Компаниудын 77.5 хувь нь түрээсийн оффист үйл ажиллагаагаа явуулдаг

Үл хөдлөх хөрөнгө тэр дундаа оффисын зах зээл багагүй хөгжиж ирлээ. 2011 оноос хойш жилд дунджаар оффисын 77 орчим барилга зах зээлд нийлүүлэгдсэн байгаа нь идэвхжил нэмэгдсэнийг харуулж буй. "Мастер пропертис" компаниас Улаанбаатар хотод байрлах оффисын 209 барилгыг хамарсан салбарын судалгааг хийжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар зах зээл дээр нийт 1.078 сая ам.дөрвөлжин талбай бүхий оффисын талбай ашиглагдаж байгаа бол энэ онд ффисын 26 барилгын 191.4 ам.дөрвөлжин талбай нийлүүлэгдэх төлөвтэй байна. 2015 оны дөрөвдүгээр сарын байдлаар зах зээлд худалдаалах болон түрээслэх зориулалтын 169.2 ам.дөрвөлжин талбай хоосон байна. Энэ нь нэг жилд нийлүүлэгдэх хэмжээний оффисын талбай аж. Эл байдал өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай шууд холбоотойг судалгааны багийнхан онцоллоо.

Мөн тэд хотын төвийн гурван дүүрэгт байрлах нийт оффисын 80 хувийг байрлал болон зэрэглэлээр нь ангилжээ. Нийслэлийн оффисын барилгын 14.3 хувь нь А зэрэглэлийн, 55.5 хувь нь B зэрэглэлийн, 30.6 хувь нь C зэрэглэлд хамаарч байна. Эдгээр  барилгын 77.4 хувийг түрээслэж байгаа бол үлдсэн 22.6 хувийг нь худалдаалж байна. Дөрөвдүгээр сарын байдлаар оффисын зориулалттай байрны түрээсийн дундаж үнэ нэг ам.дөрвөлжин нь 32607 төгрөг байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеээс 30 хувиар буурсан дүн юм.

Оффисын барилгын худалдах үнэ сүүлийн 10 жилийн хугацаанд 11 дахин өсчээ. Энэ нь үнийн хувьд хамгийн өндөр өсөлттэй үл хөдлөх хөрөнгө болж байна. Оффисын барилгыг дунджаар нэг ам.дөрвөлжин талбайг нь 4.9 сая төгрөгөөр худалдаалж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн хувиар өссөн гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын хувийн хэвшлийн компаниудын 77.5 хувь нь түрээсийн оффист үйл ажиллагаа явуулдаг аж. Үүний 38 хувь нь одоогийн үйл ажиллагаа явуулж буй оффистоо сэтгэл ханамжгүй байдаг гэх дүгнэлт гарчээ. Үүнээс үндэсний компаниудын эрэлтэд нийцсэн оффисын барилга шаардлагатай байгааг харж болох юм.
 
Оффисын талбайн нийлүүлэлт ирэх онуудад ч идэвхжих хандлагатай байгааг 2016-2018 онд 29.9 мянган ам.дөрвөлжин талбайд оффисын зориулалттай барилга барих төсөл хэрэгжиж буйгаас харж болно. Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2016-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн буюу оффисын барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар авсан олон тооны арилжааны зориулалттай барилгын төсөл хэрэгжинэ. Судалгаанд дурьдсанаар оффисын зах зээлийн нийлүүлэлт тасралтгүй явагдаж нөгөө талаас эрэлт саармагжих төлөвтэй байна.
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал