Үйлдвэрлэлийн ослоос иргэнд учирсан хохирлыг ажил олгогч хариуцна

Хөдөлмөрийн аюулгүй байдал гэх сэдэв олон жилийн турш чухлаар тавигдаж буй. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр ийм, тийм ахиц дэвшил гарлаа гэж нэг их дуулдаагүй. Энэ нь хууль хэрэгжилт муу байгаатай холбоотой гэж МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар үзэж байгаа юм. 2011-2013 онд жил бүр 400 орчим үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ. Өнгөрсөн жилийн хувьд энэ тоо буурч 333 болсон ч ослын улмаас нас барсан хүний тоо таваар өсч, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан хүний тоо 119 –өөр нэмэгдсэн байна. Тэр дотроо барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн осол 43.5 хувиар өссөн байна. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль анх 2008 онд батлагдсан юм.
 
Харин өнгөрсөн 14-ний өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталсан. Өөрчлөлтийн үр дүнд нөхцөл байдалд бодитой ахиц дэвшил гарна гэж үзэж буйгаа Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэлж байгаа юм. Тухайлбал, хуульд өөрчлөлт орохоос өмнө аюулгүй ажиллагааны дүрэм журам, хууль тогтоомж зөрчигдөхөд гол төлөв ажил олгогч хүлээж байсан бол одоо ажилтан давхар хүлээдэг болжээ. Ингэснээр нэг талаас ажил олгогч ажилтнаа дүрэм журам мөрдөхийг, нөгөө талаас ажилтан ажил олгогчоосоо аюулгүй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхийг шаарддаг болох аж. 
 
Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг гагцхүү ажил олгогч эсвэл ажилтны хүрээнд яригдах ёстой зүйл биш. Барилгын салбарт аюулгүй ажиллагаа алдагдсанаас эгэл иргэний амь эрсэдсэн тохиолдол сүүлийн жилүүдэд их гарсан. Түүний цаана маш олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог болов ч тэр бүр олон нийтэд мэдэгдэлгүй өнгөрдөг. Ийм атал тэдгээр иргэний хохирлыг хариуцлага алдсан ажилтан барагдуулах уу, ажил олгогч хариуцах ёстой юу гэдэг нь өнөөг хүртэл тодорхойгүй явж иржээ. Энэ асуудлыг ажил олгогч хариуцахаар тодорхой өөрчлөлт хийсэн байна.
 
Хуульд орсон нэг өөрчлөлт нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг бүх шатны Засаг дарга нар бүрэн хариуцаж зохион байгуулж байхаар болсныг Хөдөлмөрийн сайд онцолж байв. Нэмэлт өөрчлөлтийн үр дүнд байгууллагууд энэ асуудалд авах арга хэмжээний хөрөнгө, санхүүгийн асуудал шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний стандартыг шинэчлэх шинээр боловсруулах асуудлыг хариуцах байгууллагын чиг үүрэг тодорхой болж, хэрэгжилт, үр дүн сайжирна. Учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин сайжирна хэмээн албаныхан үзэж байгаа аж.
 
Хуулийн өөрчлөлтийн талаар Ажил олгогч эздийн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар хэлэхдээ “Ажил олгогчдыг хавчин гадуурхсан хууль боллоо гэж зарим нь үзэж байгаа. Гэхдээ тийм биш. Хэн хэнийг нь хариуцлагажуулсан хууль болсон гэдгийг ажил олгогчдодоо хэлмээр байна” гэсэн юм. 
 
 
 
 
Ц.Элбэгсайхан