхолтой байна. Бидэнд хамтарч ажиллах боломж хэд хэдэн хэлбэрээр харагдлаа. Нэгдүгээрт, Монголын үндэсний компаниуд өөрсдийн уул уурхайн төслүүд дээр Польшийн компаниудтай хамтарч ажиллах, эдний техник технологи, тоног төхөөрөмжийг ашиглах боломжтой. Хоёрдугаарт, бид Польшийн компаниудыг дотоодын аж ахуйн нэгжүүдтэй холбож өгч болж байна. Гуравдугаарт, Польшийн компаниудтай хамтарсан компани байгуулах боломж харагдаж байна” хэмээв. 
 
“Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулъя” гэж бидэнд найрсагаар санал тавьж буй польшиуд энэ салбарын машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ Европтоо “акуулууд” аж. Учир нь тэдэнд нөр хөдөлмөрч ажиллах хүчин, өнө жилийн туршлага бий. 
 
Польшчууд ийн Монгол улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаар чармайн ажиллаж байхад манай улсаас явсан төлөөлөгчдийн томилолтын үр дүн үнэхээр чамлалттай байлаа. Энэхүү аялалд “Макс”,“Уран төсөл” компанийн төлөөлөл явсан зорилгынхоо хүрээнд ажиллаж, багагүй мэдээлэлтэй ирсэн гэж хэлж болно. Харин бусад “Эрдэнэс Монгол”, “Шивээ-Овоо” “МАК” компанийн төлөөлөл энэхүү бизнес уулзалтыг үл тоож, Монголын нэрийг хөөрхөн хөөдсөнийг хэлье. Манай улсын нүүр царай болсон хувь, хувьсгалын томоохон компаниуд шүү дээ. Польш руу явах хүсэлтээ илэрхийлсэн манай олон аж ахуйн нэгжүүдээс тус орны Эдийн засгийн хөгжлийн яам нь энэ том компаниудыг сонгосон нь учиртай. Польш улсаас зохион байгуулсан бизнесийн “B2B” уулзалтад тус орны уул уурхай, банк, санхүүгийн том компаниудын төлөөлөл ирсэн байсан юм. Харин манай дээрх компанийн төлөөллийн нэр нь бичээстэй хоосон ширээнүүд муухай харагдаж байсан шүү. Эх орноо төлөөлөн зургуулхнаа ирчихээд хоёр нь энэхүү гол уулзалтад ирээгүйгээр барахгүй, ихэнх арга хэмжээнд оролцоогүй гээд бод доо. Бүтэн долоо хоноход нэг л арга хэмжээнд ирсэн юм. Тэдний мөнгөөр оччихоод зохион байгуулсан арга хэмжээ, бизнес уулзалтад бүрэн оролцоогүй Монголын томоохон компаниудын төлөөллөөс ичсэнээ хэлмээр санагдах. Тэнд Эрдэнэс Монгол, Шивээ-Овоо, МАК гэсэн нэрнээс илүүтэй Монголын компаниуд, Монголын групп гэсэн нэр гарч байлаа. 
 
Тэгвэл бусад улсын төлөөлөл боломжийг ашиглан улс орноо, байгууллагаа сайтар сурталчилж чадсан. Польшийн талаас бүр манай компаниудын танилцуулгыг товчлон бэлтгэсэн байсан ч төлөөлөл нь байхгүй учраас хассан юм. Цаад талаас зардлыг бүрэн хариуцаж байгаа гээд компаниуд ажилтнуудаа шагнаж урамшуулсан байж болно. Гэхдээ ажил хэргийн, түншлэл, хөрөнгө оруулалтын бизнес аялалд эх орноо, ядахдаа компаниа бодож, ёс зүйтэй хандах ёстой байсан болов уу. Хөгжлийн яамных нь зардлаар оччихоод өөр компанийн хүмүүс дагаад явчихдаг, чөлөөт цаг гаргасан байхад дэлгүүр хэсэх гэж очсон юм шиг аашилдаг, мөн монголчуудын архидалтын байдал ч Варшав хотноо харагдаж байлаа.
 
Гэхдээ манай зарим төлөөлөл ажил хэрэгч байж чадсаныг дээр хэлсэн. Тэд Польшийн уул уурхайн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, тус орны хөгжлийн талаар бусдад түгээх чамгүй мэдээлэлтэй болж ирсэн. Польшид танилцсан компаниудынхаа талаар судалгаа хийж, хамтын ажиллагааны талаар яриад ч эхэлж.
 
Гарааны дараах гараа 
 
Польшийн тал Монголчуудтай хамтарч ажиллах сонирхол их байна. Монгол-Польшийн худалдааг анхлан “Урбанек” компани нээсэн гэдэг. Тус компани нь Польш улсаас гаралтай бөгөөд ах дүү гурав Польшийн үүсгэн байгуулсан компани. Монголчууд “Урбанек”ийг нөөшилсөн жимс, ногоо тэр  дундаа нэрийн салатаар нь сайн  мэднэ. “Урбанек”-аар гараагаа эхэлсэн Монгол, Польшийн худалдаа энэ удаа уул уурхайн салбарт дахин гараанаасаа эхэллээ.
 
Түүнчлэн сүүлийн жилүүдэд монголчуудын хоолны цэс их өөрчлөгдснийг тэд хэлж буй. Нэг үеэ бодоход хүнсэндээ төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон бидний тавган дээрх хоолыг Польшчууд ажиж улсдаа үйлдвэрлэдэг органик бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэх сонирхолтой байна гэлээ. Польшийн үйлдвэрлэгчид манай улсын хүнс, хөнгөн үйлдвэрлэл болон уул уурхайн салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Тус улсын аж ахуйн нэгжүүд бараа, бүтээгдэхүүнээ манайд нийлүүлэх чин хүсэл байдаг ч угтаа Монголд Элчин сайдын яам байдаггүй нь ихээхэн саад болдог аж. Энэ нь цаашлаад хоёр орны худалдаа, эдийн засгийн үзүүлэлтэд тодорхой нөлөө үзүүлж буй хэрэг. Харин эл асуудлыг талууд шийдвэрлэж, хоёр орны худалдаа, хамтын ажиллагааны цаашдын олон гарааг эрчимжүүлэх үүднээс энэ онд багтан манайд Польшийн Элчин сайдын яам байгуулахаар ажиллаж байна.  
 
Ийнхүү зургаан орны уул уурхайн салбарын төлөөллүүд Польшийн тэнгэр доор зургаан өдрийн турш нэгдлээ. Монгол Улсыг төлөөлөн явсан хүмүүсийн бизнес уулзалтын үр дүн хэдий чамлалттай байгаа ч Монголын бизнес эрхлэгчдэд Польшийн тал боломж олгож байна. Учир нь тэдний алсын хараа бидний зүг чиглэж байгаа юм. 
 
 
 
 
 
 

Г.Орхон