Нүүрээ угаасан хөрөнгийн бирж

Урин дулаан цагтай уралдан нүүрээ угааж байгаа Хөрөнгийн биржээр ойрд сонин сайхан юу байгаа талаар Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангартай ярилцлаа. 

 
-Хөрөнгийн биржээр сонин сайхан юу байгаа талаар ярилцлага эхлэх үү?
 
-Бидний хувьд хийж байгаа болон шинээр эхлүүлсэн ажлууд маань сонин байх болов уу.  Хөрөнгийн бирж өнгөрсөн хугацаанд Нээлттэй хаалганы өдрийг нийслэлд зохион байгуулж ирсэн. Хүмүүст ч их хүрдэг. Энэ оны хоёрдугаар сард зохион байгуулсан нээлттэй хаалганы өдрөөр гэхэд л бид 6500 орчим хүнд үйлчилсэн байх жишээтэй. Эндээс иргэд хөрөнгийн зах зээлийг сонирхож харагдаж байна. Тиймээс бид орон нутагт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Эхний удаа Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Эрдэнэтэд ирэх сарын 3-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болсон.
 
-Тэнд ямар асуудал яригдах вэ?
 
-Хөрөнгийн бирж жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжихэд анхаарч байна. Энэ хүрээнд ч их ажил хийлээ. Тухайлбал, тэдэнд Хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө оруулалт татах таатай боломжийг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүй, цаг хугацаа, зардал мөнгөний хувьд аль алийг нь харьцангуй таатай болгож өглөө. Үүнтэй холбоотой Хөрөнгийн бирж рүү орж ирэх компаниудын тоо ч нэмэгдэж байна. Үүнийг нэг жишээ нь "Бинсэ" юм. “Бинсэ” компанийн талаарх мэдээллийг mongolianeconomy.mn/mn/e/8078 линкээс авна уу. Тэгэхээр бид орон нутагт байгаа бизнес эрхлэгчдэд Хөрөнгийн биржээс хөрөнгө оруулалт татах ямар таатай боломж байгааг тайлбарлана. Дараагийн нэг том ажил бол иргэд олон нийтэд хөрөнгийн зах зээлтэй холбоотой олон асуулт байдаг. Тухайлбал, нөгөө л цэнхэр, ягаан тасалбарын асуудал. Тиймээс орон нутгийн иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдээллийг өгөх нь чухал. 
 
Төрийн өмчит томоохон компаниудын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг Засгийн газрын үнэт цаасанд оруулах замаар үндсэн үйл ажиллагаанаасаа гадуур орлого олох боломжийг бүрдүүлэх зорилготой танилцуулга хийж байгаа. Одоогийн байдлаар ДЦС 3, МИАТ зэрэг компаниудад танилцуулга хийгээд байна. Яг үүнтэй адилхан орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдэд Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулаад өндөр өгөөж хүртэх боломж байгааг тайлбарлаж өгөх юм. За тэгээд тухайн компани өөрсдөө бонд гаргаж болно. Заавал компаниас өндөр хүүтэй зээл авах эсвэл хувьцаа гаргахгүй бонд гаргаж болохыг компаниудад тайлбарлах нь зүйтэй. Дээрээс нь орон нутгийн засаг захиргаа бонд гаргах хууль эрх зүйн орчин нь бүрдчихсэн байдаг. Одоогийн байдлаар орон нутагт татаас авдаг гурван аймаг байгаа. Тэр нь Дархан, Орхон буюу Эрдэнэт, Өмнөговь. Тэгэхээр эдгээр аймаг бонд гаргах боломжтой. Гэхдээ Өрийн удирдлагын тухай хууль юу болж байгаа бол. 

-Орхон аймгийн бизнес эрхлэгчид Хөрөнгийн биржийн талаар хэр мэдээлэлтэй байгаа бол?
 
