Монголын компаниуд Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх үү

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд Лондонгийн хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэх боломжийг хэлэлцэж байна. Лондон хотноо зохиогдож байгаа Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагын 40 дэх удаагийн чуулга уулзалтад Манай Улсаас Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, тус хорооны гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Гаадулам нар оролцож байгаа аж. 

Чуулга уулзалтын хүрээнд тэд Ази номхон далайн бүс нутгийн зөвлөлийн салбар хуралдаанд оролцож бүс нутгийн үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын хүрээнд хийгдэж байгаа туршлагуудыг авч хэрэгжүүлэх, өөрийн орны зах зээлд нэвтрүүлэх боломжийн талаар судлаж буй юм. Мөн Тайванийн Үнэт цаас, фьючерсийн хорооны удирдлагуудтай уулзалт хийж, Биржээс гадуурх арилжаа /Emerging Stock Board/ байгуулах асуудлаар санал солилцох ажээ.
 
Энэхүү чуулга уулзалтын үр дүнд хөгжиж буй зах зээлтэй гишүүн орнуудын үнэт цаасны зах зээлийн туршлага, тулгарч буй асуудлууд, хүндрэл бэрхшээл, түүнээс хэрхэн гарах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргийг судлах, холбогдох туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломж бий болох гэнэ. 
 
Лондон хотноо энэ сарын 13-наас эхлэн зохион байгуулагдаж байгаа Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагын удаагийн чуулга уулзалт маргааш өндөрлөх юм байна.