Магадлалын онол ба Гранд сэтгэлгээ

Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг

Дээр үед нэг уншигч Магадлалын онолын талаар бичээч гэсэн хүсэлт гаргаж билээ. Түүнээс хойш хэдэн жил өнгөрчээ. Надад харин одоо бичих нэг оргиналь өнцөг гарч ирлээ. Дилер хүн огт арилжаа хийдэггүй бол тэр дилер биш. Алдсан ч, оносон ч зориглоод арилжаа хийж байж л дилер байж чадна. Надад учир нь олддоггүй хэд хэдэн асуултууд бий.

Тухайлбал, 800 жилийн өмнөх хүн төрөлхтөний түүхэнд өмнө нь тохиож байгаагүй үсрэлт. Хэрхэн эргээд анх эхэлсэн цэгтээ очсон хийгээд одоо дэлхийд хөгжлөөрөө адагт байгаа асуудал. Би сүүлийн хэдэн сар лекц унших бүртээ асууж байгаа. "50 жилийн дотор Монгол Америкийг хөгжлөөрөө гүйцэж чадах уу." Хариулт нь бараг бүхэлдээ "Үгүй." Магадлалын онолын философийн нэг өнцөг энд нуугдаж байгаа юм.

Хэрэв чи өөрийнхөө хүүхдийн Нобелийн шагналтан болох магадлалыг "Үгүй буюу Тэг" гэж хариулвал тэр магадлал үүрд 0 байх болно. Баяр хүргэе. Дөнгөж сая та өөрийнхөө хүүхдийн Нобелийн шагналтан болохгүй гэдгийг нь баталгаажуулчихлаа. Сэтгэлгээгээрээ. Магадлалын онолыг ойлгодоггүйгээсээ болоод.

Гайхалтай нь 0 магадлал гэдэг нь ердөө хүний сэтгэлд оршихоос биш ертөнцөд 0 магадлал гэж байдаггүй. Тухайлбал квант физикийн онолоор электроний байршил, өгөгдсөн мөчид ертөнцийн хаана ч байж болно. Төсөөлөөд үз дээ. Хаана ч байх магадлалтай. Яг үүнтэй адилаар Монгол улс Америкийг 50 жилийн дотор цохих, таны хүүхэд Нобелийн шагналтан болох магадлал нь 0-ээс дандаа их байна. Таны төсөөлөлд 0 байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бодит байдал дээр тийм биш.

Магадлал 0.1 хувь (1000-д 1 гэсэн үг) буюу өчүүхэн байна гэж үзье. Үүний дараа магадлалын философийн өнцөг гарч ирж байгаа юм. 0.1 хувийн магадлалыг 1 болгох, цаашлаад 5, 10, 25 болгож өсгөх боломжтой юу. Боломжтой. Хүүхдэдээ багаас нь "youtube"-ээр хогоороо байгаа шинжлэх ухааны видео үзүүлэе. Магадлал 0.1-ээс шууд 1 хувь болж өсч байна. Үүнтэй адилаар боловсролын сектортоо реформ хийе.

Монгол улс Америкийг цохих магадлал 0.1-ээс шууд 5 хувь болж өснө. 1206 онд Монгол улс боловсрол үгүй, цэрэг зэвсэг үгүй, гол нь технологигүй байв. Харин Хятад дэлхийн хамгийн том гүрэн байв. "Дайны урлаг" нэртэй бестселлэр ном гаргаад шуугиулж байсан цаг. Дарь гаргаад их буугаар байлдах шахуу байсан цаг л даа.

Тэмүүжин хүү үүнийг мэдэхгүй байв уу. Үгүй. Монголчууд энэ том ялгааг мэдэхийн дээдээр мэдэж байв. Гэхдээ Тэмүүжин болон Чингисийн Монголчууд одоогийн бидэн шиг магадлалыг ТЭГЛЭЭГҮЙ юм. Биднээс хамаагүй бага мэдлэгтэй боловч хавьгүй илүү боловсорсон байжээ.

Лалын шашинтай хүн гэрт нь орж ирсэн өстөн дайснаа дээд зэргээр хүндлээд, зочлоод гаргадаг. Чингис хаан шууд л Хятадаас философичид, төрчдийг урьж залан, хүндэтгэн сонсож байв. Мэдлэгийг тэгэж үнэлдэг байв. Тэрнээс биш Хятадуудыг үзэн ядах сэтгэл Чингист байсангүй. Ийм л гранд сэтгэдэг, гранд боловсролтой хүн байж. Шоогоо шидэхгүй бол юу ч тохиолдохгүй гэдгийг би чамд батлая. Харин шидээд үз ямар нэг зүйл тохиолдох л болно. Гайхалтай зүйл байж ч магадгүй.