-Орхон аймгийн компаниудын хувьд нэлээд хүлээлттэй байгаа юм билээ. Тиймээс бид ямар боломж байгааг тэдэнд танилцуулах юм. Харин компаниуд тэр боломжийг ашиглах эсэх нь тэдний асуудал. Ер нь Хөрөнгийн бирж олон зүйл хийж байгаа. Түүнийгээ зах зээлд таниулах нь чухал болоод байна. Энгийн жишээ гэхэд л арилжааны шимтгэл буюу хоёрдагч зах зээл дээр өдөр бүр явж байгаа арилжааны шимтгэлээ бид бууруулсан. Өмнө нь 0.4 хувийн шимтгэл авдаг байсан бол одоо 0.15 буюу 60 хувиар бууруулсан. Төлбөр тооцоог гурав хоног гүйцэтгэдэг байсан бол одоо нэг хоног болсон. Цаг хугацаа гэдэг өөрөө мөнгө. Тэгэхээр та өнөөдөр хувьцаа авсан бол маргааш гэхэд л мөнгө нь шилждэг Т1 горимд шилжсэн гэсэн үг. За дээрээс нь дөнгөж орж ирж байгаа компаниудыг МХБ 60 хоногт бүртгэдэг байсан бол одоо 20 хоног болсон. Нэг удаагийн буюу бүртгүүлэх зардал болон нийт арилжсан үнийн дүнгээс нь авдаг зардлуудыг ч мөн бууруулсан. 
 
-Сүүлд хэлсэн зардлын хэмжээ ойролцоогоор хэдэн хувь буурч байгаа вэ?
 
-40 орчим хувиар буурсан. 
 
-Сүүлийн үед Хөрөнгийн бирж олон нийтэд мэдээлэл өгөхөд түлхүү анхаарч байна. Уг нь та нарын гол үүрэг бол арилжаа зохион байгуулах биз дээ? 
 
-Хөрөнгийн бирж арилжаа зохион байгуулдаг байгууллага ч гэсэн бид нар зах зээлд оролцдог гол байгууллага учраас өөрсдөө манлайлаад ямар боломж байгааг олон нийтэд мэдээлэл өгөх учиртай. Учир нь энэ зах зээл өөрөө мэдээлэл дээр тулгууралдаг юм. Тэгэхээр хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь мэдээлэл дутмагтай холбоотой. Бидний хувьд ийм ийм боломж байна гэдгийг олон нийтэд хэлж, замыг нь нээж өгөх гээд байгаа юм. Тэгэхгүй бол бүх төлбөр тооцоо, зээл хэдхэн арилжааны банкаар явж, ажил хийдэг нь цалингийн, хөгшид нь тэтгэврийн, аж ахуй нэгж нь хөрөнгө оруулалтын гээд бүгдээрээ шахуу банкны зээлтэй байна. Ийм нөхцөлд ганцхан том арилжааны банк дампуурахад л улсын эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай. Тиймээс л бид мэдээлэл өгөхөд түлхүү анхаарч байна даа. 
 
-Манай нөхцөлд үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлж, анхны хөрөнгө оруулалтаа олох гэсэн компаниуд л банкны үүд сахиж ихэнх нь өндөр босгонд нь бүдэрдэг. Нэгэнт төлөвшсөн томууд нь гадна дотны Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах учраа олчихсон байдаг. Тэгвэл тэр учраа олоогүй хэсэгт Хөрөнгийн бирж дээр гарах боломж байна уу? 
 
-Бид бизнес эрхлэгчдэд тавьдаг өндөр босгыг бууруулсан. Өмнө нь хоёрхон самбартай байхад үндсэн хөрөнгө нь доод тал нь нэг тэрбум, дээд тал нь 10 тэрбум байх ёстой. Мөн үйл ажиллагаа явуулсан жил нь гурван жил байх ёстой гэдэг байсан. Ингэхээр иргэдийн дунд Хөрөнгийн бирж бол бидний биш том компаниуд л ордог газар гэх буруу ойлголт бий болчихсон байсан нь үнэн. Тэгвэл одоо гурав дахь самбартай болсноор тэнд гарааны компани ч орж ирэх боломжтой болж байгаа юм. Тэндээс хөрөнгө оруулагчид үнэхээр ашигтай төсөл байвал хөрөнгөө оруулаад л явчихаж болно гэсэн үг. 
 
