Газрын тосны салбарын түүхэнд шинэ хуудас нээлээ

Газрын тосны салбарын түүхэнд бичигдэхүйц “Петро Матад” ХХК болон “Бритиш газ” компанийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. 
 
Английн томоохон “Бритиш газ” компани “Сентрал азиан петролеум корпорэйшн”-тай өнгөрсөн сард хэлэлцээ хийснээр манай зах зээлд орж ирэх нөхцөл бүрдсэн.  Өөрөөр хэлбэл, “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “Бритиш газ” компанид хэсэгчлэн шилжүүлснээр салбарын цаашдын хөгжлийг тодорхойлогчдын нэг болохоор боллоо. Манай улсын газрын тосны салбарт Их Британийн гэрээлэгч компани нэгээр нэмэгдэж байгаа нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд мөн газрын тосны салбарт гуравдагч орны мэргэжлийн компани хамтран ажиллах чухал ач холбогдолтойг Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн хэллээ. 
 
Хоёр талын хэлж буйгаар геологи, уул уурхай, газрын тосны салбарт баримтлах хууль эрх зүйн орчныг шинэчилж хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдсэн учир дээрх хамтын ажиллагаа бодит ажил болж буй гэнэ. “Петро Матад” компани нь 2008 оны тавдугаар сараас Лондонгийн хөрөнгийн биржээр хувьцаагаа худалдаалах болсон. Компанийн гол хувьцаа эзэмшигч Петровис ХХК, Петро Матад ХХК нь олон улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа худалдаалах болсон Монголын анхны компани юм.
 
“Петро Матад” компанийн удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Оюунгэрэл: 
 
“Петро матад”-ын гол хувьцаа эзэмшигч “Петровис” компани Монгол улсын газрын тосны салбарыг гаднын бүрэн хамаарлаас гаргахад өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор 10 жилийн өмнө Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргасанаар газрын тосны эрсдэл ихтэй салбарт ажиллаж эхэлсэн түүхтэй. “Петро Матад” компани газрын тосны хайгуул олборлолтоор дэлхийд нэртэй “Бритиш газ” компанитай хамтран ажиллаж эхэлснээр түүхэнд шинэ хуудас нээж байна.  Тус компани манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхлэх нь байгалийн хий, газрын тосны хайгуулын салбарт чухал ач холбогдолтой. Хамтын ажиллагааны хүрээнд 2015, 2016 онд хайгуулын ажлыг хийж гүйцэтгэнэ. Түүнчлэн аюулгүй ажиллагааг эрхэмлэн томоохон компанийн туршлагаас суралцах болно. 
“Бритиш газ” компанийн олон нийттэй харилцах менежер Роб Макайр:
 
“Манай компани нь 20 гаруй оронд салбартай, 5200 гаруй ажилтантай бөгөөд дэлхий даяар гэрээлэгч байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг компани. Хайгуулын ажил нь манай компанийн цөм гэж хэлж болно. Тухайлбал, 17 жилийн хугацаанд 17 дэлхийн хэмжээний газрын тосны том орд нээсэн нь 500 сая баррель нөөцтэй юм. Тус хугацаанд манай газрын тосны суурь нөөц 3-17 тэрбум болж нэмэгдсэн. Монгол Улсын хувьд газрын тосны асар их нөөцтэй гэж харж байна. Иймээс ч хайгуулын эрхийн 78 хувийг “Петро Матад” компанитай хамтран эзэмших болсондоо баяртай байна. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2017 он хүртэл хайгуулын ажил үргэлжлэх юм. Энэ хүрээнд Монгол Улсад анх удаа өндөр нарийвчлалтай агаарын соронзон орны болон агаарын хэмжилтийн 2000 км-ийн гүнд 2D, 1500 км-ийн цоонын гео физикийн судалгааны ажлыг хийхээр төлөвлөөд  байна. Энэ хугацаанд “Петро Матад” компанийн үндсэн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэнэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Манай группын хувьд тогтвортой байдлыг хангаж урт хугацааны итгэлцэлийг бий болгон ажиллахыг эрхэмлэдэг. Бид цаашид аюулгүй байдлыг эрхэмлэн хамтран ажиллагч байгууллагатайгаа зөвлөлдөж хариуцлагаа ухамсарлан харилцан үр ашигтай ажиллах болно. 
 
