“IPO болон Давхар бүртгэл” сэдэвт чуулга уулзалт болно

“IPO болон давхар бүртгэл” сэдэвт чуулга уулзалтыг маргааш зохион байгуулах гэж байна. Чуулганаар Монголын хөрөнгийн зах зээлийн тулгамдсан асуудал, түүний цаашдын хөгжлийг хэлэлцэж, Японы туршлагаас суралцах, дотоодын компаниудтай санал солилцох аж.
 
Санхүүгийн зохицуулах хороо, ЖАЙКА болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж буй тус чуулганд Монголын ТОП-100 компани, үнэт цаасны компани, Засгийн газар болон холбогдох агентлаг, мэргэжлийн холбоод, олон улсын агентлаг болон хөрөнгө оруулагчдын төлөөллүүд оролцохоор болжээ. 
 
Энэ үеэр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, компанийн санхүүжилтийн асуудлууд, “IPO” буюу анхдагч зах зээлээр дамжуулан хэрхэн олон нийтэд хувьцаагаа санал болгож, арилжаалах замаар хөрөнгө босгох талаар голчлон хэлэлцэх юм байна. Мөн давхар бүртгэлийн ач холбогдол, Японы төрийн өмчит компаниудын хувьчлалын талаарх туршлага, Токиогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн бүртгэл, олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлсэн үндэсний компаниуд зэрэг сэдвээр сонирхолтой олон илтгэл хэлэлцүүлэх аж.