Ц.Энхцэнгэл: Үйлдвэрчний эвлэлийнхэн өөрсдийгөө хууль бусаар санхүүжүүлж байна

Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Сүүлийн үед та үйлдвэрчний эвлэлийнхэнтэй нэлээд холбогдох боллоо. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ? 
 
-Захиргааны байгууллага бол Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ялангуяа, орон нутгийн захиргааны байгууллага тухайн нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдүүлэх үүрэгтэй. Үүний хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газарт иргэдээс ирсэн гомдлын дагуу бид ажиллаж байна. Иргэдээс үйлдвэрчний эвлэлийн холбоод ажилтан, албан хаагчдаас үйлдвэрчний эвлэлийн гишүүний албан татвар гэх нэрийдлээр хууль бус татвар албадан авч байна гэх гомдол их ирсэн. Уг гомдлын дагуу бид судалгаа хийж үзэхэд үйлдвэрчний эвлэлүүд зөвхөн боловсролын салбарт гэхэд жилд нэг тэрбум 151 сая төгрөгийг хууль бусаар авсан нь илрээд байна. Энэ нь зөвхөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хэмжээнд. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын харъяа байгууллагуудаас 500 гаруй сая төгрөгийн татварыг хурааж. Үүний цаана хөдөлмөрлөж буй олон хүн байгаа. Нийслэлийн төсвийн 55 хувь нь хувь хүний орлогын албан татвараас бүрддэг. Энэ татварын аравны нэгийг үйлдвэрчний эвлэл суутгаж авч байна гэж үзвэл их хэмжээний тоо гарна. 
 
Үйлдвэрчний эвлэлүүд Монгол Улсын хууль тогтоомжид заагаагүй хууль бус татварыг авсан байна. Авахдаа бусад татвар, хандив нэрээр програм хангамж ашиглан ажилтнуудын цалингаас тус бүр нэг хувийг автоматаар суутгаж авсан байна. Ингэхдээ ажилтан бүр үйлдвэрчний эвслэлийн гишүүн мөн эсэхийг харгалзаагүй бөгөөд байгууллагын удирдлагуудаас ч мөн авчээ. Ингэж албадан авах ажилдаа нягтлан бодогчдыг урамшуулах хэлбэрээр татан оролцуулсан байна. Жишээ нь, нэг байгууллагын ажилтнуудын цалингаас нэг хувийг суутгаж авсны төлөө нягтлан бодогч нь 5-10 хувийн урамшуулал  авдаг тогтолцоонд шилжсэн байж. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй ажил болж байгаа төдийгүй Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн хэрэг. Тиймээс бид захиргааны байгууллагын албан тушаалтанд ногдсон үүргийнхээ дагуу харъяа байгууллагууддаа хууль бус татвар авч буй явдлыг зогсоох үүрэг өгсөн. Үүний дагуу зарим байгууллага дээрх асуудлыг зогсоосон. Мөн заримд нь албан шаардлага хүргүүлээд байна. 

-Холбогдох хууль, дүрэмд юу гэж заасан байдаг юм бэ. Ийм төрлийн ямар нэгэн татвар, хураамж авах заалт байдаг юм уу? 
 
- Үйлдвэрчний эвлэлүүд “Манай дүрмэнд байдаг. Гишүүний татварыг бэлэн бусаар авна гэж байдаг. Хамтын гэрээгээр зохицуулагдаж буй харилцаа учир ингэж авах ёстой” гэж хэлж байна. Мөн “Олон жил ямар нэг асуудалгүй явсан юмыг яагаад одоо асуудал болгоод байгаа юм” гэх асуулт тавьж байгаа. Бидэнд хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг нь байна. Тухайн асуудлаар иргэд гомдол гаргасны эцэст судалж үзэхэд хууль тогтоомжийг зөрчсөн байвал захиргааны байгууллагын иргэдийн өмнө хүлээсэн үүргийн дагуу эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгч тодорхой харилцааг зохицуулдаг. Үүнийг зохицуулах шаардлагатай. Хамтын гэрээнд тусган, нягтлан бодогчид урамшуулах олгох байдлаар зохицуулж байгаа нь Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиас давсан зохицуулалт. Хамтын гэрээнд тодорхой ажилтнуудын хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ажлын байр, хөдөлмөрийн нөхцөл нь ямар байх зэргийг заадаг. Гэтэл үүнээс давсан байдлаар санхүү, мөнгөний асуудлыг, гишүүний татвар нэрээр авч байгаа нь хууль бус хэрэг. 
 
-Ингэж хууль бус татвар авчихаад үйлдвэрчний эвлэлээс эргээд ямар ажил хийж байна вэ? 
 
-Үүнийг бид шалгах шаардлагагүй байх. Нэгэнт хууль бус татвар учир зогсоох ёстой. Зөв гольдрол руу орох ёстой. Ер нь сүүлийн үед үйлдвэрчний эвлэл гэх ойлголтоос илүүтэй иргэний нийгэм, ардчилсан нийгэм, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, компанийн нийгмийн хариуцлага зэрэг олон дэвшилтэт үзэл санаа, ойлголтууд гарч ирж байна. Манайд зөвхөн цалин нэмэгдүүлэх тал дээр үйлдвэрчний эвлэл ажиллаж байна. Энэ байгууллага хууль бусаар татвар авах ёсгүй. Ажилтны эрх ашгийг хамгаалахгүйгээр хууль зөрчиж авсан татварынхаа 5-10 хувийг нягтлан бодогчид нь урамшуулал хэлбэрээр өгч, захиралд нь зориулж шууд бус байдлаар хөрөнгө оруулж, захирлуудад зориулсан сургалт зэргийг зохион байгуулж байна. Мөн нийгэмд ажил олгогчдоос хүртэл энэ хураамжаа авч байна. Энэ хурааж авсан мөнгөний 30 гаруй хувиар үйлдвэрчний эвлэлийнхэн өөрсдийгөө хууль бусаар санхүүжүүлж байна. 
 
-Нийслэлээс энэ онд нийгмийн хөгжлийн тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ? 
 
-Хөрөнгө оруулалтын ажлуудыг чиглүүлэхдээ аль болох эрүүл, аюулгүй хотыг бий болгохын төлөө ажиллаж байна. Хөрөнгө оруулалт, зам, харилцаа, дахин төлөвлөлт зэрэг бүх ажил иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түлхүү чиглэж байгаа. Энэ жилийн хувьд нийгмийн засаглалыг сайжруулах зорилгын хүрээнд иргэдийн нийгмийн ухамсар, тэдний оролцоог сайжруулахад түлхүү анхаарч байна. Гэмт хэрэг хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоо чухал учир “Хөршийн хамгаалалт” гэх хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Энэ онд дүүргүүдийн засаг дарга нартай байгуулах гэрээндээ нийгмийн зохицуулалтыг ямар талаас нь зөв барих асуудлыг тусгасан. Энэ гэрээнд тусгаснаар үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар болон бусад байдлаар татвар хураамж нэрээр иргэдээс мөнгө хураадаг хуулиас гажууд үйл ажиллагааг зогсоохоор ажиллаж байна. Энэ нь нийгмийн харилцааг буруу гольдрол руу оруулдаг ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй хэрэг. Албан байгууллагуудын эрх мэдлийн хэмжээ, заагийг тогтоож, зохицуулж өгөх нь тодорхой бус байгаа учир энэ мэт нийгмийн харилцааны асуудлууд гарч байна. 
 
-Зун цаг ирж байна. Нийслэл жуулчдаа хүлээн авахад бэлэн үү?
 
-“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. Энэ хүрээнд соёл урлаг, биеийн тамир спорт, олон нийтийг хамарсан зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар аялал жуулчлалын, тэр дундаа зочлох үйлчилгээний салбараа хөгжүүлж Нийслэлдээ тогтвортой орлого олъё гэж байгаа. Нийслэлийн эдийн засгийн 60 гаруй хувь нь үйлчилгээний салбараас бүрддэг. Тиймээс энэ салбараа дэмжиж, хувийн хэвшлийн оролцоог чухалчилж хотын эдийн засгийг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Энэ жилийн хувьд жуулчдын тоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Ай Ти Би үзэсгэлэнгийн жишгээр үзэсгэлэнд онцгой үүрэгтэйгээр оролцсон орныг зорих жуулчдын тоо хоёр жилийн дараа өсөх хандлагатай байдаг. 2016 онд Нийслэл өмнө жилүүдээ бодвол харьцангуй олон жуулчин хүлээн авах байх. Бидний “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилтийн цаг хугацаа ингэж таарч байгаа. Мөн АСЕМ-ийн уулзалт ирэх онд манайд болно. Бид тэднийг хүлээн авахад ямар бэлтгэлтэй байж, ямар ажлуудыг зохион байгуулах талаар бэлтгэл ажлаа хийж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 
 
 
 

Г.Орхон