Зэсийн ханш 641 ам.доллараар уруудаж, алтных ялимгүй өслөө

Өчигдрийн байдлаар Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр нэг унци алтны ханш 1185 ам.доллар байсан бол өнөөдөр Лондонгийн цагаар 2.52 минутад 1188 ам.долларт хүрч ялимгүй өсөлт харагдаж байна. Тус таваарын ханш өнгөрсөн сарын 16-наас эхлэн 1230 ам.доллараас уруудсан.

Шинжээчдийн зарим нь үнийн бууралтад АНУ-ны Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ ойрын хугацаанд өсгөж магадгүй гэсэн хүлээлт нөлөөлсөн гэж таамаглаж байгаа төдийгүй энэ долоо хоногт алтны ханш дахин хямдарна гэж үзжээ. Гэвч өнгөрсөн даваа гарагт ханш 1174 ам.доллараар энэ долоо хоногийг эхэлж байсан бол өнөөдөр 14 ам.доллараар өсөөд байна. Тухайлбал, Хонгконгийн бирж дээрх ханш энэ сарын 5-нд 1164 байсан бол өнөөдөр 1188 ам.долларт хүрээд байна. 

Харин зэсийн ханш уруудсаар байна. Лондонгийн металлын бирж дээрх нэг тонн зэсийн ханш өчигдрийн байдлаар 5759 ам.долларт хүрчээ. Тус таваарын ханш өнгөрсөн сарын 1-нд 6400 ам.доллар болж өсч байсан бол өнөөдрийн байдлаар 641 ам.доллараар унаад байна.
 
Ханшийн бууралт нь Хятад болон Грекийн эдийн засгийн таагүй байдалтай холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм. Грек улс энэ сарын сүүлээр 1.6 тэрбум еврогийн зээлийг Олон улсын валютын санд эргүүлэн төлөх үүрэгтэй байгаа бөгөөд тэд зээлээ хугацаандаа барагдуулах  эсэх нь эргэлзээтэй байгааг гаднын хэвлэлийнхэн онцолж байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Г.Орхон