Ээ дээ, эрчүүд үү

Ц.Элбэгсайхан
 
Яаж ч тоолсон юм, яагаад ч ярих болсон юм бүү мэд. Монголд нэг эрд гурван эмэгтэй ногддог гэсэн яриа нэлээд хэдэн жилийн өмнөөс гарах болсон. Заримдаа бүр тав  гэх. Ер нь бол эмэгтэйчүүд харьцангуй олонх гэдэг нь үнэн. Гэхдээ арай ч гурав, дөрөв дахин гэж ярих хэмжээнд биш. Чухамдаа бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа 95:100 байгаа юм. Гэхдээ энэ тоо бидний хөндөх сэдэв биш. 
 
Энэ удаа монгол эрчүүдийн үнэлэмж, үнэ цэнэ буурч байгаа тухай, өрх гэрийн тэргүүн гэж хүндэлдэг хүндлэл үгүй болж, цог золбоо, сүлд хийморьтой эр хүн гэдэг ойлголт улам бүр бүдгэрч байгаа тухай хөндье гэсэн юм. Тэгэхдээ бүсгүйчүүдээ дорд үзэхийг эс уриалав. Гол асуудал нь ЯАГААД ..?
 
Яагаад эрчүүдийн үнэ цэнэ өдрөөс өдөрт буурсаар байна вэ? Яагаад “эр хүн” гэдэг үнэлэмж үгүй болж байна вэ? Яагаад гэдгийн  хариултыг олбол яаж гэдэг нь тодорхой болох болов уу хэмээн сэтгэж байна.
 
Жинхэнэ эр хүн гэж хэн бэ? гэдэг  асуултад “Гүндүүгүй, хэр баргийн юмыг тоодоггүй. Ханхар биетэй, хараад суухад сай­хан” гэж хариулах юм бол “тэнэгтсэн” болно. Яагаад гэ­вэл цаг үе өөрчлөгджээ. Энэ л асуултын хариулт юм болов уу. Дээрх асуултыг эрэгтэйчүүдээс асуувал нэгийг, эмэгтэйчүүдээс асуувал өөр нэгийг хариулна. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Н.Жанцанноров эрхмээс “будаа идэх” санаатай “эрчүүдийн үнэлэмж яагаад буураад байгаа юм бол?” хэмээн асуутал “за одоо, эмэгтэйчүүд үнэлэхгүй байгаа болохоор л тэр байлгүй дээ” хэмээн ёжлов. Сайтар тунгаавал, түүний үнэн ажээ. Тийм бол яагаад эмэгтэйчүүд үнэлэхгүй байна вэ?
 
Үүний адилаар цөөн хэдэн эмэгтэйгээс асуувал тэд бараг нэг ижил зүйл ярьж байна. Монгол залуус соёлгүй бүдүүлэг, боловсролгүй, ажилгүй, унхиагүй гэдэг хариулт л тэднээс сонслоо. Тэдний зөв болохыг ч зарим статистик тоо батлаад байгаа юм. Ажил анхианы талаар авч үзье л дээ. 2014 оны дөрөвдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7.7 хувьтай байжээ. Тэгвэл эрчүүдийн хүрээнд авч үзвэл энэ тоо 8.1 хувь болж өсч байна. Эсрэгээрээ эмэгтэйчүүдийн 7.2 хувь нь энэ хугацаанд эрхэлсэн ажилгүй байжээ. Нөгөө “олонх” маань энд цөөнх болж хувирч байна. Эцсийн дүндээ улс орны эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүд илүү хувь нэмэр оруулж, чухал үүрэг гүйцэтгэж байгааг энэ тоо өгүүлж байгаа юм.
 
Дараагаар нь боловсролын асуудал. Эрчүүдтэй харьцуулахад бүсгүйчүүд илүү боловсрол, мэдлэгтээ анхаардаг. Дээд боловсрол эмзэмшиж буй эмэгтэй, эрэгтэйчүүдийн тооны харьцаа 1.4 байна. Энэ нь таван оюутны хоёр нь эрэгтэй болохыг илэрхийлж байгаа юм. Цаашлаад их, дээд сургууль төгсөгчдийн тоог харах юм бол бүр багасч гурван оюутны нэг нь болж буурч байх жишээтэй. Монгол эмэгтэйчүүдийн дайчин, эрэмгий чанарыг гадаадынхан, олон улсад шагшиж байхад эрчүүдэд нь эхэлснээ дуусгах тууштай чанар алга. Ингэхлээр эрчүүдийн масс боловсролоороо эмэгтэйчүүдийн “хаана ч хүрэхгүй” болж эмэгтэйчүүд мэдлэг боловсролгүй эр хүнийг үнэлэхгүй байна.
 
Соёлын тухайд гэвэл “муусайн” эрчүүдийг өөлөх мянган шалтгаан эмэгтэйчүүдэд олдож байна. Ерөөс аль ч түвшинд эрчүүдийн соёль “ноль” заадаг гэнэ. Гудамжаар явахдаа эмэгтэйчүүдэд зам тавьж өгдөггүй (бараг л мөргөж унагаад явдаг), хаалгаар орохдоо өөрөө түрүүлж орчихоод тас хийтэл хаачихдаг, энд тэндгүй шүлсээ хаяна, эмэгтэй хүн хүнд жинтэй юм өргөөд дааж ядан явахад хэнэг ч үгүй дээгүүр хараад өнгөрнө (зарим нь эхнэртээ хүүхдээ тэврүүлчихээд дээрээс нь цүнх хүрмээ бариулчихаад утсаар яриад, инээд алдаад алхдаг гэнэ шүү!).Тэгэхээр одоо жинхэнэ эр хүн гэж хэнийг хэлэх вэ? гэж асуувал “Боловсролтой, мэргэжилтэй, эмэгтэйчүүдийг хүндэлдэг, боловсон, товчхондоо бол жентелмэн” гэж хариулах хэрэгтэй. Үүнийг сонсоод “би чинь гүндүүгүй сайхан монгол эр, ямар англи, герман үндэстэн биш” гэж бодож байвал найз минь андуурч байна. (Цаг өөрчлөгдсөн байна шүү дээ).
 
Өмнө өгүүлсэнтэй холбон тайлбарлахад эрчүүд, эмэгтэйчүүдээс арай цөөн байгаа нь насжилттай холбоотой. Эрэгтэй хүмүүсийн дундаж наслалт 65 байхад эмэгтэйчүүд арван жилээр илүү наслаж байна. Харин эрчүүдийн эмэгтэйчүүдийг давж гарч байгаа ганц зүйл юу гээч... ял шийтгэл. Жил бүр шүүхийн байгууллагаар шийтгэл хүлээж байгаа хүмүүсийн 92, 93 хувь нь эрчүүд. Ингээд л эрчүүд нийгмийн амьдралаас “хол хаягдаад” байгаа нь нотлогдоод байгаа юм. Одоо эрчүүд минь, залуус минь ухамсраа өөрчлөх цаг болжээ. Хий хоосон улс төржилтөө орхиж, улс эх орондоо хэрэгтэй үйл бүтээлцье. Ачааны хүндийг үүрч яваа бүсгүйчүүддээ тус нэмэр болцгооё. Боловсролдоо анхааръя, нийтийн соёлд суралцъя. Товчоор хэлбэл өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлж, үнэ цэнээ тогтоох цаг ирчихээд байна.