-Ийм болчихоор хөрөнгө оруулагчид өндөр эрсдэл үүрэх юм биш үү? 
 
-Ингэлээ гээд хөрөнгө оруулагчдыг хохироохгүй. Босго багасч байгаа бол шаардлага улам чангарах учиртай. Адаглаад өнөөх мэдээллийн ил тод байдлыг нь бий болгох жишээтэй. Өнгөрсөн долоо хоногт Хөрөнгийн бирж компанийн засаглалын нэгжтэй боллоо. Энэ хүрээнд ТОП 20 компанитайгаа гэрээ байгуулаад мэдээллийг нь ил тод байлгахад анхаарч байна. Адаглаад Хөрөнгийн биржээс хөндлөнгийн хянагч ТУЗ-ийн хуралд нь суух жишээтэй. Хөндлөнгийн хянагчийн хувьд тухайн компанийн хөрөнгө санхүүгийн тайлан үнэн зөв байлгах болон мэдээллийг хөрөнгө оруулагчдад цаг тухайд нь өгч байгаа эсэхэд шаардлага тавих юм. Ингээд ирэхээр Хөрөнгийн биржийн бодлого илүү цогц болж байна гэж ойлгож болно. Дээрээс нь бид зүгээр нэг шаардаад байх биш өөрсдөө бүх мэдээллээ дэлгэрэнгүй өгч байна. Тийм ч болохоор Авилгатай тэмцэх газраас өгдөг Сайн засаглал бүхий компанийн өргөмжлөлийг Төрийн өмчит компаниудаасаа ганцхан манайх авсан. Өнөөдөр бид ажилчдынхаа цалинг хүртэл цахим хуудастаа мэдээлж байна. Орлого зарлагаа хүртэл нэг ч төгрөгийн зөрүүгүй мэдээлж байгаа. Товчхондоо Хөрөнгийн биржид нуугаад байх зүйл байхгүй гэсэн үг. 

-Нэг талаасаа компаниуд хөрөнгийн бирж дээр гарах таатай боломж нь бүрдсэн байна. Гэхдээ нөгөө талаасаа хөрөнгө оруулагчдын хувьд хэр хүлээлтэй байгаа бол. Мөн тэр хөрөнгө оруулагчдын чадамжийг та юу гэж харж байна вэ?
 
-Банкинд хадгалагдаж буй хөрөнгийн хэмжээ 7.8 их наяд төгрөг байна. Энэ бол санхүүгийн зах зээлд эргэлдэж байгаа бэлэн мөнгө. Энэ мөнгийг хаашаа хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг нь тухайн бүтээгдэхүүнээс шалтгаална. Тухайлбал, Засгийн газрын бонд гээд сайн бүтээгдэхүүн зах зээлд гараад ирэхээр 235 тэрбум төгрөгийг арилжчихсан байна. Тэгэхээр зах зээлд байгаа мөнгөний тодорхой хувь нь ийшээ орсон гэсэн үг. Эндээс юу харагдаж байна гэхээр хэрвээ ашигтай үнэт цаас байвал хөрөнгө оруулагчид орж ирэх нь ойлгомжтой байна. Өнөөдөр банкнаас хөрөнгө оруулалт татах гэхээр хүндрэлтэй байна. Адаглаад 888 төслөөс 156 нь л санхүүжилт авчээ. Үүний шалтгаан нь банкны шалгуур өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг. Мөн одоогийн байдлаар банкуудын хөрөнгийн хэмжээ багасчихсан байдалтай байгаатай холбоотой . Тэгэхээр яг одоо л Хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө оруулалт татдаг, ийшээ хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулдаг цаг юм. Нөгөө талдаа хувьцаа ч бараа, орон сууц ч бараа. Өнөөдөр орон сууц хямдарлаа гээд мөнгөтэй нэг нь худалдаж аваад дараа нь үнэд орохоор нь зарна гэж байна. Яг үүнтэй адилхан өнөөдөр анх хувьцаа гаргаж байгаа компаниудын хувьцаа хавьгүй хямдхан байгаа. Гэхдээ урт хугацаандаа үнэд орно. Энэ зах зээл угаасаа урт хугацаандаа ашгаа өгдөг болохоор одоо л хувьцаа авдаг цаг гэдгийг дахин хэлмээр байна. 
 