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн:
 
“Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан хайгуулын болон бусад хөрөнгө оруулалтын орчин таагүй байгаа энэ үед манай улсад мэргэжлийн компани орж ирж байгаа нь газрын тосны салбарт булган сүүл дагуулах байх гэж билэгшээж байна. Түүнчлэн газрын тосны хууль эрх зүйн орчин сайжирч, гаднын хөрөнгө оруулалт татах эерэг орчин бүрдсэн гэдгийг энэхүү үйл явдал харууллаа. Английн томоохон “Бритиш газ” компани “Сентрал азиан петролеум корпорэйшн”-тай хэлэлцээ хийснээр “Богд-IV”, “Онги-V” гэх хоёр талбай болох Өвөрхангай, Баян-хонгор, Говь-Алтай аймгийн 10 орчим сумыг хамарсан талбайд хөрөнгө оруулж хайгуулын ажлыг хийх юм. Олон улсын жишигт нийцсэн байгаль орчинд ээлтэй техник технологи ашиглан амжилттай ажиллана гэдэгт итгэж байна. 

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Жейн Арнолд:
 
Гэрээлж буй хоёр компанийн хамтын ажиллагаа нь Британи, Монголын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол бүхий үйл явдал. Цаашилбал, Монгол Улс болон монголын ард түмэнд үр өгөөж өгөхүйц том алхам. Олон улсын шилдэг компаниудын хөрөнгө оруулалтыг татаж шилдэг туршлагыг нэвтрүүлснээр Британи улс хөгжсөн түүхтэй. Энэ хүрээнд шилдэг экспертүүдийг ажиллуулах, тэргүүлэгч компаниудын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн нөөц боломжуудыг нээх боломж бүрддэг. Энэхүү хамтын ажиллагаа нь олон улсад нэр нөлөө бүхий компаниудын хөрөнгө оруулах итгэлийг хүлээж чадахуйц улс гэдгийг харуулсан жишээ боллоо. 

Улсын их хурлын гишүүн О.Содбилэг:
 
Нийт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нь 30 орчим сая ам.доллар байгаа. Гэхдээ хамгийн гол нь энэхүү томоохон группын техник технологийн мэдлэг, хүн хүч, хайгуул хийх чадвараас туршлага солилцож буй нь асар том боломж. Бидний хувьд өмнө нь хайгуул хийгдэж байгаагүй учир газрын тосны салбарт том эрсдэл хүлээж маш том зориг гаргаж байна гэж харж байна. Өнөөдрийн үйл явдал бол бидний хувьд сайн мэдээ. Гэхдээ хайгуул хийснээр олборлолт хийх боломжтой гэсэн үр дүн гарах юм бол энэ нь дэлхийн хэмжээний мэдээ болох юм. Эрдэс баялгийн салбарын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед “Бритиш газ” компанийн хамтын ажиллагаа асар том итгэлцлийн үзүүлэлт. Түүнчлэн “Петровис” группын охин компани “Петро матад” компанийн бүх ажилчдын хичээл зүтгэл гэж үнэлж байна. 
 
"Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: 
 
Монголчууд бид бие биенийхээ амжилтад “өөриймсгөөр” баярлаж сурах хэрэгтэй. Манай улс өнгөрсөн хугацаанд нэг улсын бодлогод гараа бариулсаар ирсэн. Харин өнөөдөр гуравдагч хөршийн оролцоог бүрдүүлж буй энэхүү гэрээг үзэглэсэн үйл явдал манай улсын түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал боллоо. Түүнчлэн хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлж тэдний итгэлийг сэргээсэн үйл хэрэг болж байна. 
 
 
 
 
 
 

А.Бүрэнжаргал