Ч.Мэргэн: Сорьсон боломж, өндөр хариуцлага

“Эдийн засаг хямралтай гээд бид заавал хямрах албагүй” хэмээн өгүүлэх “Вагнер Ази Автомотив” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн  энэ салбарт амжилттай яваа нэгэн. “Бизнесийг зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж харахаас илүүтэй хүн төрөлхтний амьдралыг өөрчлөх зүйл” гэсэн Генри Фордын итгэл үнэмшилтэй санал нэгддэг, шинэ мянганы шилдэг залуусын төлөөлөлтэй уншигч таныг уулзуулж байна. 

-Танай компани эдийн засгийн хүндрэлийг даван гарахын тулд ямар стратеги баримталж байгаа вэ? 
 
-Өнгөрсөн он нэлээд аз сорьсон жил байлаа. Энэ жил ч мөн ялгаагүй сорилтын он болохоор байна. Бид үүнийг боломж гэж харж байна. Тиймээс ухаалаг, нэлээд шинэчлэл хийж, илүү үр өгөөжтэй ажиллаж байж даван гарна. Амжилт гаргана гэхээр борлуулалт 20-30 хувиар өсөх тухай биш юм. Харин тогтвортой үйл ажиллагаа явуулах, хүний орон тоогоо хадгалах нь өөрөө амжилт. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед хамгийн сайн ажиллаж байгаа хүмүүсээ авч үлдэх нь чухал. Чармайлт гаргаж, идэвх зүтгэлтэй ажиллаж буй хүмүүсээ удирдлагын хувьд зөв чигт ухаалаг жолоодох хэрэгтэй байдаг. Хамгийн түрүүнд хийж байгаа ажил бол цалингийн хэмжээг гүйцэтгэлтэй нь холбож өгсөн. Манайх үүнийг хагас жилийн өмнө эхлүүлсэн. Одоо маш ойлгомжтой, тодорхой болж байна. Тухайн сар, сарын гүйцэтгэл, түүний үр дүнг хардаг. 
 
-Ажилчдынхаа хувь хүний хөгжилд хэрхэн анхаарч байна вэ? 
 
-Цалин, урамшууллын системээ шинэчилж, үүнд ажилтны хувь хүний хөгжлийн асуудлыг ч мөн оруулсан. Өөрийгөө хөгжүүлэх, мэргэшүүлэхэд байгууллага болон тухайн хувь хүн анхаарах шаардлагатай. Ийм хөшүүрэг байж ажилтан сэргэж, шинэчлэгдэж байдаг. Ажилчид маань манай хамгийн том хөрөнгө оруулалт болохоор суралцах, хөгжих боломжийг гаргаж өгдөг. Цалингаа нэмж чадахгүй ч гэсэн сургах бодлого барьж байна. Тиймээс сургалтын зардлыг танаагүй, харин ялимгүй нэмсэн. Үүссэн эдийн засгийн асуудалд аль болох нээлттэй хандаж, ухаалаг тоглолт хийх тийм л зорилготой ажиллаж байна. 

-Танай компанийн хүний нөөцийн бодлогыг сонирхох гэсэн юм. Шинэ хүн аваад мэргэшүүлж байна уу эсвэл туршлагатай ажилтанг сонгодог уу?
 
 -Миний удирдлага дор 60 гаруй хүн ажилладаг. Бидний хувьд нэн түрүүнд анхаардаг зүйл бол хүмүүсээ сэтгэл хангалуун ажиллуулах, идэвхтэй байлгах зорилготой. Компани таалагдсангүй гээд гарсан хүн байгаагүй. Харин өөр бусад ажил, амьдралын шаардлагаас болоод жилд 1-2 хүн орж гарах нь бий. Ер нь ажилтанг аль болох авч үлдэх, цаашдаа илүү хол замыг хамтдаа туулах үүднээс хүний нөөцийн асуудалд нэлээд ач холбогдол өгч ажилласан. Үр дүн нь ч одоо гараад эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн онд нэг л хүн ажлаас гарсан байх жишээтэй. Гарсан хүн маань суралцах шаардлага үүссэн. Баг чухал, тэр тусмаа тогтвортой байх нь компанийн үнэ цэнийг нэмэгдүүлж байдаг. Ямар ч байсан бид энэ багаа өнгөрсөн онд хадгалж чадсан гэж хэлж болно. Гэхдээ “Ажлаас халагдаж байгаагүй захирал гэж байдаггүй” гэсэн үг байдаг. Манайх хүний нөөцийн чиглэлээр олон ажил авч хэрэгжүүлсэн талаар дээр дурьдсан. Үүний нэг нь шинэ ажилтанд зориулсан дасан зохицох хөтөлбөр гэж боловсруулсан. 
 
-Баг чухал болохыг та онцоллоо. Шинэ хүн бол эхэлж сургалтад суух уу? 
 
-Манайд шинээр ажилд орсон хүн группын гурван өдрийн сургалтад эхэлж хамрагддаг. Дараа нь манай компанид /Вагнер Ази Автомотивд/ дасан зохицох 90 хоногийн хөтөлбөрт хамрагдана. Ингээд хөтөлбөрийн дагуу цаашдаа сургалт, ярилцлагад ороод явдаг. Өөрийн гэсэн томилогдсон зөвлөгчтэй болох бөгөөд хамрагдан сурах сургалт хичээлийн жагсаалтыг ч мөн хүлээн авна.  
 
Тухайн бий болсон албан тушаалд хамгийн сайн мэргэшсэн хүнийг авахыг эрмэлзэж ажилладаг. Мөн тухайн хүнийг тодорхойлох боломжтой хүмүүстэй холбогдож нэмэлт асуултад хариулт авдаг. Энэ нь бараг судалгаа гэж ойлгож болно. Ажилчид өөрсдөө хөгжиж байх ёстой. Сурсан зүйлээ хэрэгжүүлж байх нь чухал. Манайд сургалтын форум гэж бий болсон. Энэ нь сургалтад хамрагдаад ирсэн бол хамт олон, хэлтэс, багийнхандаа танилцуулга хийж, мэдлэгээ улам баталгаажуулдаг. Зарим хэрэгтэй гэсэн зүйлээ нэвтрүүлэх, хэрэгжүүлэх талаар судалдаг. 
 
-Шинэ ажилтнаас заавал асуудаг, голлох үүрэгтэй ямар асуулт байдаг вэ? 
 
-Асуултаас гадна миний хувьд боддог хэд хэдэн зүйл байдаг. Тухайн хүний хандлага их чухал. Хандлага нь сэтгэл, тэмүүлэл, тодорхой зорилго юм болов уу. Том компанийн хувьд ажлын байрны тодорхой соёл хэвшсэн байдаг. Байгууллагын хүмүүс бүгд нэг зорилготой байх ёстой. Ингэж амжилттай, үр бүтээлтэй ажиллана. Үндсэн зорилго адилхан байвал бүгдээрээ нэгдэж, нэг цул болно. Шинэ ажилтанд нээлттэй хандах, багийнхаа нэгэн гишүүн болгохын төлөө хамт олон гэж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шинэ хүнийг мохоож болохгүй, дэмжих, итгэл хүлээлгэх нь шилмэл арга. 
 
-Та өөртөө ямар шаардлага тавьдаг вэ? 
 
-Миний өөртөө тавьдаг зарчим бол бусдаас хүсдэг зарчим. Энэ бол үр дүн. Үр дүн өөрөө үзүүлэлт байдаг. Үр дүн, ялангуяа хямралын үед амархан ирэхгүй.  Үр дүн гаргахын тулд хүн өөрийгөө хөгжүүлж, шинэлэг санааг санаачилан, хэрэгжүүлж, бүтээлч байх хэрэгтэй.  Хүн өөрийгөө илүү сайн таньж, нээж чадвал бусдыг илүү сайн ойлгож амжилтанд хүрэх боломжтой. 
 
-Их ажлын хажуугаар ном уншиж амжиж байна уу? 
 