-Түрүүн та цухас дурдаад өнгөрсөн Төрийн өмчит компани /ТӨК/-д хийж байгаа танилцуулгынхаа талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? 
 
-Засгийн газрын бонд бол ижил хугацаатай арилжааны хадгаламжийн хүүнээс 0.2-0.4 хувийн өндөр хүүтэй байгаа. Нөгөө талдаа ТӨК-иудын харилцах дансны буюу чөлөөт үлдэгдлийг зүгээр байлгаж байхаар өндөр өгөөжтэй Засгийн газрын бондод хөрөнгө оруулаачээ гэдэг санал тавьж байгаа юм. Энэ нь аль аль талдаа ашигтай. 
 
-Уучлаарай Хөрөнгийн бирж ингээд л энэ тэнд очоод Брокерийн ч ажил хийгээд Кастадионы банкны ч ажил хийгээд. Бүр өөрсдөө хувьцаа авсан байна билээ. Ингээд яваад байх нь зөв үү?
 
- Хөрөнгийн бирж өөрсдөө 500 сая төгрөгийн бонд авсан. Эндээсээ ашгаа увуулж цувуулж авсаар ойролцоогоор 25 сая төгрөг олчихсон байна. Энэ мөнгөөрөө бид биржийнхээ гадна талыг засч байх жишээтэй. Энэ бол нэг талдаа бусдад хувьцаа авбал ийм ашигтай байдаг юм байна шүү гэсэн үлгэр дууриалал гэж ойлгож болно. Өнөөдөр Хөрөнгийн биржийг хөгжүүлэх шаардлага байна уу байна. Гэтэл ийшээ хэн ч ойртохгүй байгаа өнөөгийн үед бид өөрсдөө бүхний түрүүнд явах манлайлах, уриалах шаардлагатай. Тиймээс л Хөрөнгийн бирж энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд өөрсдөө манлайлж байна л даа. Нэг талаасаа хүмүүс Хөрөнгийн бирж Засгийн газрын бонд зарж байна гэх байх. Гэхдээ өмнө нь нэг бүрийн үнэ нь сая төгрөгийн үнэтэй үнэт цаасыг том банкуудад л хаалттай арилжаад зөвхөн тэд л ашиг хүртдэг байсан. Харин энэ удаа Хөрөнгийн биржээр дамжиж олон нийт ашиг хүртэх боломж нь нээлттэй болсонд л хамаг учир нь байгаа юм. Одоогийн байдлаар бид 7.9 тэрбумын өгөөжийг өгөхөөр байна. Тэгэхээр одоо зөвхөн банкны хадгаламжинд мөнгөө хадгалуулах биш 100 хувь эрсдэлгүй Засгийн газрын бондод санхүүжүүлэх боломжтой болж байгаа юм. Эндээс Хөрөнгийн бирж шимтгэл ч аваад шалиагүй. Ердөө нийт арилуааны 0.00875 хувийг нь л арилжааны шимтгэл болгож авдаг. Харин Засгийн газрын үнэт цаас авч байгаа хөрөнгө оруулагч тал Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөж байх жишээтэй. Тэгэхээр энэ бол зах зээлээ хөгжүүлэх, тэдэнд өгөөж өгч байгаа ажил юм. 
 
 
Э.Зоригт