“Эрдэнэт Медикал” эмнэлэг удахгүй үйл ажиллагаагаа явуулж эхлэнэ

Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт томоохон бүтээн байгуулалт болох  “Эрдэнэт Медикал оношилгоо-Эмчилгээний төв” энэ сард нээлтээ хийх талаар мэдээлж байсан. Өнгөрсөн жил гэхэд энэхүү эмнэлэг зөвхөн цаасан дээр байсан бол энэ жил амьдрал дээр бүтээн байгуулалт болон сүндэрлэж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Тус эмнэлэгийг Япон улсын барилгын стандартаар барьсан байна. “Эрдэнэт Медикал оношилгоо-Эмчилгээний төв”-ийн барилга, техник, тоног төхөөрөмжийн ажлаа бүрэн дууссан гэдгийг удирдлагын зүгээс хэллээ.
 
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ц.Даваацэрэн “Эмнэлэгийн бүтээн байгуулалт бол эрдэнэ болсон хувь хүнд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт. Одоогоор хүний нөөц бүрдүүлэлт менежментийн ажилд анхаарч ажиллаж буй гэнэ. Өнгөрсөн 36 жил хийгдэж буй хамгийн том бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд хийлээ” гэсэн юм.
 
Эрдэнэт хотод зүрх судас, хоол боловсруулах болон элэг цөсний өвчин хамгийн түгээмэл байдаг. Иймд эдгээр өвчний оношлогоог цоо шинэ түвшинд гарган ажиллах аж. Тухайлбал, шинжилгээний хариугаа тус эмнэлэгтэй хамтран ажилладаг Япон мэргэжилтэн рүү видеогоор илгээн оношоо тавиулах боломжтой гэнэ. Түүнчлэн бас нэг давуу тал нь эмнэлэгийн бүх өрөө хийн нэгдсэн системд холбогдсон тул өвчтөн хүчилтөрөгчийн төхөөрөмжид холбогдох давуу талтай. Тус эмнэлэгийн 3D, 4D аппаратууд нь  “HITACHI”  брэндийн бүтээгдэхүүнүүд бөгөөд тоног төхөөрөмжийн засвар, найдвартай ажиллагааг “HITACHI” корпораци хариуцан ажиллах аж.
 
Эмнэлэгийг үйлдвэрийн ажилтан албан хаагчид, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаар Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийн санхүүжилтээр буюу 50 сая ам.долларын хөрөнгөөр босгожээ. Дүрс оношлогоо, лаборатори оношлогооны хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд 20 сая ам.долларыг  тоног төхөөрөмжид зарцуулжээ. Зардлаа 7-8 жилийн дараа нөхнө гэж тооцоолж байгаа юм байна.
 
120 хүний ортой энэ эмнэлэг Эрдэнэт, Дархан хот төдийгүй хангайн бүсийн иргэдэд үйлчлэх боломжтой. Эхний ээлжинд өдөртөө 200 өвчтөнд оношлогоо хийх ба бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлвэл өдөрт 500 хүртэлх хүнд үйлчилж хүчрэх аж. 
 
 
 
 
 
 
 А.Буянзаяа