Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо өөрийгөө зохицуулах байгууллага боллоо

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэхээр Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хурлаар шийдвэрлэлээ. 2013 онд батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороонд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо анхлан өөрийгөө зохицуулах байгууллага болох хүсэлтээ ирүүлсэн аж.  

Ийнхүү манай улсын үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах анхны өөрийгөө зохицуулах байгууллага бий болсон нь үнэт цаасны зах зээлийн түүхийн нэгэн шинэ хуудас болж байна. 
 
Өөрийгөө зохицуулах байгууллага нь зах зээлийн зохицуулалттай этгээдийн мэргэжил, ёс зүйн болон санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааны эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн зохицуулалтын зарим чиг үүргийг өөрийн гишүүдийн хүрээнд хэрэгжүүлэх зэрэг томхон эрх, үүрэгтэйгээр үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцох боломжтой юм. 
 
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь 1995 онд зохицуулалттай этгээд, мэргэжилтнүүдийн тогтвортой ажил, үйлчилгээ, эрх ашиг, нэгдсэн үзэл бодлогыг хамгаалах үндсэн зорилготойгоор байгуулагдсан үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн оролцогчдоос бүрдсэн төрийн бус байгууллага юм.