Оюутолгойн ордын өгөөжийг бид хэрхэн хүртэх ёстой вэ

Г. Мөнх-Эрдэнэ /Хөрөнгө оруулалтын шинжээч, Гаүли ҮЦК/
 
Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын 5-нд ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлдээ “Оюутолгойн асуудлаар үндсэндээ тохиролцсон. Одоо техникийн асуудал үлдлээ. Удахгүй албан ёсоор хоёр тал мэдэгдэл хийнэ.
 
 
 
 
 
Далд уурхайн санхүүжилт хийгдэхэд ойрхон байна” гэсэн. Маргааш нь Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resource” компанийн хувьцааны ханш 11 хувиар өсөв.
 
Тус компани нь “Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг. Өөр том ордод хөрөнгө оруулалт хийгээгүй энэ компанийн хувьд Оюутолгойн төсөл хэр зэрэг амжилттай хэрэгжинэ хувьцааны ханш төдий чинээ  өсөх юм.
 
Төсөл амжилттай хэрэгжинэ гэдэг нь Оюутолгойн нөөцийг ашиглана гэсэн үг. Тэгвэл бид баялгийнхаа өгөөжийг хэрхэн хүртэх вэ гэдэг асуултын боломжит хариулт нь "Turquoise Hill Resource" компанийн хувьцааг худалдан авах байж болох юм.
 
 
 
Төслийн амжилтанд юу нөлөөлөх вэ?
 
Мэдээж хэрэг зэсийн орд учир зэсийн үнийн өсөлт, уналт хувьцааны ханшид нөлөөлөх суурь хүчин зүйл болно. 2012 он хүртэл хувьцааны болон зэсийн ханш нягт хамааралтай явж ирсэн (график 1).
 
                                                                                                       
Графикийн тайлбар: /Шар нь зэсийн ханш, хар нь хувьцааны ханш/
 
 Харин 2011 оны сүүл, 2012 оны эхний хагаст зэсийн ханш болон хувьцааны ханшийн хамаарал алдагдсан болохыг график 1 харуулж байна. Зэсийн ханш тогтвортой өсөлттэй байхад хувьцааны ханш хурдацтай унасаар байлаа. Өөрөөр хэлбэл, хувьцааны ханшид зэсийн үнээс гадна нөлөөлөгч өөр хүчин зүйл байна гэсэн үг. Тэр нь Монголын улс төрийн эрсдэл юм. 
 
2012 онд УИХ-ын сонгууль болов. Оюутолгойн гэрээг анх батлахад УИХ-аар хэлэлцүүлж баталсан. Тэгэхээр намуудын эрх ашиг ямар нэгэн балансад хүрч батлагдсан гэсэн үг. Тэгэхээр сонгуулийн дараа одоогийн УИХ, Засгийн газар нь солигдох уу? Солигдвол эрх ашгийн баланс алдагдах уу? Алдагдвал “Оюу толгой” төслийг гацаах уу? гэсэн олон асуултад хариулт авахад хүндрэл учруулж тодорхой бус байдал үүсгэж байгаа юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлав. Энэ нь мөн л улс төрийн тодорхой бус байдлыг бий болгосон.
Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн хууль баталлаа. Энэ нь олон улсын Монголд итгэх итгэлийг бууруулав.
 
Дээрх шалтгаануудын улмаас 2012 оны эхний хагаст хувьцааны ханш хүчтэй унасан гэж хэлж болно. Харин хоёрдугаар хагасаас хувьцааны ханш зэсийн үнэтэй уялдаж эхлэв.Үр дүнд нь улс төрийн эрсдэл ханшид шингэсэн учир хувьцааны ханш бодит ханшаас бага үнэлэгдэхэд хүргэж байгаа юм. Улс төрийн эрсдлийн нөлөөг графикт улаан шугамаар хэрээслэсэн тал байгааг үзүүлэв. Улс төрийн эрсдэл үгүй болвол хувьцааны ханш зах зээлийн бодит ханшид дөхнө.
                       
