“БИНСЭ” нэмэлт хувьцаа гаргаж буйн учир

МХБ-д бүртгэлтэй “БИНСЭ” ХК /хуучнаар "Баян хайрхан" ХК/  нь 1,268,320 ширхэг хувьцааны 78.8 хувьтай тэнцэх  1,000,000 ширхэг хувьцааг нэмж гаргахаар хүсэлт гаргажээ. Хувьцаанаас 200 000 ширхгийг хувьцаанд хөрвөх зээлийн гэрээний дагуу эзэмшүүлж үлдсэн 800 000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 744 төгрөгөөр олон нийтэд санал болгох байна. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг ирэх сарын 3-16-ны өдрийн хооронд зохион байгуулахаар болжээ.
 
 “БИНСЭ” нь малын эм бэлдмэл үйлдвэрлэхийн зэрэгцээ импортын худалдаа эрхэлдэг компани юм. Манай оронд бүртгэлтэй, үйл ажиллагаа эрхэлж буй 40 гаруй эм бэлдмэлийн компани салбарын хэрэглээний 60-70 хувийг хангаж байгаа нь үлдсэн 30-40 хувийн зах зээл байгаа гэсэн үг. Компани цаашид үйл ажиллагаагаа эрчимжүүлж, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлж ажиллахын зэрэгцээ, үйл ажиллагааны хүрээг тодорхойлогч гол зах зээл нь сум, багийн малын эмч, малчдад өөрийн компанийн хувьцаааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр “БИНСЭ” ХК байнгын худалдан авагчид, тогтвортой зах зээлтэй болох юм.
 
Бинсэн нь Канадын “Topsurf Inc” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд тус компанийн БНХАУ-ийн Нанжин хот дахь үйлдвэрээс бүтээгдэхүүнээ татан авч, малчдад нийлүүлж байна. “Нанжин Вэтоп Фарм” ХХК нь Хятад улс дахь малын эм үйлдвэрлэлийн тэргүүлэгч үйлдвэр юм. Үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагууд нь GMP журмын дагуу явагддаг. Үйлдвэрлэлийн дөрвөн шат дамжлагатай. Тус компани нь эхний бүтээгдэхүүнээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах явцдаа чанарын хяналтыг ханган ажиллах үүднээс мэргэжлийн лабораториар тоноглогдсон, өндөр мэргэжлийн туршлагатай ажиллах хүчнээр хангагдсан аж. 
 
Компани ирэх 1-2 жилийн хугацаанд дахин нэмж хувьцаа гаргах замаар хоёр тэрбум хүртэлх төгрөгийг татан төвлөрүүлж, зүүн, баруун,төвийн бүсийг хамарсан эм ханган нийлүүлэх орчин үеийн таван агуулах тавыг барихаар төлөвлөжээ. Үүнтэй зэрэгцэн технологийн орчин үеийн шийдэл ашиглан онлайнаар захиалга хүлээн авах, бүртгэлийн системийг бий болгохыг зорьж байгаа гэсэн. 
 
Тус компани нэмж хувьцаа гаргаснаар өөрийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготой байгаа бөгөөд компанийн хувьцааны хөрвөх чадвар сайжирсанаар хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хангагдана гэж тооцжээ.  /дэлгэрэнгүйг mse.mn/media/mongolianeconomy/content/archive/File/unet%20tsaasnii%20taniltsuulga.pdf холбоос дээр дарж авна уу/ Мөн тус мэдээлэлтэй холбогдуулан Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангарын ярилцлагыг уншихыг хүсвэл энэхүү холбоос дээр дарна уу mongolianeconomy.mn/mn/w/8077