-Ном ажил, амьдрал, авч яваа бизнесийн маань нэг томоохон хөшүүрэг нь. Аль болох ном унших цаг өөртөө гаргаж байхыг боддог. Ном хүний ухааныг задалж, төлөвшүүлж, хөгжүүлж байдаг. Тэндээс хүн маш олон зүйлийг өөртөө авч, суралцаж болно. Хамгийн өгөөжтэй, өөртөө хийж буй хөрөнгө оруулалт бол ном унших тэр цаг. Хэчнээн завгүй, ажил ихтэй байсан ч хүн байнга ном уншиж, оюун бодлоо цэнэглэж байх хэрэгтэй. Аливаа зүйлд зорилго тавих юм бол шууд эхэл гэдэг. Зорилгоо тодорхойлж чадсан бол эхний алхамаа хийх ёстой. Номыг бол 4-5 цагийн дотор уншиж болох юм байна лээ. Долоо хоног бүр нэг ном уншаад байх боломжтой. Бид ном унших асуудлыг нүсэр ажил гэж хүлээж авдаг. Уншихгүй байгаагаа завгүй гэж өөртөө тайлбарладаг. Өглөө эрт ном унших бол хамгийн тохиромжтой цаг. Миний хувьд одоо бизнесийн шилдэг номуудын тойм уншиж байна. 
 
-Компанийн нийгмийн хариуцлага гэдгийг та хэрхэн хүлээн авдаг вэ? 
 
-Компани бол асар том хариуцлагатай нийгмийн нэгэн гишүүн байгууллага.  Компани нь үүсгэн байгуулагчид, ажилчид, харилцагчид, болон олон нийтэд хариуцлагатай. Чадварлаг ажиллах хүчин бэлтгэх, хамгийн оновчтой шилдэг шийдлийг харилцагчиддаа хүргэх, байгууллагын үүсгэн байгуулагчдад хөрөнгө оруулалтын өгөөжийг нь өгөх, тайлан балансаа үнэн шударга хөтлөж татвараа цаг хугацаанд нь төлөх, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, зарим төрийн бус байгууллага болон нийгэмд ээлтэй ажлыг зохион байгуулах, дэмжих хэмээн байгууллагын нийгмийн хариуцлага нь өргөн цар хүрээтэй.
 
-Эдийн засаг таагүй байна. Энэ нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж эхэлсэн. Ийм үед төр ямар бодлого хэрэгжүүлэх ёстой юм бол. Та бидэнд бодлоо хуваалцана уу? 
 
- Валютын ханшийн уналтаас болоод эдийн засаг улам эмзэг болж байна. Энэ үед Засгийн газраас нийгмийн чанартай зардлаа танах тухай нэг бус удаа ярьсан. Нэг талаар зөв боловч нөгөө талдаа асар их эрсдэл, ядуурал бий болгох сул талтайг бодолцох хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлтэй үед дундаж орлоготой буюу тэр тусмаа түүнээс доогуур орлоготой өрхийн амьжиргааны түвшин эрс мууддаг. Тиймээс иргэн хүний хувьд төр зорилтот бүлэгт хандсан байдлаар нийгмийн бодлогоо үр бүтээлтэй, үр дүн нь шууд харагдахуйцаар хэрэгжүүлэх учиртай.
 
Манайх эрүүл мэнд болон боловсролын салбарт ихээхэн анхаарах хэрэгтэй. Өмнөд Солонгос руу маш их хэмжээний валют урсгаж байна. Мөн боловсролын салбарт ч ялгаагүй. Улс бүрт л тухайн орны үлгэр жишээ болсон шилдэг сургууль, эрүүл мэндийн төв байдаг. Манайх ийм сайн сургууль, эмнэлэгтэй болох шаардлага, хүлээлт, эрэлт байна. Улс нам гэхгүйгээр мэдлэгтэй, ур чадвартай хүмүүсээ тогтвортой ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Гүйцэтгэл муутай, ашиггүй зардлаа халах ёстой. Тогтвортой хөгжил улс орны хувьд хамгийн чухал байдаг. Мөн эрүүл, өрсөлдөөнт шударга зах зээл, тийм сайн бизнесийн орчныг бий болгоосой. Төр бодитой, эргээд баялаг болох, түүнийг бий болгох салбартаа хөрөнгө оруулалт хийж, хөгжлийн чанараа сайжруулах нь үр дүнтэй. Гэхдээ судалгаа, тооцоо, үр ашигтай эсэхийг нэлээд сайн судалж байх хэрэгтэй. Манай улс илүү нээлттэй болох учиртай. 
 