Далд уурхайн санхүүжилт эхлэхэд ойрхон байна
 
2013 оны долоодугаар сард Оюутолгойн далд уурхайн санхүүжил-тийг зогсоосон.  Хувьцааны ханш дараах хоёр хоногт нь 30 хувиар унав. Харин өнөөдөр буюу хоёр жилийн дараа санхүүжилтийн асуудалд хоёр тал тохиролцож төсөл урагшлахад ойрхон байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, хувьцааны үнэ бодит үнэ рүү дөхөж эхэллээ.
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ны Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа хувьцааны ханш 11 хувиар өссөн бол мэдэгдлээс хойш нэг сар хагасын хугацаанд ханш 33 хувиар өслөө. 
 
                                                                                                                                                                                     
Trader
 
Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлыг тун удахгүй шийдэх гэж буйг олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлсээр байна. Ерөнхий сайд ч “Блүүмбэрг ТВ Монголиа”-д өгсөн ярилцлагадаа далд уурхайн санхүүжилт шийдэгдэж байгааг дахин дурьдав. 

Ханшийн өсөлт ханасан уу? Урт хугацаанд ханш хэд хүрэх вэ? 

2013 оны есдүгээр сараас Оюутолгойгоос экспорт хийж эхэлсэн. Өнгөрсөн 2014 онд 1.6 тэрбум ам.долларын экспорт хийж, анх удаа ашигтай ажиллаж эхэллээ. Энэ бол зөвхөн ил уурхайн экспорт. Тэгвэл далд уурхайг 2019 онд ашиглалтад оруулбал экспорт их хэмжээгээр нэмэгдэнэ. Үүнийг дагаад хувьцааны ханш ч өснө. Компани тус төслийн хөрөнгө оруулалт нөхөх хугацааг есөн жил гэж тооцоолсон. Тодруулбал, урт хугацаанд төсөл амжилттай хэрэгжихийн хэрээр ханш өсөх юм. Гэвч одоогийн нөхцөл байдалд ханшийн өсөлтийн энерци хэрхэхийг хэлэхэд хэцүү ч далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж, ашиглалтад орж, улмаар олборлолт, экспорт хийн үйл ажиллагаа жигдрэх үед, мөн зэсийн ханш өнөөгийн түвшинд буюу 6000 ам.доллар орчимд хэлбэлзэх үед ханш хамгийн багадаа 15 ам.доллар, зэсийн ханш 9000 ам.долларт хүрвэл 25 ам.долларт хүрч өсөх боломжтой гэж үзэж байна. Харин дахин хямрал болж зэсийн үнэ 2700 ам.долларт хүрч унавал хувьцааны ханш дагаад унана.
 
Дүгнэлт
 
“Монгол иргэнд ногдох “Оюу толгой” төслийн өгөөж бага байна” гэж буй энэ үед хөрөнгийн зах зээл, хувьцаа зэргийг ойлгодог байснаар зэс-алтны том ордоосоо өгөөж хүртэх боломж байгааг харуулахыг зорьлоо. 
 
Засгийн газрын тогтворгүй байдал, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг зогсоосон нь эдийн засгийн хүндрэл өнөөгийн түвшинд хүрэхэд онцгой нөлөө үзүүлсэн гэж өргөн олноороо дүгнэж буй. Гэсэн хэдий ч энэ үйл явдал тус компанийн хувьцааг маш хямдаар худалдан авах боломж олгож буй хэрэг болж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй. 
 
Харин том дүр зургаар нь харвал, цаашид олон тооны ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь гарцаагүй. Тэр бүрт гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Харин тэрхүү хөрөнгө оруулагчид гадаадын биржид хувьцаагаа арилжааалдаг байх магадлал өндөр. Тодруулбал, бид хөрөнгийн зах зээл, хувьцааг одооноос судалж, ойлгодог болох хэрэгтэй. Мөн ирээдүйд өөрийн хөрөнгийг хэр зэрэг өсгөж чадах вэ гэдэг нь улс орон өөрийн баялгийг хэрхэн үр ашигтай зарцуулж чадах вэ гэх асуулттай чухал холбоотой юм.