Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсаар, Монголд шатахууны үнэ хэвээр

 Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ (WTI) 2014 оны долдугаар сард баррел нь 107 ам.доллароос эхлэн буурч, энэ оны гуравдугаар сард нэг баррель нь 43 ам.доллар хүртлээ буурч тавдугаар сарын 9-ны байдлаар баррель нь 59 ам.доллар (тонн нь 442 ам.доллар) болоод байна. Сүүлийн 50 жилд 1985-86, 1990-91, 2008-2009, 2014-15 онуудад дөрвөн удаа томоохон газрын тосны үнийн уналт болсныг Зураг 1-ээс харна уу. Эдгээрээс 2014-15 болон 1985-86 оны газрын тосны үнийн уналтад нийлүүлэлтийн хүчин зүйлс давамгайлсан бол 1990-91 оных нь Персийн Булангийн дайнтай, 2008-2009 оных дэлхийн санхүүгийн зах зээлийн хямралтай холбоотойгоор үүссэн байна. 

 
 
 
1985-86 оны уналтын өмнө Аляска, Хойд Тэнгис, Мексикт газрын тосны үйлдвэрлэл огцом нэмэгдэж байсан бол 2014-2015 оны уналтын өмнө АНУ-ын шатдаг занар, Канадын тосон элс, био-түлшний зэрэг шинэ төрлийн эрчим хүчний үйлдвэрлэл огцом нэмэгдсэн. Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь зах зээлээ хадгалах үүднээс ОПЕК[1] зорилтот үнийн бодлогоо орхисон байна. 1991-92, 2008-09 онуудад газрын тосны үнийн уналт өмнөх түвшин рүүгээ богино хугацаанд буцаж очиж байсан бол 1985-86 оны уналтын дараа үнэ буцаж сэргэхгүй бараг 20 жил болсон.
 
Шатдаг занарын технологийн дэвшил, хөгжиж буй орнуудын эрэлт сул байгаа зэрэг нь газрын тосны үнийг удаан хугацаанд бага түвшинд байлгаж болохыг Дэлхийн банк тайландаа дурджээ. Энэ оны туршид газрын тосны үнэ дунджаар нэг баррель нь 53 ам.доллар (тонн нь 400 ам.доллар) байх төлөвтэй байна. Цаашид нэг баррель газрын тосны үнэ Дэлхийн банкны прогнозын дагуу ирэх таван жилд нэг баррель нь 53 ам.доллар-74 ам.доллар (тонн нь 400 ам.доллар-560 ам.доллар ) байхаар байна
 
Монгол Улсын импортоор авч байгаа нефьтийн үнэ 2012-13 онд хамгийн өндөр түвшинд нэг тонн ойролцоогоор 1200 ам доллар байсан бол өнгөрсөн онд буурч 960 ам.доллар болж, энэ оны нэгдүгээр улиралд оруулж ирсэн нефьтийн ханш нэг тонн нь дунджаар 620 ам.доллар байжээ. Монголын импортын нефьтийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн дунджаар 40 хувь илүү үнэтэй байна. Үүнд дэлхийн зах зээл дээрх үнэ нь боловсруулаагүй нефьтийн үнэ, мөн импортын үнэд тээврийн зардал шингэсэн байгаа зэрэг нь нөлөөлж байж болох юм. Ерөнхийдөө манай импортын үнэ нь дэлхийн зах зээлийн үнийн хөдөлгөөнийг дагадаг болохыг Зураг 2-аас харж болох юм.
 
Зураг 2: 2015 онд импортын нэг тонн нефьтийн бүтээгдэхүүний үнэ... 
 
Монгол Улсад борлуулж буй шатахууны үнэд нэгдүгээрт, түүний ам.доллараар илэрхийлэгдсэн импортын үнэ нөлөөлнө. Хоёрдугаарт, төгрөг ам.долларын ханш нөлөөлнө. 2012 оноос энэ оны нэгдүгээр улирал хүртэл төгрөг/ам.долларын ханш 44 хувиар суларсан ч нефьтийн үнэ хоёр дахин буурч 2012 онд нэг литр шатахуун 1600 төгрөгөөр орж ирж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 1220 төгрөг болсныг Зураг 3-аас харж болох юм.
 
 
 
 
 
Зураг 3: Энэ оны нэгдүгээр улиралд хилээр орж ирж байгаа
         нефьтийн өртөг нь 1 200 000 төгрөг/тн... 
 
 Шатахууны үнийг тогворжуулахын тулд Засгийн газар татвар, үнийн зохицуулалт хийдэг. 2012 оны арванхоёрдугаар сард нефьтийн импортын үнэ өндөр, ханш суларч байгааг харгалзан Монголбанк, Уул уурхайн яам хамтран “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад нэг ам.долларыг 2013 онд 1400 төгрөгөөр[2], 2014 онд 1525 төгрөгөөр[3] зарсан байна[4]. 2012 онд нэг литр шатахууны импортын үнэ 1600 төгрөг байх үед жижиглэнгийн зарах үнэ 1472-1728[5] төгрөг байсан. Энэ оны нэгдүгээр улиралд шатахууны импортын үнэ 1200 төгрөг, жижиглэнгийн үнэ: АИ-80 нь 1550 төгрөг, АИ-93 нь 1660, дизель түлш 1790 төгрөг байна (Зураг 4, 5-ийг харна уу).
 
 
        Зураг 4: Бензин 1л: Импортын үнэ 1220 төгрөг,                                   Зураг 5: Дизель 1л: Импортын үнэ 1220 төгрөг,
                    ШТС-ийн үнэ 1660 төгрөг...                                                                        ШТС-ийн үнэ 1790 төгрөг... 
 
 
Газрын тосны үнэ буурч нэг баррель нь 59 ам.доллар болоод, ойрын хугацаанд сэргэхээргүй байхад бид яагаад одоо болтол 2012 онд нэг баррел нь 104 ам.доллароор байхад авч байснаас өндөр үнээр шатахуун авах ёстой билээ? 2012 онд шатахууны импортын үнэ 1600 төгрөг байсан. Одоо 1200 төгрөг болчихоод байна. Шатахууны үнийг өндөр түвшинд тогтворжуулах хэрэглэгчдэд хэрэгтэй юу? Үгүй: Шатахуун нь барааны үнэ бүрдэхэд нөлөөлөх суурь үнэ тул шатахууны үнэ буурснаар нийт үнийг түвшингийн өсөлтийг бууруулах, хэрэглэгчдийн бодит худалдан авах чадварыг хамгаалахад туслана.
 
  [1] Газрын тос экспортлогч орнуудын байгууллага. Энэ байгууллага нь томоохон газрын тос экспортлогч 12 орноос бүрддэг бөгөөд гишүүн орнуудынхаа газрын тосны бодлогыг нэгтгэж, зохион байгуулах эрхтэй.
 
[2] http://www.mongolbank.mn/documents/pricestability/day_news/2012_total_tranch.pdf
 
[3] http://economy.news.mn/content/194103.shtml
 
[4] 2012, 2015 онд хөтөлбөр хэрэгжүүлж буй эсэх талаар ямар нэгэн мэдээлэл олдсонгүй
 
[5] Бензин АИ-80, АИ-93, Дизель түлшийн жилийн дундаж үнэ.
 
 
Дэлгэрэнгүй шинжилгээ, эдийн засгийн төсөөллийг сонирхвол “Монголын Эдийн Засгийн Шинжилгээ Судалгааны Төв” ТББ-д хандана уу mearc.mn/