-Бизнесийн орчин сайжирсан уу? 
 
-Сайжрах боломж их байна гэж харж байна. Сүүлийн жил гаруй хугацаанд, хяналт шалгалт аудит ихэсч байна. Түүнчлэн, салбарын тулгамдсан асуудлуудыг төрийн байгууллагууд түргэн шийдвэрлэж өгч чадахгүй байна. Нэгэн жишээ хуваалцъя. 2013 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ автомашиныг заавал оношлогоонд оруул хэмээх шаардлагатай бид тулгарч буй.  Өмнө нь үйлдвэрээс шууд ачигдсан, үйлдвэрийн баталгаат цоо шинэ тэргийг гааль нь хилээр нэвтрүүлсэн байхад ийнхүү шаардлага тавьдаггүй байсан.  Харин одоо улсын дугааргүй мөн даатгалгүй /оношлогоонд ороогүй болохоор дугаар мөн даатгал авах боломжгүй/ автомашиныг замын хөтөлгөөнд орохыг албадан шаардаж буй нь асар том эд хөрөнгийн эрсдэл дагуулдаг.  Уг нь бол тэр оношлогооны байгууллага нь гаалиас өөрсдөө шаардлагатай мэдээллийг нэхээд авах боломжтой байх ёстой.  Төрийн байгууллагууд хоорондоо илүү сайн уялдан харилцаа, хамтын ажиллагаатай байх хэрэгтэй нь энэ жишээнээс харагдаж буй болов уу.
 
Татвар төлөгчдөө дэмжих, өөрсдийн үйл ажиллагаагаа сайжруулахад төрийн байгууллагын мэргэжилтнүүд илүү сайн анхааран ажиллах шаардлагатай. Төрийн албан хаагчид, дарга мэргэжилтнүүдийн хариуцлагын систем бүтэц нь сайжрах хэрэгтэй юм болов уу хэмээн бодож байна.  Ер нь бол татвар төлөгч бидний үйл ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн дэмжин ажиллавал бидний ажлын бүтээмж сайжрах боломжтой.  Түүний дагуу бид эцсийн хэрэглэгчиддээ илүү сайн үйлчилгээ үзүүлэх боломжтой бөгөөд ашиг орлого нэмэгдвэл мэдээж улсад төлөх орлогын хэмжээ ч мөн даган өсөх боломжтой.
 
-Танай компани энэ оны бизнес төлөвлөгөөгөө хэрхэн зурагласан бэ? 
 
-Бидний хувьд мянга мянган харилцагч олох шаардлагагүй. Монголд жилд нийтдээ 30-40 мянган автомашин орж ирж байна. Эдийн засаг сайн байгаа үед бол арай өндөр тоо гарна. Өнөөгийн нөхцөлд бол байдал тийм ч сайн биш байна. Гэхдээ хямралтай гээд бид заавал хямрах албагүй. Хийж байгаа зүйлдээ бүтээлч байх ёстой. Манай компанийн хувьд сэлбэг засварын үйл ажиллагаагаа улам сайжруулах, шинэ харилцагчид олох, тэдэнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах чиглэлд анхаарч ажиллана. Бүх зүйл хумигдаад, зардлаа хасаад байвал ахиж дэвших боломжгүй. Ажилчиддаа боломж олгоё гэвэл тэлж байх л хэрэгтэй.  
 
-Та бизнесийг юутай зүйрлэдэг вэ? 
 
-Бизнес бол сорьсон боломж, өндөр хариуцлага.
 
 
 
 
 
Б.Баяртогтох