Шангри-Ла үүдээ нээлээ

Өнөөдөр Шангри-Ла олон улсын сүлжээ зочид буудлын салбар Улаанбаатарт нээлтээ хийлээ. Тус зочид буудлын барилгын ажил 2009 онд эхэлсэн бөгөөд ийнхүү зургаан жилийн дараа эхний жигүүрээ нээгээд байна. Зочид буудал хамгийн багадаа 42 ам.метр талбай бүхий цэлгэр, гоёмсог 290 өрөөтэй. Нийт 2,643 ам.метр талбайтай тансаг зочид буудалд Эм Си Эс групп 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, төслийн хамтрагчаар хариуцаж ажилласан юм. 
 
“Шангри-Ла” цогцолбор хэлбэрээр баригдаж байгаа бөгөөд цогцолборын 28 давхар эхний жигүүр нь нээлтээ хийсэн бөгөөд 2016 онд хоёр дахь жигүүр нь ашиглалтад орох юм. Удаах онд ашиглалтад орох хэсэг нь тансаг зэрэглэлийн орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалтай 19 давхар байх аж. Зочид буудлын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Уйльям Вонг “Монголын хүйтэн цаг агаар барилгын ажлыг удаашрах шалтгаан болж байгаа” гэж хэлж байсан удаатай.
 
Гаднын хэвлэлүүдэд Монголын эдийн засаг нэлээд хумигдаж, өсөлт удааширсан ч Оюутолгойн гэрээг зурагдахыг хүлээж байсан мэт тус гэрээг үзэглэсний дараагаар Шангри-Ла нээгдэж байгааг онцолж байна. Мөн ирэх жил Монгол улсад олон улсын томоохон улс төрийн зүтгэлтнүүд бүхий АСЕМ-ын чуулга уулзалт болох гэж буйтай холбогдуулан Шангри-Лаг цагаа олж үүдээ нээж байгааг гаднын мэргэжилтнүүд онцолж байна. 
 
Гаднын хөрөнгө оруулалтын ихэнхийг татаж байсан уул уурхайн салбарт зогсонги байдал үргэлжилж байгаа энэ үед зочид буудал нээгдсэнээр Монголруу чиглэсэн аялал жуулчлалыг дэмжиж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг тус сегментийн зочдод санал болгох боломж бүрдэж буй нэг илрэл юм. “Шангри-Ла” болон “Премиер” зочид буудал нээгдэхээс өмнө Монголд үйлчилгээний салбарын хөгжилд муу дүн тавирх нь элбэг байв. 
 
“Nomadic Journeys” компанийн захирал Жан Вигстэн хэлэхдээ “Чинээлэг жуулчид онгон байгальд аялахыг их сонирхож байгаа бөгөөд Шангри-Ла нээгдсэнээр энэ төрлийн жуулчлал Монголд хөгжихөд нэмэр болж байна” гэжээ. Монголын аялал жуулчлал нь адал явдалт бартаат төрөлд ордог бөгөөд аян замд чилээрхсэн зочдод Улаанбаатар хот алжаал тайлах хэмжээнд үйлчилгээ үзүүлэхэд Шангри-Лагийн хувь нэмэр өндөр байх биз ээ. Зочид буудал “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас 40 минут, галт тэрэгний буудлаас 20 минут явж  хүрэх бөгөөд нэг өдөр буудаллах үнэ 210 ам.доллараас эхэлж байгаа аж.