Нэгэн зүгт нэг хүчээр

Монголын Хөрөнгийн бирж, Монголын даатгагчдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр санхүүгийн салбарын гол тоглогч болох үнэт цаас, даатгалын салбар хамтарч санхүүгийн салбарыг тэнцвэртэй хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцоллоо. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд үнэт цаасны зах зээлд “Даатгагдсан компанийн бонд” гэх шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа аж.
 
Энэ талаар “Соёмбо” даатгалын компанийн гүйцэтгэх захирал Ц.Баттулга “Даатгагдсан бонд гэдэг нь 100 хувийн баталгаатай, хөрөнгө оруулагчдын эрсдэлийг хариуцах боломжит бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч бондын төлбөрийг хугацаандаа авах нөхцөлийг даатгалын компаниар баталгаажуулж өгч буйгаараа онцлогтой” гэлээ. Энэ нь Засгийн газрын бондтой өрсөлдөхүйц баталгаатай аж. Тус бондыг гаргах бэлтгэл үндсэндээ дууссан байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар даатгалын салбарын нийт хөрөнгө 60 орчим тэрбум төгрөг байгаа бол үүний 20 орчим хувь болох 14-15 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлд эргэлдүүлэх боломж бүрджээ. 
 
Эдийн засгийн бодлого,  өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан “Банкуудын өрсөлдөөний тойм” судалгаанаас үзэхэд санхүүгийн салбарын нийт актив өнгөрсөн оны эцсийн байдлаар 23.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 96 хувийг банкны салбар дангаар бүрдүүлж буй. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчин, эдийн засгийн нөхцөл байдал банкны салбараас хараат байгаа аж. Энэхүү ганц тулгуурт санхүүгийн тогтолцоо нь бизнес эрхлэгчид болон иргэд зээл, хөрөнгө оруулалтын хэрэгцээгээ хангах боломжит сонголтыг бууруулж буй гэдгийг судалгааны баг онцолсон. Тиймээс санхүүгийн салбарт банкны зээлээс бусад эх үүсвэрээр санхүүжилт олж авах нөхцөлийг бий болгох хэрэгцээ өндөр байгаа. Энэ талаар Хөрөнгийн биржийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Санхүүгийн зах зээл нь банк, даатгал, хөрөнгийн зах зээл гэсэн тулгын гурван чулуунаас бүрддэг. Энэ гурван тулгуур энэ тэнцүү байж гэмээнэ эдийн засаг зөв урсгалдаа орж Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангадаг. Өөрөөр хэлбэл урт хугацаанд тогвортой эдийн засгийн орчин бүрдэх юм” гэлээ.
 
Түүнчлэн олон улсын жишгээс үзэхэд даатгалын бизнес нь хөрөнгийн зах зээлийн гол тоглогч нь байдаг аж. Манай улсын хувьд өнөөг хүртэл санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулагч байх хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал байсан. Харин энэ сарын 17-нд Санхүүгийн зохицуулах хороо Даатгалын компанийн журамд өөрчлөлт оруулж энэхүү боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр тус салбар хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгийн биржийн хоёрдугаар ангиллын хувьцааг санхүүжүүлэх боломж бүрдэж санхүүгийн зах зээлд банк хөрөнгө төвлөрүүлэх бус энэхүү салбараас хөрөнгө босгох баталгаатай боломж бүрдэж байгааг Даатгагчдын холбооны ерөнхийлөгч Д.Чулуунцэцэг хэллээ. 
 
 
 
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал