Эдийн засгийн хямралтай энэ үед харин илүү санаачилга, идэвхтэй байх хэрэгтэй

 “Монголын Бизнес Мэдээллийн сан” төслийн хэрэгжүүлэгч И.Сэр-Одтой ярилцлаа

 
-“Mongolian Business Database” –ийг байгуулах болсон шалтгаан юу вэ. Энэ гадаад улсад байдаг жишиг үү эсвэл шинэ санаачлага уу?
 
-Монголд бизнес, хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл байдал хүнд байгаа нь бодитой харагдаж мэдрэгдэж байна. Гэхдээ бид бүх зүйлийг харлуулж ойлгоод, түүнд итгэл үнэмшлээ, алдаж зүгээр суугаад баймааргүй байна. Нөхцөл байдлыг эерэгээр харж эдий засгийн хямралтай энэ үед илүү идэвх санаачлагатай баймаар санагддаг. Олон улсын гэж тооцогддог Францын SUEZ, Японы SMBC, Мицуй, Герман, Францын Schneider Electric эсвэл Ramada, Shangri La зэрэг компаниуд оффис, үйл ажиллагаагаа нээж  байна гэдэг нь тэд нааштай хандлагыг харж, ач холбогдол өгч байгаагийн илрэл шүү дээ. Өөрөөр хэлбэл, бизнесийн ерөнхий харилцаа идэвхгүй болсон энэ “завтай” үеийг ашиглаад төлөвлөж байсан бизнестээ ул суурьтай  бэлдэх нь зөв байх.
 
Канадын бизнес датабэйз, Америкийн бизнес датабэйз гэх зэрэг мэдээллийн сан байдаг л даа. Тэдгээр нь гол төлөв компаниудын мэдээллийн жагсаалт байдаг. Бид мэдээллийн санг үүсгэхдээ арай өвөрмөц буюу Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, Монголд бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах болон Монголоос худалдан авах сонирхолтой гадаадын компаниуд хоорондоо харилцаж байх талбар нь байна гэж төлөвлөж энэхүү төсөл хэрэгжиж эхэлсэн.  Ерөнхийдөө Монголд чиглэсэн бүхий л компани, бизнес эрхлэгчдийн бүртгэл болж өргөжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хэн ч, хаанаас ч, хэзээ ч бүртгүүлж, бизнесийн холбогдох мэдээллийг тогтмол авч байх бололцоотой мэдээллийн сан бий болж байна. Одоогийн байдлаар 1500 орчим компани бүртгэлтэй байна.
 
-Төсөл хэзээнээс эхэлсэн юм бэ?
 
-Анх 2009 онд Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сан гэдэг нэртэй Сантмарал, Оюутолгой, Монголын бизнесийн зөвлөл зэрэг байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Гэхдээ хэсэг хугацаанд зогсонги байдалд орсон. Тэр суурь мэдээллийн санд тулгуурлаж техникийн шинэчлэл хийж хэдэн компанийн жагсаалт биш хэн ч бүртгүүлж, хоорондоо харилцдаг платформ болгох зорилгоор системийн шинэчлэл хийсэн. Одоогийн байдлаар Монголын бизнесийн зөвлөл, МҮХАҮТ, Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөл, Британи-Монголын худалдааны танхим, Английн худалдааг дэмжих байгууллага, “Блүүмберг” телевиз, “Монголиан майнинг журнал”, “Монголиан экономи”, “Форбес Монголиа” сэтгүүл албан ёсоор дэмжиж ажиллаж байна. Одоогийн шинэ хувилбараараа 2014 оны арваннэгдүгээр сарын сүүлээр нээгдсэн. Цоо шинэ хувилбараар нээгдсэн гэсэн үг. Мэдээж өмнөх мэдээллийн санд бүртгэлтэй байсан компаниудын мэдээлэл дээр шинэ бүртгэлүүд нэмэгдээд явж байгаа юм. Одоогийн байдлаар дэлхийн 73 улсаас хандалт болон бүртгэл ирж байгаа. Энэ тоо байнга нэмэгдэж байгаа. Жишээ нь, хоёр сарын өмнө 30 гаруй улсаас хандалт орж байлаа. Үр дүнд нь бид интернэт хайлтын “Google” систем дээр “Mongolian business” гэж хайхад манай вэбсайт нэгдүгээр сонголтоор гарч ирж байгаа. 
 
-Энэ платформыг ашиглаад компаниуд гадаадын болон дотоодын компанитай харилцаа тогтоож буй жишээ байна уу?
 
-Компаниуд хоорондоо харилцахыг бид хянах шаардлагагүй л дээ. Угаасаа бизнесийн харилцаа нууц байдаг. Гэхдээ нэг компани нөгөө рүүгээ онлайнаар хандсан анхны мессэжийн хувь нь бидэнд харагдах байдлаар ирдэг. Энэхүү сайтын талаарх мэдээлэл нэлээд өргөн хэмжээнд хүмүүст хүрч эхэлж байгаа гэж ойлгож байна. Саяхан Польш улсаас “Танай сайт дээр байгаа тендерийн зарыг олж үзлээ. Манайх зүүн болон төв европын хамгийн том кабель үйлдвэрлэгч. Тендерийн дэлгэрэнгүй мэдээлэл монгол хэл дээр байна,  англи дээр олж өгч болох уу” гэж хандсан байсан. Энэ бол бидний хүсэж, зорьж байгаа ажлын нэг хэсэг юм. 
 
-Аль улсаас хамгийн их хандалттай байна вэ?
 
-Хоёр хөршөөс гадна Америк, Сингапур, Англи, Япон сүүлийн үед их дээгүүр гарч ирж байна. Хонгконг, Бразил, Турк, Польш, Чех улс дараа нь багтаж байгаа. Тэдний хувьд бараа бүтээгдэхүүнээ Монголд зарах сонирхолтой, түүний тулд эхлээд түнштэй болох шаардлагатай байгаа учраас гол төлөв дистрибютер хайсан компаниуд нэлээд их байна. Нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд Бразилаас хандалт байнга дээгүүр гардаг юм. Хаа холын Бразилаас яагаад Монголыг сонирхдог байна гээд үзэхээр жишээ нь, 2015 онд Венесуэль, Бразил зэрэг улсуудын эдийн засаг тэг түвшинд байна гэсэн урьдчилсан таамаг гарсантай холбогдуулан тэнд байгаа бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид бусад орны зах зээлийг судалж  байгаа хэрэг. 
 
-Монголын бизнес мэдээллийн сан гэдэг энэ вэбсайтын өөрийнх нь бий болгож буй боломж, алсын хараа нь юу вэ?
 
-Өнөөдөр хэчнээн үгүйсгэх гээд чадахгүй бодит үнэн бол бид уул уурхай, байгалийн баялагт тулгуурласан эдийн засагтай байна. Гэхдээ энэ салбараас бий болох ашиг, орлого бусад бизнесийн салбараа ивээн тэтгэж хөгжүүлж байх зайлшгүй шаардлагатай. Товчхондоо, бид бусад бизнесийн салбарыг идэвжүүлэхэд гол анхаарал хандуулж зорьж байгаа. Өнөөдөр баялгийг бүтээдэг бизнесмэнүүдийн харилцаа сулрахтай зэрэгцээд нийгмийг ерөнхийдөө ийм байдалд оруулсан улс төрийн хандлага хаашаа чиглэхээр байна, Засгийн газар ямар зоримог, үр дүнтэй шийдвэр гаргах вэ гэж хүлээсэн идэвхгүй хэлбэрт оржээ. Бизнес хөдөлгөөнд орж, бизнесийн харилцаа идэвхжих нь энэ бүхнээс гарах цорын ганц шийдэл гэдэг нь гарцаагүй үнэн. Үүнд хувь нэмрээ оруулах зорилготой байна.
 
Энэ төсөл нь зөвхөн онлайн хэлбэрийн талбар биш. Бид бизнес эрхлэгчдийг бодитоор уулзан танилцаж бизнесийн ажил хэргээ өргөжүүлэхэд нь нэмэр тус болох зорилготой. Тодорхой ажлууд хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, МҮХАҮТ-тай хамтран сар бүр “Бизнес-с-бизнест” нэртэй уулзалт арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн. Уулзалт тогтмол байснаараа эхний удаад нэрийн хуудсаа солилцож танилцах, хоёр дахь удаадаа бизнесийн санаагаа хуваалцаж, дараа дараагийн уулзалтаараа илүү нарийн мэдээллээ солилцох, гэрээ хэлэлцээр байгуулагдах түвшинд хүрдэг. Энэ бол бизнесийн харилцаа хөгжсөн барууны орнуудын нийтлэг жишиг.
 
 
 
 
 
 
Ц.Элбэгсайхан